Эдийн засаг

П.Ганхүү: “Эрдэнэс Монгол” бол Монголын уул уурхайн хамгийн том холдинг компани гэсэн эхний мэссэж дэлхийд хүрсэн

Нийтэлсэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК манай уул уурхайн салбарын томоохон төслүүдийг нэгтгэсэн нэгдэл. Бид уг нэгдлийг хэрхэн харж, ямар ойлголттой явах ёстой вэ?

-“Эрдэнэс Монгол” нь уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн хувь эзэмшлийг үр өгөөжтэй явуулах зорилготой 2007 онд байгуулагдсан компани. Монголын нийт ард түмний компани гэж хэлж болно. Давуу эрхийн нэг ширхэг хувьцааг иргэн бүртээ эзэмшүүлнэ гэсэн Засгийн газрын шийдвэр ч гарсан байдаг. Нийт ард түмний эзэмшлийн компани гэдэг утгаар байгалийн баялгийн үр шимийг тэгш хүртээмжтэй байлгах, шударга, ил тод, эдийн засгийн механизмыг бүрдүүлж ажиллах онцгой үүрэгтэй компани. Мөн уул уурхайн төслүүдийг үр ашигтайгаар хөгжүүлэх зорилготой уул уурхайн томоохон төслүүдийг нэгтгэсэн холдинг компани.
-Дэлхийд Монголын нүүр царай болон ажиллах компани гэж ойлгож байгаа. Дэлхийтэй хэрхэн холбогдож ажиллаж байна вэ. Бүс нутгийн болон Зүүн хойд Азийн хөгжилд ямар байдлаар нөлөөлж, туршлагыг хэрхэн нэвтрүүлж ажиллах вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд уул уурхайн зарим бодитой төслөө хөдөлгөхөд анхаарч ажилласан. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой төслүүдийг удирдан хэрэгжүүлж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх, өөрөөр хэлбэл, гацаанаас гаргахыг нь гаргаж, бойжуулахын төлөө зүтгэсэн он жилүүд өнгөрсөн байна. Мөн олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татахад бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.

Бүс нутгийн хамтын ажиллагаанд бид маш идэвхтэй оролцох ёстой. Хэд хэдэн чиглэлээр хамтарч оролцох төслүүд манайд байгаа. Тухайлбал, эрчим хүчний экспортын Шивээ-Энержи төсөл. ТЭЗҮ нь гарчихсан, том хэмжээний цахилгааны станцыг барьж, эрчим хүчийг Хятад улс руу экспортлох төсөл. Энэ чиглэлээр Хятад улсын төрийн өмчийн дамжуулах сүлжээний хамгийн том “Стэйт Грийд” компанитай хамтран ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нөөцөөр баялаг орны хувьд СЭХ-ний том чадлын станц байгуулах, цэвэр эрчим хүчний экспортын чиглэлээр хамтын ажиллагаанд оролцоод явж байгаа. Өнгөрсөн жил ОХУ-ын “Роснефть” компанитай санамж бичигт гарын үсэг зурсан.

Бүс нутгийн хамтын ажиллагаанд нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн нийлүүлж оролцох нь маш чухал байна. Бүтэн эсвэл хагас боловсруулсан ямар нэг бүтээгдэхүүнийг олон улсын үйлдвэрлэлийг сүлжээнд нийлүүлэхийн төлөө явах ёстой гэсэн үг.

“Эрдэнэс Монгол” нэгдэл нь дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудтай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, “Рио Тинто” , Францын “Арева”, Хятадын цахилгаан дамжуулах томоохон шугамуудыг эзэмшдэг төрийн өмчийн хамгийн том “Стэйт Грийд” компани байна. Хамгийн сүүлд дэлхийн номер нэг байгалийн хийн “Газпром” компани ороод ирлээ

-Манай улсад энэ чиглэлээр ямар боломж харагдаж байна вэ?

-Эрдсийн түүхий эдүүддээ боловсруулалт хийгээд энэ сүлжээнд оролцвол боломжууд гарч ирнэ гэж харж байгаа. Зүүн Хойд Азийн хөгжил, хамтын ажиллагаанд эрчим хүчний чиглэлээр нэмүү өртөг шингэсэн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж оролцох боломжтой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэг хэсэгт л оролцож чадвал энэ нь тодорхой бизнес болж явах учиртай юм. 100 ширхэг детальтай бүтээгдэхүүний 1-2-ыг л манайх хийж нийлүүлдэг байх хэрэгтэй. Үүний төлөө бид зорих ёстой.

