Улс төр

Кино үйлдвэрлэлийг дэмжихэд Засгийн газрын тусгай сангаас жилд 10 тэрбум төгрөг зарцуулна

Нийтэлсэн

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2020.10.07/ хуралдаанаар Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав.
Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг ямар бодлогоор хэрхэн авч явж байгаа талаар болон тус санд төвлөрүүлэхээр тусгасан 10 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар тодруулж асуусан бол Улсын Их хурлын гишүүн П.Анужин цирк, кино үйлдвэр, кино театруудын менежментийн хувьчлалыг дагаад үйл ажиллагаа нь доголдсон учир тэдгээрийг сэргээх талаар ямар бодлого, чиглэл баримталж байгааг тодруулав.  Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ашиг олох зорилгоор арилжааны кино хийдэг ч өв соёл, түүхээ харуулсан кино хийгдэхгүй байна гээд өв соёл, түүхийг таниулсан киног захиалж хийлгэх, Кино урлагийг дэмжих санг хөндлөнгийн удирдлагатай болгох талаар болон тус сангийн менежменттэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх асуудлын талаар тодруулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат уран бүтээлчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь киноны дэд бүтцийн асуудал байдгийг дурдаад төрийн сан хөмрөгийг кинонд ашиглах зэрэг кино үйлдвэрлэлийн шатанд дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж асуув.

Соёлын сайд С.Чулуун гишүүдийн асуултад хариулахдаа, Кино урлагийг дэмжих, кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах үйл ажиллагаанд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу энэ ажлыг зохицуулах бөгөөд кино урлагийн дэд бүтцийг сайжруулахад жилд 10 тэрбум төгрөг төсөвлөнө. Энэ санхүүжилт тус санд хуваарилагдсан байгаа, ирэх жилээс эхлэн зарцуулах юм.

Цирк, кино үйлдвэр, кино театр зэрэг менежментийн хувьчлалаар хувьчилсан газруудын үйл ажиллагааг үндсэн зориулалтын дагуу явуулах нь Соёлын яамны өмнө тулгамдаж байгаа бодлогын асуудлын нэг. Бид циркэд очиж бодит байдалтай танилцсан. Энэ долоо хоногийн сүүлчээр кино үйлдвэрт ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцана гэлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, П.Анужин, Г.Мөнхцэцэг нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Гишүүд кино урлагийг хөгжүүлэх бодлогын асуудалд төрийн дэмжлэг зайлшгүй байх шаардлагатайг онцолж байв. Ингээд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгож  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулахаар тогтлоо.

Exit mobile version