Нийгэм

Д.Энхжаргал: Тан уухгүйгээр хануур хийлгэвэл тамирын цусыг нь гаргах аюултай

Нийтэлсэн

Дорно дахины уламжлалт анагаах ухааны эмчилгээний нэг болох хануур эмчилгээний талаар “Хасу манал” эмнэлгийн их эмч Д.Энхжаргалтай ярилцлаа.


-Дорно дахины анагаах ухаанд хануур заслын эмчилгээ хэдий үед үүссэн бэ, уг заслын тухай ерөнхий ойлголтыг анагаах ухааны талаас нь тайлбарлавал?

-Хануур засал нь монгол оронд бий болсон дорно дахины анагаах ухаанд үүссэн 2500 жилийн түүхтэй эмчилгээ бөгөөд ширүүн засалд ордог. Ханах гол судас нь 80 шахам судас байдаг. Монголчууд үүнээс 20 орчим судсыг ханадаг. Хүний биеийн гадарт ил харагдаж буй намжун судлыг хануурын багажаар ханаж хурсан муу цусыг нь гадагшлуулахыг хэлнэ. Нөгөө талаар хануур нь халуун чанартай төрөл бүрийн өвчнөөс сэргийлдэг. Жишээ нь, шарын халууны үед судлыг ханах нь маш  тохиромжтой. Цусны улаан эсийн мембран хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг биеэс зайлуулж, дархлалын эсийг хурдасгаж, шинэ залуу эсийг бий болгох ач тустай. Уламжлалт анагаах ухаан нь хүний мөн чанар, онцлогт нь тохируулж эмчилгээ хийдгээрээ давуу талтай. Таван цул эрхтэн нь таван цэцэгтэй. Элэгний цэцэг  бол нүд, уушгиных хамар, бөөрнийх чих, дэлүүнийх нь уруул байдаг. Энэ таван цэцгээр нь таван цулыг шинжиж болдог.

-Хануур эмчилгээг ямар өвчтөнд хийх заалттай байдаг вэ, түүнийг шинжин таних аргуудаас нэрлэнэ үү?

-Хануур заслыг хийхэд ойрын бэлтгэл, холын бэлтгэл хийх хэрэгтэй.  Холын бэлтгэлд цус ялгах танг уух нь цусыг шингэлж, муу цус, шар усыг ялгаж, эргэлтэнд орохгүй улаан эсийг ялгаж, эргэх ёстой улаан эсийг барьж өгдөг. Муу цусыг ханахад шууд харваж гардаг. Шингэн шаравтар өнгөтэй, муухай үнэртэй, цайвар эрээн, хөөстэй, салст өнгөртэй цус гардаг. Хануур хийхийн өмнө эмч оношилж, шинжиж, үзэж байж хийдэг. Ханахад учир бий тухайн хүнийхээ хий, шар, бадганыг оношилно. Оношлоход нөхцөл, орон байр, өвчин хэзээ хөдөлсөн, өвчний мөн чанар, өвчтөний нас, идээ ундаа зэрэг байдлыг шинждэг. Хануур хийхэд халуун чанартай өвчний үед л ханадаг бөгөөд өвчний эрт буюу хүндэрсэн үед ханах тохиромжгүй. Хануур засал хийхдээ шээсний шинжилгээг маш сайн харж шинждэг. Халуун шээс шар өнгөтэй, уур ихтэй, үнэртэй, жижиг хөөстэй, зузаан шар өрөм тогтсон байдаг. Бүлээн шээсний өрөм зузаан шар, усан мэт цагаан язмагтай байдаг бол хөрсөн шээс нь өтгөн шар өнгөтэй байдаг. Халуун чанартай өвчин нь гадар, дотор гээд хоёр шинжийг агуулдаг. Гадар шинжид арьс салст нь өөрчлөгдсөн, нүдний уураглаг бүрхүүл шарласан, өөхөн унжлагатай, биеийн арьс унжсан шинж ажиглагдана. Дотор шинжид халуурах, цээжээр өвдөх, ам цангах, уруул омголтох, хэлэнд зузаан шар өнгөр тогтох зэрэг шинж илэрнэ. Хижиг, сүрьеэ, яр, тулай, уяман, шар усны өвчний үед ханах нь үр дүнтэй байдаг. Хий, бадгана, хийн дэвтэй, галын илч буурсан, сэтгэцийн, мэдрэлийн өвчиний үед хануур хийхийг цээрлэдэг.

