Эдийн засаг

Монгол Улсыг СААРАЛ болон ХАР жагсаалтаас ХАСААГҮЙ 0 Tweet

Нийтэлсэн

Европын Холбооны гишүүн улсуудын засгийн газруудыг төлөөлдөг институт болох Европын Холбооны Консулын албан ёсны вэб хуудаст 2020 оны 10 сарын 06-ны өдөр мэдээлснээр Монгол улсыг “Татварын талаар хамтран ажилладаггүй улсууд”-ын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан байна.

Татварын ил тод байдлыг нэмэгдүүлж, татварын шударга өрсөлдөөнийг баталгаажуулан, мөн татварын сайн засаглалыг хөгжүүлэх зэрэг зорилгуудын хүрээнд энэхүү жагсаалтыг бий болгох санаачилга гарган, 2016 онд жагсаалтыг баталжээ.

Монгол Улс 2017 оны 1 сард энэ жагсаалтад орж байв. Харин “улс төрийн өндөр түвшний үүрэг” хүлээсний үндсэн дээр Монгол улсыг энэ жагсаалтаас гаргалаа гэх талаар мөн тус Консулын албан ёсны вэб хуудас дээр 2018 оны 1 сарын 23-ны өдөр тус Консулын албан ёсны мэдээлснээр мэдээлж байв.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо (“ФАТФ”) – ийн “саарал жагсаалт”, Европын холбооны “өндөр эрсдэл бүхий гуравдагч улсууд”-ын жагсаалт буюу манайхны “хар жагсаалт” гэж нэрлээд буй жагсаалт нь өнөөдрийн энэ жагсаалтаас өөр жагсаалтууд

Одоогийн байдлаар, Монгол Улс энэ жагсаалтад эргэж орсон эсэх, эсхүл ийнхүү 2018 онд хүлээсэн үүргээ биелүүлсний үндсэн дээр Монгол Улсыг уг жагсаалтаас гаргах шийдвэр нь ийнхүү 2020 оны 10 сарын 06-нд албажиж буй эсэх нь тодорхойгүй байна.

Ямартай ч, 2020 оны 10 сарын 06-ны өдөр зарласан энэхүү шийдвэрийн үндэслэлд Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (“OECD”) –ийн Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцэд нэгдэн орж, батламжлах үүрэг хүлээснээ амжилттай биелүүлсэн гэж онцолжээ.

Энэ конвенцод нэгдэн орох тухай хуулийг 2020 оны 01 сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ баталгаажуулсан байна. Тэгэхээр, Монгол Улс ийнхүү татварын талаарх эрх зүйн орчноо сайжруулж, хүлээсэн үүргээ биелүүлснээр Европын Холбооны “татварын талаар хамтран ажилладаггүй улсууд” гэх жагсаалтаас гарч байна.

Гэтэл энэ үйл явдлыг зарим хүн “саарал” болон “хар” жагсаалттай андуурсан тохиолдлууд ажиглагдлаа. Тухайлбал, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо (“ФАТФ”) – ийн “саарал жагсаалт”, Европын холбооны “өндөр эрсдэл бүхий гуравдагч улсууд”-ын жагсаалт буюу манайхны “хар жагсаалт” гэж нэрлээд буй жагсаалт нь өнөөдрийн энэ жагсаалтаас өөр жагсаалтууд юм.

ФАТФ – ИЙН “СААРАЛ ЖАГСААЛТ” БУЮУ “ӨРГӨЖҮҮЛСЭН ХЯНАЛТАД БАЙХ УЛСУУД”-ЫН ЖАГСААЛТЫН ТУХАЙ:

ФАТФ гэх олон улсын засгийн газар хоорондын байгууллагаас гаргадаг “өргөжүүлсэн хяналтад байх улсууд”-ын жагсаалтыг албан бусаар “саарал жагсаалт” гэж нэрлэдэг байна. Тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой бодлого ямар байгаагаас хамаарч энэ жагсаалтад оруулах эсэхийг шийддэг байна.