Машины бүх төрлийн агаар цэвэршүүлдэг шүүлтүүрт идэвхжүүлсэн нүүрс ордог.Тэгвэл нүүрсний нөөц арвинтай улс нүүрсээ хагас болон бүтэн боловсруулаад энэ сүлжээнд оролцъё. Улсаараа оролцоод явья. Бид өнөөдөр коксжих нүүрс, төмөр нийлүүлж байгаа. Мөн гангийн тодорхой хэмжээний боловсруулалт хийж байна. Үүнээс гадна өөр бүтээгдэхүүн нийлүүлэх талд анхаарах нь зөв гэж үзээд байгаа юм.

-“Эрдэнэс Монгол” бол хөрөнгийн удирдлагын компани. Хөрөнгийн удирдлагын компанийн бүтэц бүрэлдэхүүн, хүний нөөцийн бүрдэлт таны бодсон хэмжээнд байж чадаж байна уу?

-Хувийн хэвшилд хөрөнгийн удирдлагын чиглэлээр ажилладаг, гадаад, дотоодын зах зээлд хөрөнгө мөнгө босгодог, бодитой үр өгөөж бий болгодог боловсон хүчин цөөнгүй бий болсон. Манайх энэ чиглэл рүү явж байгаа. Хариуцлагыг сайжруулах, бүтээмжийг дээшлүүлсэн тогтолцоог бий болгоход анхаарч байна. Мэргэжлийн чадавхтай хүмүүс л хөрөнгө удирдана шүү дээ. Үүний тулд ЭМГЛ өөрөө хөрөнгөтэй байх ёстой. Манай компанийн анхлан байгуулагдахдаа тавьж байсан хөрөнгөтэй болгоё, боловсон хүчний нөөц бүрдүүлье, холдинг компани болно гэсэн том зорилго явц дунд саармагжсан. Хөрөнгөгүй, мөнгөгүй компани хэчнээн том зорилго тавиад явахгүй. Уул уурхайн компани бол өөрийн лиценз, эзэмшил хөрөнгөтэй байж гадаад, дотоодын зах зээлд нүүр бардам ажиллана.

Харин сүүлийн хоёр жилд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс маш том дэмжлэг үзүүлсэн. “Эрдэнэс Монгол”-ыг хөрөнгөтэй болгосон. Хэд хэдэн ордын лиценз, компаниудын хувийг шинээр нэмж эзэмшиж байна. Дараагийн шатны бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Хөрөнгөө яаж, хэрхэн удирдах талаар ярих боломжтой болсон гэсэн үг. Одоо харин хөрөнгөө хэнээр, хэрхэн яаж удирдуулах вэ гэсэн асуудал гарч ирсэн. Боловсон хүчний нөөц тодорхой хэмжээнд бүрдсэн.

Байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв (2020.08.25).

Төрийн өмчийн компанид урьд өмнө нь байгаагүй чадавхтай боловсон хүчний нөөц манайд дөрвөн хүн тутмын нэг нь байна. Хөрөнгийн удирдлага, олон улсын санхүү, хүний нөөцийн чиглэлээр гадаад дотоодод төгссөн том төсөл хэрэгжүүлэхэд оролцсон, туршлага хуримтлуулсан мэргэ­жилтэн цөөхөн ч гэсэн бий. Гэхдээ чадавхтай боловсон хүчний нөөц хангалттай биш. Цаашид энэ чиглэлээр ажиллах шаардлагатай. Хөрөнгөтэй болсон, одоо яаж удирдах вэ гэдэг нь тийм ч амар ажил биш. Хамгийн том тулгамдсан асуудал энэ болж байна. Гадаад дотоодод төгссөн, мэргэжлийн ур чадвартай мэргэжилтнүүдийг судалж, боловсон хүчний нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Өмнө нь сонголтгүй байсан шүү дээ. Одоо бол сонголт бий болж. Дээр нь олон улсын түвшинд ажиллаж буй залууст улс орныхоо төлөө сурсан мэдсэнээ зориулах, өөрийгөө сорих том боломж гарч ирж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэл нь дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудтай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, дэлхийд нэртэй “Рио Тинто” компани байна. Ураны чиглэлээр ажилладаг дэлхийн нэг номерын компани бол Францын “Орано”, Гүний уурхайн хамгийн сүүлийн үеийн технологитой Оюутолгой уурхай, Хятадын цахилгаан дамжуулах томоохон шугамуудыг эзэмшдэг төрийн өмчийн хамгийн том “Стэйт Грийд” компани байна. Хамгийн сүүлд дэлхийн номер нэг байгалийн хийн “Газпром” компани ороод ирлээ. Ийм аваргуудтай ажиллаад ирэхээр боловсон хүчний асуудал гарч ирж байгаа юм. Бид дотоодын компаниудтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар, мөн гадаадын хөрөнгө оруулагчид зэрэг олон талын оролцогчидтой хамтраад “Эрдэнэс Монгол” компанийг хөгжүүлж ажиллаж байна.

