Дэлхий
Дональд Трамп виртуал мэтгэлцээнд оролцохоос татгалзав
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээнийг виртуал орчинд зохион байгуулах санал гарсныг ерөнхийлөгч Дональд Трамп эрс эсэргүүцжээ.
Зохион байгуулагчид нь дараагийн мэтгэлцээнийг аравдугаар сарын 15-ны өдөр Флорида мужийн Майами хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Дональд Трамп коронавирусийн халдвар авсны дараа уг арга хэмжээг зайнаас зохион байгуулах санал гаргажээ.
Трамп, Байден нарын анхны халз мэтгэлцээн есдүгээр сарын 29-нд зохион байгуулагдахад өрсөлдөгчид нэг нэгнийхээ яриаг тасалж, дайралцаан, хэрүүл маргаанаар дүүрэн болж өнгөрсөн юм.
Үүнийг засахын тулд зохион байгуулагчид нь мэтгэлцээний форматыг өөрчилж, өрсөлдөгчид үгээ бүтэн хэлэх, хоорондоо зөрчилдөхгүй байх шийдэл боловсруулсан байна.
Эдгээр өөрчлөлтүүдийг Дональд Трамп эрс эсэргүүцэж, өчигдөр Fox Business сувагт оролцохдоо “компьютерийн ард сууж мэтгэлцэх нь инээдтэй хэрэг”, “ийм дэмий зүйлд цагаа үрмээргүй байна” гэх зэргээр ярьжээ.
Сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох юм. Үүнээс өмнө нийт гурван удаагийн халз мэтгэлцээн болох ёстой. Гурав дахь халз мэтгэлцээн аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах юм.
Одоогоор нэр дэвшигчид мэтгэлцээнийг зохион байгуулах арга хэлбэрээс гадна цаг хугацаан дээр өөр өөр байр суурьтай, нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Сүүлийн үеийн судалгаануудын дүнгээс харвал Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгчөөсөө илүү олон санал авах төлөвтэй байна.
Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нэр дэвшигчдийн рэйтинг ойролцоо яваа мужуудын санал эцсийн мөчид хаашаа эргэхээс хамаарсаар ирсэн түүхтэй юм.
Эх сурвалж: BBC