-Монголчууд хануур заслыг дуртай үедээ ам дамжсан сургаар сайн гэсэн хүн дээр очиж хийлгэж байгаа харагддаг. Хануур хийлгэхэд зурхайн ёс дэг байдаг уу?

-Хануурыг зурхайн ёсыг баримталж одон гараг, нар сар, цаг өдөр, жил ус гээд нарийн зохилдолгоотой хийдэг. Хануулж байгаа өвчтөн, ханаж байгаа эмч хоёр харш жилтэй бол ханаж болдоггүй. Яалт ч үгүй ханах шаардлагатай бол тарни уншиж ханадаг учиртай. Мөн жил усыг нь асууж ханах цаг өдөр өөр, өөр байдаг. Жишээ нь, сайн өдөр хануур хийхэд цус хүчтэй харваж гардаг. Тохиромжгүй өдөр хануулбал цус нь гарч өгөхгүй, өвчний урхаг нь үлдэх гээд байдаг талтай. Хүний бие организм  сав шим ертөнцөөс сансрын, шимийн, газрын гээд гурван төрлийн энергээр төлжиж байдаг. Сансрын гэдэг нь нар, сар, од, эрхэс тэнгэр, нутаг уснаасаа энерги авахыг хэлнэ. Шимийн энерги гэдэг нь бидний идэж, ууж байгаа идээ, ундаа байдаг бөгөөд биед хэрэгтэй бичил элементүүдээ хоол тэжээлээсээ авч байдаг. Газрын энерги нь бид дэлхийн соронзон орноос байнга энерги авч байдаг.

-Хануур хийхээс өмнө цус шингэлэх тан уудаг гэлээ. Ямар, ямар тан уудаг вэ?

-Хануур хийхэд цээрлэх өвчин байдаг. Боловсроогүй халууныг боловсруулчихаад ханах ёстой. Судас нь хийдсэн, судас дорой байгаа үед тан уучихвал хий судал дарагдаад ханахад боломжтой болдог. Хүн бүрийн бие организм өөр учраас танг өөр, өөр өгдөг. Уламжлалт анагаах ухаан нь аливаа өвчинг шалтгаанаас нь уг урхагаас нь эмчилдэг. Тамирын цусыг ялгахад шар тан уудаг. Хий халууныг боловсруулахад лидэрийн тан уулгадаг. Бадгана цусыг ялгахад мана дөрөв, лидэрийн танг өгнө. Хурмал өвчний цусыг ялгахад жүр үрийн тан тохирно. Боловсроогүй цусны цөвийг ялгахад мана, гандигар, лидэр танг уулгана. Тан уух ёс гэж байдаг. Нэг удаад нэг грамм танг 200 грамм усанд хийж ширгээж байгаад уудаг. Тан уухгүйгээр хануур хийлгэвэл тамирын цусыг нь гаргачихдаг. Тамирын цусыг гаргачихаар амин чухал эрүүл улаан эсүүд байхгүй болж хүний тамир улам сульдаж, ядардаг. Тиймээс иргэд маань эмчид үзүүлж байж хануулах хэрэгтэй. Цусанд буй улаан эс буюу хүчилтөрөгч нь цусанд буй хэрэгтэй элемен­түүдийг бүх эд эрхтэнд түгээж байдаг. Түүнийг гаргачихаад тархины цусан хангамжийн дутагдал, зүрхний титэм судасны дутагдалд хүрэх аюултай.

-Хануур хийлгэхэд анхаарах зүйлс юу байдаг вэ?