Нөгөө талаар эрдсийн төрөлжилт манайд байна. Алт, зэс, мөнгө, төмөр хүдэр, газрын ховор элемент, байгалийн хий, метан гэх мэт. Оролцогчид нь мөн л дэлхийн компаниуд. Нэг талд дэлхийн компаниуд, нөгөө талд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бүс нутгийн түвшний оролцогчид гээд олон төрлийн оролцогчдын сонирхлыг зохицуулсан удирдлагаар хангах болж байна. Ийм нэгдлийг удирдах, мөн дотор нь ажиллах нь хариуцлага, бас боломж юм.

“Эрдэнэс монгол” нэгдэлд эрх зүйн тусгай орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай. Манай компанийг төрийн өмчийн засвар арчлалтын нэг аймгийн жижиг компанитай адилхан хуулийн зохицуулалтаар явуулж болохгүй. Төрийн өмч гэдэг утгаар нэгдсэн зохицуулалт байх ёстой. Гэхдээ бодлого, цар хүрээтэй нь уялдсан хуулийн зохицуулалт хэрэгтэй

-“Эрдэнэс Монгол” нэгдэл дэлхийд хэр танигдаж байгаа вэ. Сингапурын Темасек, Казахстаны Самрук Казына, ОХУ-ын Газпром, Францын Арева гэдэг шиг?

-Эхний мессежүүд явж эхэлсэн. Рио Тинтогийн Оюутолгой төсөл дээр Монголоос “Эрдэнэс Монгол”, Францын “Орано” компанийн төсөл дээр Монголоос “Эрдэнэс Монгол”, ОХУ-ын Газпромтой хамтран ажиллах компани Монголоос “Эрдэнэс Монгол” гэхээр дэлхийн уул уурхайн салбарт манай нэр тодорхой түвшний, гэхдээ бүр томчуудын хүрээнд сонсогдож, яригдах болсон. Энэ бол бидний бахархал.

Дэлхийн хэмжээний төслүүдэд сонгогдоно гэдэг нь том боломж. Байгалийн хийн хоолойн төсөл бол бүс нутгийн төсөл. “Газпром” компанийн удирдлагууд “Эрдэнэс Монгол” Монголын хамгийн том холдинг компани юм байна. Сонгогдсонд баяртай байна. Та нар азтай байна. Бид дэлхийн нэг номер шүү. Хамтраад ажиллахдаа таатай байх болно” гэж хэлсэн. Энэ үг л биднийг тодорхойлж, бас хариуцлагыг ч ухамсарлуулж байгаа юм.

Бүс нутгийн хэмжээнд эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр Хятад, Япон, Солонгосын мөн л том компаниудтай хамтран ажиллаж байна.

-Дэлхийн томчуудтай харилцаж хамтран ажиллаж эхэлжээ. Алсыг харсан маш том зорилгын өөд явж буй толгой компани өнөөдөр хэдэн ажилтантай байна вэ? Данхгар бүтэцтэй, олон хүнтэй гэсэн шүүмж бодлого тодорхойлогчдын зүгээс хэлээд байгаа.

-Харах өнцөг гэж бий. Сүүлийн хоёр жилд компанийн бизнесийн үйл ажиллагаа хоёр дахин нэмэгдсэн. Үйл ажиллагааны цар хүрээг харах ёстой л доо. Бүтэц нь данхгар гэсэн шүүмж явсан. Анхаарах ёстой. Толгой компани 88 ажилтантай. Гэхдээ явуулж буй үйл ажиллагааны бүтэцтэй харьцуулахад 88 хүн гэдэг том тоо биш. Жижиг, дунд энгийн компанид байх ёстой хүний нөөцийн тоо явсаар 40-50 хүрчихдэг. Тооны асуудал нэгдүгээрт биш юм аа. Холдинг компани гэж харах нь зөв. Засгаас хөрөнгийг удирдах, том төслүүдийг явуулах хэмжээний боловсон хүчний нөөц бүрдүүлж ажиллах чиглэл өгсөн. Тэр хүрээнд ажиллаж байгаа.

ОХУ-ын “УЗТМ – КАРТЭКС” ХХК УК-тай Түншлэл, хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Харин толгой бүтэц дотор буй ажилтны чадавх ямар байна гэдэг нь өөрөө жинхэнэ асуудал. Бид одоо хүмүүсээ сургана, чадавхжуулна гэхээр хугацаа байхгүй. Засгаас хэрэгжүүлж буй гол хэдэн бодлого байгаа. “Эрдэнэс Монгол” холдинг компанийг дэлхийд гаргах, баялгийн үр өгөөжийг зохистой удирдаж, өсгөж үржүүлэх, дотоодынхоо төслүүдийг хөдөлгөх гээд том ажлууд хүлээж байна. Энэ ажлууд биднийг хүлээхгүй. Улс орны эрчимтэй хөгжлийн маш том бодлого явж байхад бидний амин хувиа бодсон эрх ашиг байх боломжгүй.

-Төрөөс танай компанийг бодлого, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж өгч чадсан уу? Хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ?