Учир нь, ФАТФ нь олон улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмж, стандартуудыг гаргаж, эдгээрийг гишүүн улсуудынхаа дотоодын хууль тогтоомжид бататган оруулахад анхаарч ажилладаг байгууллага юм. Энэ байгууллагын гишүүн болсон 200 гаруй улсын засгын газрууд нь эдгээр зөвлөмж, стандартуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Монгол Улсын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” бодлого, систем, хууль тогтоомж нь үр дүнтэй бус буюу доголдолтой байна гэж үзсэн учир ФАТФ-ээс Монгол Улсыг тус саарал буюу “Өргөжүүлсэн хяналтад байх улсууд”-ын жагсаалтад оруулжээ.

Өнөөдрийн байдлаар манай улс энэ жагсаалтад байгаа хэвээрээ. Харин, тус байгууллагын төлөөлөгчид өнгөрсөн 7 хоногт манай улсад ирж холбогдох хяналт, шалгалыг хийсэн бөгөөд манай улсыг уг жагсаалтаас гаргах эсэхийг энэ сарын сүүлээр хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ “ӨНДӨР ЭРСДЭЛ БҮХИЙ ГУРАВДАГЧ УЛСУУД”-ЫН ЖАГСААЛТ:

Энэ жагсаалтад манай улсыг багтаах тухай Европын Холбооны шийдвэр 2020 оны 06 сард баталгаажсан юм. Энэ жагсаалт нь ФАТФ-н саарал жагсаалтын нэгэн адилаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой бодлого, систем, эрх зүйн орчныг үнэлж, дүгнэх зорилготой жагсаалт юм. Тэр ч утгаараа “ФАТФ-н саарал жагсаалтад орсон” нь Европын Холбооны энэ жагсаалтад орох 2 үндэслэлийн нэг нь юм.

Гэсэн хэдий ч, ФАТФ-н саарал жагсаалтаас гарлаа гэхэд энэ нь Европын Холбооны уг жагсаалтаас гарах үндэслэл болохгүй байна. Учир нь Европын Холбооны “өндөр эрсдэл бүхий гуравдагч улсууд”-ын жагсаалтаас хасахтай холбоотой зохицуулалтын дагуу Европын холбооноос үнэлгээ хийх хүрээнд хамаарах гуравдагч улс нь ФАТФ-ийн жагсаалтаас гарсан дангаараа Европын Холбооны энэ жагсаалтаас гарахад хангалтгүй байна. Тодруулбал, энэ хүрээнд багтах улсууд нь ФАТФ-н жагсаалтаас гарахаас гадна мөн Европын Холбооны үнэлгээнд хамрагдаж, давж гарах шаардлагатай байна. Европын Холбооны 2015/849 захирамжаар Монгол улс дээрх хүрээнд багтдаг байна. Өөрөөр хэлбэл, Европын холбооны “өндөр эрсдэл бүхий гуравдагч улсууд” гэх жагсаалт буюу бидний “хар жагсаалт” гэж нэрлэсэн энэ жагсаалтаас гарах ажиллагаа нь мөн тусдаа бөгөөд урт хугацааны процесстой ажиллагаа байна.

Иймд, Монгол Улс “саарал” жагсаалтаас ч тэр, “хар” жагсаалтаас ч тэр алинаас нь ч одоогоор гараагүй байна. Харин, 2019 онд татварын багц хуулийн шинэчлэлт хийж, мөн 2020 онд дээр дурдсан конвенцыг баталж, татварын эрх зүйн орчноо олон улсын стандартад нийцүүлэхтэй холбоотой дэвшилтэд алхмыг хийснээрээ Европын Холбооны “татварын талаар хамтран ажилладаггүй улсууд” жагсаалтаас амжилттай гарчээ.

Exit mobile version