-Хануур хийхийн өмнө эмч үзэж оношилж, цаг өдрөө товлох нь чухал. Мөн өвчтөний сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Хүн гэдэг цусаа үзэхээрээ сандарна, айна, зарим нь ухаан алдана. Гаднаас даарч орж ирсэн, эсвэл өглөө өлөн гарсан тохиолдолд хануур хийхэд цус гардаггүй. Ханах засал хийхээс өмнө ханах оронг зөв тодорхойлж ханах хэрэгтэй. Дээр үед хануурын хутгаар ханадаг байсан бол одоо үед зүүгээр ханадаг болсон. Хутгаар ханах нь судсанд сорви тав үлдээж гэмтээж, судасны хана хатуурах аюултай. Энэ нь цусны бөглөрөл үүсгэх, харвалт болох магадлалтай тул аль болох зүүгээр хануулах нь зөв. Дорно дахины уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдэд нэг удаагийн зүүгээр ханадаг болсон. Мөн цусны шинжилгээгээ өгч хануур хийлгэх шаардлагатай. Ханах заслыг эмнэлгийн бус орчинд огт хийж болохгүй. Жирэмсэн хүн бага сартайд нь хануур хийлгэж болохгүй. Хүүхэд хөдөлж эхэлсний дараа хийж болно. Чихрийн шижинтэй хүмүүсийн судасны хананы наалдамхай чанар алдагдсан байдаг учир судас тасрах аюултай байдаг. Ханах засал нь буруудах, илүүдэх, дутуу­дах гэж байдаг. Хэрэв ханах заслыг хэтрүүлсэн буюу цус их гаргасан тохиолдолд хий босож ирдэг, цусны тамир доройтох, цус багадах, чих шуугих, толгой эргэх хүндрэл гардаг. Хүмүүс бие  өвдлөө хануулъя гээд ирдэг, тэр бүрийд ханаад байдаггүй. Хануур гэдэг нарийн төвөгтэй, ширүүн засал байдаг.

-Хануур засал хийсний дараа ямар дэглэм барих вэ?

-Хануур хийлгэсний дараа тостой, өөхтэй, хуурч хайрсан хоол идэхгүй.  Мөн даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Хөнгөн, шингэн, халуун шөлтэй устай, жигнэж болгосон хоол идэж хийг дарах хэрэгтэй. Явдал мөр тал дээр даарч хөрөхгүй, жиндэхгүй, салхи авахгүй байх хэрэгтэй. Хануур засал хийлгэсний дараа тангаа уухын сацуу нэг сар ширүүн хөдөлгөөн хийж болохгүй, хүнд хүчир ажил хийхгүй, бороо усанд  хөл гараа дүрэх, халуун наранд халах,  огцом уурлаж уцаарлахыг цээрлэнэ. Хануур хийсэн шархыг бохирдуулахгүй, цэвэр ариун байлгах хэрэгтэй. Муу цусыг дахин үүсгэхгүйн тулд архи, дарс исгэлэн идээ, ундааг тэвчих хэрэгтэй. Ханаад гарсан цусыг уламжлалтын эмч нар шинжлэх чадвартай байдаг.  Ханасан цуснаас гарсан цусны идээ бээр, салст, хэмжээ, үнэрээс шинжлээд дүгнэлт хийж, дараа, дараа­гийн эмчилгээндээ тусгаж эмчилдэг. Манай эмнэлэгт жил бүр ирж хануур хийлгэдэг хүмүүс ч бий. Хануур хийлгэснээр судсанд гүйх муу цусыг арилгаж, хавдрыг угаас нь хариулах, өвдөлтийг намдаах, үрэвслийг дарах, хүйтнийг ёроолоос нь бүлээсгэх, шархны ил хэлбэрийг дотор урхагаас нь эдгээдэг. Хануур засал тохирвол дороо үр дүн гарч тухайн хүний нүд нь нээгдээд, толгой нь хөнгөрөөд ирдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version