-Төрөөс ялангуяа сүүлийн хоёр жилд маш сайн дэмжсэн гэдгийг дээр хэлсэн. “Эрдэнэс Монгол” шиг хэмжээний ийм том зорилго тавиад, дээр нь ийм том бүтэц бүрэлдэхүүнтэй нөхцөлд төрийн дэмжлэг байхгүй бол явахгүй шүү дээ. Гэхдээ төрийн өмчийн холдинг компани гэдэг утгаар эрх зүйн орчин хангалттай сайн бүрдээгүй. Нэг талаас манай компанид маш том үүрэг даалгавар өгчихөж байгаа юм. Энэ том төслийг хөдөлгө, орлогоор нь тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг ч юм уу. Тэгвэл нөгөө талд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайтар бүрдүүлж өгөх учиртай.

Төрийн өмчийн компаниудын ерөнхий зохицуулалтын эрх зүйн орчин байна. Гэхдээ зарим зүйл дээр “Эрдэнэс монгол” нэгдэлд тусгайлсан эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай байгаа. Манай компанийг төрийн өмчийн засвар арчлалтын нэг аймгийн жижиг компанитай адилхан хуулийн зохицуулалтаар явуулж болохгүй. Төрийн өмч гэдэг утгаар нэгдсэн зохицуулалт байх ёстойг би үгүйсгээгүй. Мөн эрх ямба эдлэхийг хүсээгүй. Бодлого, цар хүрээтэй нь уялдсан хуулийн зохицуулалт хэрэгтэйг л хэлээд байгаа хэрэг. Манай компани энэ чиглэлээр Засгийн газарт санал хүргүүлсэн. Бусад улсад бол холдинг компани тусдаа хуультай байдаг. Сингапурчууд “Темасек”-ийн эрх зүйн орчныг тусгайлан бүрдүүлж, Үндсэн хуулиараа баталгаажуулж хамгаалсан байдаг бол Казахстаны Самрук Казына бие даасан хуулийн хүрээнд ажилладаг.

Хамгийн аюул багатай, өгөөж ихтэй төсөл бол алт-мөнгөний төсөл. Манай нэгдлийн мэдэлд алтны зургаа, мөнгөний дөрвөн орд бий.

-Сэтгүүлчийн хувьд улстөрчид, бодлого тодорхойлогчид “Эрдэнэс Монгол” нэгдлийг харах өнцгөө өөрчлөх шаардлагатай гэж хардаг. Учир нь хуучин сэтгэлгээгээр төрийн өмчийн л компани юм чинь бид дураараа загнах ёстой гэдэг ч юм уу, эсвэл өөрийн хүмүүсийг шахах, мөн өөр шахалт дарамт үзүүлэх үзэгдэл байсаар байгаа шүү дээ. Энэ сэтгэлгээ амь бөх оршсоор байвал “Эрдэнэс монгол” дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, дэлхийн стандартаар ажиллана гэхэд эргэлзээтэй санагдаад байна л даа.

-Бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр энэ бүх асуудал байхгүй болох юм. Манай компанид онцгой давуу гэхээсээ илүүтэй хийх гэж байгаа ажил, үүрэг хариуцлагатай нь дүйцэхүйц орчныг бүрдүүлэх нь чухал байна. Том хариуцлага үүрүүлчихээд нөгөө талд нь хариуцлагаа хүлээж ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөхгүйгээр шахаж шаардаад байж болохгүй. Том төслүүд хүнээс хамаардаг нь бага, явах механизмыг нь бүрдүүлж өгөх нь хамгаас чухал байдаг.

Цаашдаа ч улс төрийн хүрээний дэмжлэг маш их хэрэгтэй байх болно. Тиймээс нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Бидний хувьд ч ажлаа зөв ойлгуулах шаардлагатай. Том ажлыг томоор харж, томоор дэмжиж, томоор зүтгүүлж байж явна. Сүүлийн үед улстөрчид манай компанийг сонирхоод байгаа нь их сайн. Сайн, муугаар ярьж хэлэхдээ гол нь биш сонирхож байна гэдэг нь их чухал гэж би бодож байгаа. Ер нь хүмүүс энэ ямар бодлоготой, ямар алсын хараа руу явж, юу хийгээд байгаа компани юм гэж сонирхсоноор тодорхой хэмжээний ойлголт, мэдээлэлтэй болох юм.

-Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслийг, олон охин компанийг нэгтгэн удирдан чиглүүлэх бодлогод, хэрэгжилтэд ямар хүндрэл учирч байна вэ?

