Дэлхий

Халдварласан хүний тоо 2102-оор өсч, Испанид анхны тохиолдол бүртгэгдэв

Нийтэлсэн

Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 01-нд шилжих шөнө 2102 хүн коронавирусээр халдварлаж, нийт халдвар авагсдын тоо бараг л 12 мянга буюу нийт 11 мянга 791 болсны дотор нас барагсдын тоо 259 хүрээд байна.

Сүүлийн үед өвчний тархалт гайхмаар хурдан өсч байгаа нь дэлхий дахины санааг ихээр зовоож байна. Өмнөх долоо хоногийн нэгдүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө халдвар авагсдын тоо 65 хувиар нэмэгдэж, 27-ноос 28-нд шилжихэд дахин 30 хувь нэмэгдсэн билээ.

Эндээс бид өвчин өмнөхөөсөө илүү хурдан тархаж байгааг харж болохоор байна. Үүний нэг том шалтгаан нь өвчний халдвар авсан хүнийг оношлоход их цаг орж байгаа явдал юм. Зарим газарт өвчний шинж тэмдэг илрэхээс нааш халдвар авсан эсэхийг мэдэхгүй байгаа бөгөөд зарим оронд хэрэглэж байгаа оношлуур нь өвчнийг танихдаа удаан байгаагаас дээрх асуудал үүсч байна хэмээн эрдэмтэд үзэж байна. Уханий коммунист намын дарга энэ долоо хоногт шинэ, илүү мэдрэмжтэй оношлуур туршиж үзэх тухай ярьжээ.

ИСПАНИД АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Мөн өчигдөр/2020.01.31/ Испаны арлуудын нэг болох Ла Гомера арал дээр нэг хүн халдвар авсан нь тогтоогдсоныг Испанийн эрүүл мэндийн сайд зарлалаа.

Халдвар авсан иргэн Герман дахь халдвартай хүнтэй ойрын холбоотой багийн гишүүн байжээ. Мөн Ухань хотоос эх оронд нь шилжүүлэн авчирч, Мадридын эмнэлэгт тусгаарлаад байгаа Испанийн 21 иргэнээс одоогийн байдлаар өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХАЛДВАР АВАГСДЫН ТОО ХЭД ДАХИН ӨНДӨР БАЙЖ МАГАДГҮЙ

Хонгконгийн судлаачдын хийсэн судалгааны үр дүнгээс харахад албан ёсоор зарлагдаж буй тооноос хамаагүй өндөр буюу 75 мянга 815 орчим хүн халдвар авсан байж болзошгүй гэнэ. Судлаачид математикийн арга хэрэглэн тооцоолоход Уханьд халдвар авагсдын тоо 37 мянга 304-130 мянга 330-ийн хооронд гарах аж. Судлаачдын төлөөлөл Габриел Леун “Халдвар авсан хүний тоо бодит байдал дээр хамаагүй олон байж болзошгүй. Учир нь халдвар авснаа ч мэдэлгүй явж байгаа, мэдсэн ч эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүс олон бий” хэмээн ярьжээ. Мөн эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа өвчтөн тусгаарлагдалгүй гадуур явж, олон хүнд вирус тарааж буй нь ойлгомжтой бөгөөд эмч нар өвчнийг зөвхөн шинж тэмдэг илрэхэд нь л албан ёсоор бүртгэж авч байгаа юм. Судалгааны багийнхан эрүүл мэндийн байгууллага болон Засгийн газраас нарийвчилсан бүртгэл, өвчтөнүүдийн ойр дотны хүмүүс зэрэг нарийн мэдээллийг өгөхгүй байгаа учир өвчин цаашид хэр олон хүнд тархсан байх магадлалтайг тооцоход бэрх байгааг онцолжээ.

Эх сурвалж: cnn.com

Exit mobile version