-Манай ихэнх төсөл гарааны түвшинд байгаа. Хөдлөхөд бэлэн төслүүд бий ч санхүүжилтын эх үүсвэр дутагдалтай байна. Энэ бол том хүндрэл. Ирээдүйд ашигтай ч эхлүүлэхэд нэлээд хөрөнгө мөнгө хэрэгтэй болдог шүү дээ. Хөрөнгийг удирдах зохицуулалтын механизмуудаа хийж чадсан, одоо төслүүдээ хөдөлгөх л шаардлагатай. Энэ чиглэлээр ажиллаж байна. Мэдээж мега төсөлд учирдаг хүндрэлүүд бол бий.

-Ямар гол төслүүддээ түлхүү анхаарч байна вэ?

-Хамгийн богино хугацаанд ашиг өгөх төслүүдээ эхэлж хөдөлгөнө. Бид хөрөнгө оруулалтын төслүүдээ тодорхойлохдоо эдийн засаг, санхүүгийн нарийвчилсан үнэлгээ хийж эрэмбэлсэн. Аль нь эхлээд богино хугацаанд, аль нь урт хугацаанд хэрэгжих юм гэж ангилсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал өөр болчихлоо. Ковидоос болоод дэлхийн эдийн засаг ч тодорхойгүй байдалд байна. Хөрөнгө оруулагчид хаашаа мөнгөө хийх вэ гэдгээ анхааралтай ажиглаж байна.

Хамгийн аюул багатай, өгөөж ихтэй төсөл бол алт-мөнгөний төсөл. Сүүлийн долоон жилд алтны үнэ нэлээд өссөн. Онцлог нь анхны хөрөнгө оруулалт өндөр биш, хөрөнгө оруулалтын эргэн төлөх хугацаа богино, ашигт ажиллагааны түвшин өндөр. Үнийн мөчлөг нь ч өнөөдөр таатай байна. Тиймээс алт, мөнгөний төслүүдээ явуулж, санхүүгийн хувьд тодорхой эс үүсвэр бүрдүүлээд тэр эх үүсвэрийг бусад төслөө санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна. Манай нэгдлийн мэдэлд алтны зургаа, мөнгөний дөрвөн орд бий. Харин хугацаа орсон, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах төслүүдээ өнөөгийн нөхцөлд хөдөлгөнө гэдэг бол хүндрэлтэй.

Манайд улс төрийн ч, эдийн засгийн ч тохироо нь бүрдэж байгаа үе гэж хараад байна. Улс төрийн хүсэл зориг байхгүй бол хэчнээн эдийн засгийн нөхцөл нь бүрдээд түүхий эдийн үнийн мөчлөг нь өндөр байгаад явдаггүйг бид мэднэ

-“Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагаа­ныхаа бараг 70 орчим хувийг ирээдүйд хэрэгжүүлэх ажлуудын бэлтгэлийг хангахаар зорьж ажиллаж байгаа. Бэлтгэл хэр базааж байна вэ?

-Бидний гол зорилго тодорхой. Хөрөнгө босгох. Дотоодын зах зээлээс хөрөнгө мөнгө босгох нь хязгаарлагдмал. Тиймээс олон улсын зах зээл рүү хандсан тодорхой ажлууд хийж байна. Бэлтгэлээ маш сайн базаах ёстой. Хөрөнгийн биржийн шаардлагуудыг сайтар биелүүлэх нь эхний шалгуур. Санхүүгийн хувьд ил тод, олон улсын аудитын компаниар санхүүгийн аудит хийлгэх, сайн засаглалтай байх гэх мэт.

Холдинг компанийн нэгдсэн санхүүгийн тайланг олон улсад нэр хүндтэй санхүүгийн том компаниар өнгөрсөн гурав, дөрвөн жилд хийлгэж ирсэн. Засаглалаа сайжруулах чиглэлээр АХБ-ны төсөл хэрэгжүүлээд явж байна. Холдинг компанийг удирддаг олон улсын схемүүдийг оруулж ирж байгаа. Энэ бүгд дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох ажлын эхлэл суурь юм. Тодорхой төслүүд дээр тухайлан хөрөнгө босгоход ч анхааран ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” олон улсад нэр хүндтэй том компаниар санхүүгийн аудит хийлгэж ирсэн. Энэ бол төрийн өмчит компаниудын хувьд том өөрчлөлт. Санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллаж байна гэсэн үг.

–Дэлхийн нэртэй компаниудаар санхүүгийн аудит хийлгээд явж байхад улстөрчид “Эрдэнэс Монгол-ыг” хардах сэрдэх хандлага гаргаж байгааг юу гэж ойлгох вэ?

-Ил тод, нээлттэй байж, хардлага төрүүлэхгүй байх ёстой. Хөрөнгө оруулагчид ил тод, нээлттэй төсөлд хөрөнгө оруулна. Тэд тухайн компанийн дотоод процессыг сайн мэдэхгүй учраас олон улсад нэр хүндтэй аудитын компанийн тайлан, дүгнэлтэд итгэж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Тэгэхээр бид олон улсын хэллэгээр хууль журмын дагуу ил тод нээлттэй явж байж хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээнэ. Түүнээс бид өөрсдийгөө хэчнээн сайн магтаж, сурталчлаад нэмэргүй.

Улстөрчдийн хардлага их байдаг. Аудитын компанийн хувьд олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг учраас хариуцлага гэж байгаа. Хариуцлагын баталгаа нь нэр хүнд нь болж буй тул нэр хүндээ сэвтээх тухай бодохгүй. Асуудал гарвал байгаагаараа гарна, байхгүй бол байхгүйгээрээ л гарна. Зөвхөн Монголтой харилцдаг компаниуд биш шүү дээ. Манай хүмүүстэй хуйвалдана гэсэн ойлголт ч байхгүй. Нэр хүндээ сэвтээх нь тэдний хувьд байж боломгүй асуудал.

-Хувийн хэвшилд байсан уул уурхайн зарим орд газар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ирсэн. Тухайлбал, Салхитын мөнгөний орд. Энэ нь хоёр талтай харагдаж буйг хүмүүс хэлдэг. Нэг талаас төр өмчөө өөрийн мэдэлд авч өөрөө менежмент хийж, эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэддээ ашгийг хүртээх зорилгыг дэмжиж байгаа. Нөгөө талд хувьд байсан лиценз, орд газрыг төр шууд мэдэлдээ авч байгааг буруушааж байгаа. Та үүнд тайлбар хийнэ үү.

-Гадаад, дотоодын хувийн ч бай, төрийн ч байсан тухайн улсын хуулийн дагуу л ажиллах ёстой. Тодорхой асуудалтай орд газруудаа төр мэдэлдээ аваад эргэлтэд оруулж, үр өгөөжтэй ажиллуулж, ашгийг иргэддээ хүртээе гэдэг л бодлого. Тухайлбал, Салхитын мөнгөний ордыг төр авч, ажиллуулаад орлогоосоо улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж ирсэн ахмадууддаа хүртээхийг зорьсон. Монгол Улсын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-аас хууль баталж, тэр хүрээнд Засгийн газрын тогтоол гарч хэрэгжсэн бодлого. Энэ хүрээнд ахмадуудын зээлийг тэглэж, баялгийн өгөөж хүртээх үүрэг даалгаврыг засгаас манай компанид өгсөн.

Асуудалтай ордуудыг төр аваад үйл ажиллагааг нь сайжруулж, эх үүсвэр бий болгоод явж байгаа нь төр муу менежер гэдэг ойлголтын эсрэг мессеж боллоо гэж үзэх үндэстэй. Түүнээс үйл ажиллагаа нь хэвийн орд газруудын лицензийг төр булааж авсан зүйлгүй. Стратегийн биш, хэн ч мэддэггүй ордууд шүү дээ. Салхитын мөнгөний ордыг төр авснаар өнөөдөр үйл ажиллагаа нь ямар явж байна, ямар эх үүсвэр гарч байна гэдгийг тооцох нь зөв. Тэгэхээр баялгийн хүртээмжтэй байдал, нэгдсэн удирдлагад тодорхой асуудлууд байжээ гэж үзэх үндэс байгаа юм. Ийм орд газрууд манайд олон бий.

“Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” ХК Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

-Танай компани баялгийн сангийн менежмент хийх том ажилтай болсон. Монгол Улсад тохирсон баялгийн сангийн менежментийг хийх арга замд хэр суралцаж, туршлага судалж, ажиллаж байна вэ? Бид ямар баялгийн сантай байхаар дүр зураг бууж байна вэ?

-Үндсэн хуулинд баялгийн санг бий болгож, баялгийн тэгш хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үндсэн суурь зарчим тусгагдсан. Энэ санг бий болгох бэлтгэл ажлыг хийж байна. Олон улсын туршлагыг улсаараа 10 гаруй жил судаллаа. Манай компанийг байгуулахдаа л Сингапурын Темасек, Норвегийн санг судалж эхэлсэн. Сайн болон муу жишээ олныг судалсан. Ямар хувилбараар байгуулах вэ гэдэг их чухал. Аливаа сангийн хамгийн чухал бодлого орлогыг хаанаас бүрдүүлэх вэ гэсэн асуултад хариу өгөхөд оршдог. Гэтэл бид өнөөдөр орлого хэрхэн олохоо шийдээгүй байж зарцуулалт ярьж маргалдаад эхэлчихсэн. Орлого бүрдүүлсний дараа хуваарилж, зарцуулах асуудлыг ярих ёстой.

Дэлхийн томоохон тухайлбал, Арабын орнууд, Казахстан, Сингапур, Норвегийн сангууд нь газрын тос, байгалийн хий гэсэн томоохон ордууд дээр суурилсан учраас богино хугацаанд босоод ирсэн. Хөрөнгийн эх үүсвэр маш хурдан бүрдэнгүүт бусад төсөлдөө хөрөнгө оруулалт хийж, сангаа томруулсан дүр зураг харагддаг. 2000 оноос хойш дэлхийд 30 орчим байгалийн баялгийн сан шинээр байгуулагдсан. Энэ нь байгалийн баялгийн түүхий эдийн үнийн мөчлөг хэлбэлзлийн үед эх үүсвэрээ хадгалах, нөгөөтэйгүүр байгалийн баялгийн өгөөжийг нэг санд төвлөрүүлэн удирдах бодлоготой холбоотой. Зөвхөн манайх биш, дэлхийн улс орнууд бүгд ярьж байна. Моодонд орж буй сэдэв л дээ.

Монгол Улсын хувьд Ирээдүйн өв сан гэж бий. Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрөөс орлого бүрдүүлдэг сан. Ирээдүй рүү, мөн зарим хэсгийг гаднын зах зээл рүү чиглүүлье гэсэн зорилготой хуримтлалын сан. Өнөөдөр тодорхой эх үүсвэртэй болчихсон, ирээдүй үедээ өв үлдээх зорилттой ажиллаж байгаа. Харин одоо баялгийн сангийн хэлбэртэй Хөгжлийн сангийн тухай ярьж байна. Санд төвлөрсөн орлогыг дотоодын уул уурхай, түүнийг дагасан дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт зарцуулах ёстой. Мөн эдийн засгаа төрөлжүүлэхэд зориулах шаардлага байна. Тухайлбал, ХАА-н том төслүүдийг төсвөөс санхүүжүүлэхэд амаргүй байна. Хөгжлийн томоохон төслүүдийг баялгийн сангаас санхүүжүүлдэг байя гэсэн ийм л зорилготой сан. Сангийн хөрөнгийг бий болсны дараа өсгөж үржүүлэн удирдах нь мэргэжлийн багийн хийх ёстой ажил.

”Эрдэнэс Монгол” нэгдэл энэ сангийн дийлэнх орлогыг бүрдүүлэх үүрэгтэй. Манай улс одоогийн байдлаар зэс, алт, төмөр нүүрсний нөөцөөр арвин. Баялагтай бол баялагтай. Гэхдээ манай баялаг өвөрмөц онцлогтой. Цаг хугацаа нэлээд ордог, газрын тос, байгалийн хий гэх мэт бусад баялагтай харьцуулахад орлого нь удаан хугацаанд хуримтлагддаг онцлог бүхий баялагтай улс. Цаг хугацаа, өгөөжийн хувьд ийм онцлогтой байгалийн баялгийн өгөөжөөр сангийн орлогыг бүрдүүлэх гэж байна. Баялгийн сангийн механизм бүрдүүлэх эрх зүйн орчныг өнөөдөр бий болгохоор ажиллаж байна.

Монголчууд өнгөрсөн 100 жилийн хугацаанд бүс нутаг дамжсан дэд бүтцийн хоёр том төсөлд гарын үсэг зурсан. Нэг дэх нь “УБТЗ” байгуулах гэрээнд Монголын талаас Маршал Х.Чойбалсан 1949 онд гарын үсэг зурсан. Хоёр дахь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах гэрээнд 2019 онд гарын үсэг зурлаа. Бүс нутгийг хамарсан сайтар тооцоолж оролцох ёстой том төсөл.

-Баялгийн сангаа сайн хөгжүүлсэн ямар жишээ байна вэ?

-Бид нөхцөл байдлаа харах ёстой. Шууд л Темасек, Норвегийн сан шиг гэж яримааргүй байна. Энэ сангууд 40-50 жилийг даван туулж ирсэн. Манайхтай төстэй нь Казахстаны Самрук, Казына гэсэн хоёр сан нийлж, 2007 онд байгуулагдсан Үндэсний баялгийн сан юм. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг нэгтгэсэн 24 охин компанитай холдинг. Тэд юун дээр алдаж онов гээд бид судалж байгаа. Бүх төслийг цуглуулаад явна гэж харахгүй байна. Дэлхийн банкны тайланд ч дурдсан нь бий. Баялгийн санг богино хугацаанд өгөөжөө өгөх төслөөс эхлэх хэрэгтэй. Урт хугацааны төслүүд та бүхнийг хүлээхгүй шүү дээ гэж. Өндөр өгөөжтэй төслүүдэд хөрөнгө оруулах гэхээр тэр нь манайд алт, мөнгөний орд газрууд байгаа юм.

Сингапурын Темасек шиг болохын төлөө бид цаашид зорих ёстой. Үүний тулд боловсон хүчний чадавх, нээлттэй байдал, үр өгөөжтэй менежмент шаардлагатай. Темасекийн хувьд бие даасан байдлыг нь хуулиар сайтар хангаж, баталгаажуулж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлсэн байдаг. Төрийн оролцоо багатай байх, мөн үүнийг дагасан хариуцлага, өөрөөр хэлбэл, том эрх мэдэл аваад ажиллаж буй бол хариуцлагын тогтолцоог нь ч бас сайн хийж өгсөн. Боловсон хүчний бодлого нь чадвартай мэргэжилтнийг сонгон шалгаруулж авдаг системийг бүрдүүлсэн учраас амжилттай явж байна. Бид Темасек шиг болохын тулд тодорхой шат даваанууд туулна. Үүнийг өнөөдөр ойлгож байгаа нь чухал

Нөгөө талд улс төрийн хүсэл зориг гэж байна. Тэгвэл манайд улс төрийн ч, эдийн засгийн ч тохироо нь бүрдэж байгаа үе гэж хараад байна. Улс төрийн хүсэл зориг байхгүй бол хэчнээн эдийн засгийн нөхцөл нь бүрдээд түүхий эдийн үнийн мөчлөг нь өндөр байгаад явдаггүйг бид мэднэ. Бид өнгөрсөн 30 жилд хэрхэн явж ирэв, оносон нь юу байна, алдсан нь юу байна, ялангуяа уул уурхайн салбар хэр хөгжив гэдгээ үнэлж, цэгнэх цаг болсон.

–Манай улсад хурдацтай хөгжих сайхан боломжууд тохиосны нэг нь ОХУ хийн хоолойгоо Монголоор дамжуулах эхний гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал. Энэ бол бүс нутгийн хөгжлийн хувьд ч, манай улсын геополитик бодлогын хувьд ч том боломж бас давуу тал. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Монголчууд өнгөрсөн 100 жилийн хугацаанд бүс нутгийн дэд бүтцийн хоёр том төсөлд гарын үсэг зурсан. Нэг дэх нь Монгол, Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан УБТЗ байгуулах гэрээнд 1949 онд гарын үсэг зурсан. Бүс нутаг дамжсан төмөр замын төсөл байсан. Хойд хөршийн хувьд төмөр замын бүтээн байгуулалт хийснээр 120 жил улс орны эдийн засгийг нь хөгжүүлж, ард иргэдэд нь үр өгөөжөө өгч ирсэн бол манайд 70 жил хөгжлийн суурь хүч болж ирсэн билээ.

Хоёр дахь том төсөл бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сибирийн хүч-2 байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах гэрээнд 2019 онд гарын үсэг зурлаа. Том үйл явдал. Бүс нутгийг хамарсан сайтар тооцоолж оролцох ёстой том төсөл. Бид 1990-ээд оны үед хийн хоолойг манай улсын газар нутгаар дамждаг болоосой гэж мөрөөддөг байсан. 2000-гаад оны үед манайхаар дайруулвал яасан юм бэ, газар нутгийн хувьд ойр дөт, хямд зардлаар барина гэсэн хүсэлтийг ОХУ-д байнга тавьж ирсэн. Өнөөдөр монголчуудын мөрөөдөл бодит болж, хийн хоолой манай нутгаар дайрахаар болж байна. Одоо ТЭЗҮ-ийг хийж эхэлсэн. Энэ сэдвээр янз бүрийн өнцгөөс ярих нь зөв. Гэхдээ биднээс хамаарал багатай, худалдан авагч талаас дийлэнх нь хамаарах төсөл.

Манай улсаар дамжих хийн хоолойн нийт урт нь урьдчилсан тооцоогоор 4500 км. ОХУ-аар 2800, Монголоор 980, Бээжинд 565 км яваад очно. Энэхүү том төсөлд багагүй хугацаа шаардагдана. Гэхдээ эхлүүлж байгаа нь хамгаас чухал юм.

-Манай улсад ямар үр өгөөж орж ирэх вэ?

-Дамжин өнгөрүүлсний төлбөрт жилдээ тэрбум ам.доллар болох урьдчилсан тооцоо бий. Хийн хоолойн хамгийн гол асуудал нь аюулгүй ажиллагаа. Тухайн орны улс төрийн тогтвортой байдал аюулгүй ажиллагаанд онцгой нөлөөлнө гэж үздэг. Манай улс төрийн тогтвортой байдал шийдвэрт эерэгээр нөлөөлсөн нь мэдээж. Ийм онцлог шинжүүдээр хийн хоолой манай газар нутгаар дамжин өнгөрөхөөр боллоо.

Дэлхийн болон бүс нутгийн томоохон төслүүд хэрэгжих боломж нөхцөлүүд, мөн улс төрийн хүсэл зориг, тохироо ч ийн бүрдэж байгааг би хувьдаа улс орон маань хөгжлийн дараагийн эргэлтийн шат дээр ирчихээд байна гэж харж байгаа. Ийм итгэл үнэмшил маань улам бүр батжсан. Бид энэ боломжийг алдаж болохгүй.

Эх сурвалж: mongolianeconomy.mn

Exit mobile version