Энтертайнмент
А.Баярцэцэг: Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн боллоо
Английн засгийн газрын Чевнингийн тэтгэлгийн эзэн болж тус улсад драмын чиглэлээр нэгт жагсдаг сургуульд магистрын сургалтаа амжилттай дүүргээд буй А.Баярцэцэгтэй цахимаар ярилцлаа. Тэрээр Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болсон талаараа болон тэтгэлэг хүртсэн түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм.
-Та Английн Эзэн хааны нэрэмжит Урлагийн Академид суралцаад магистрын зэрэгтэй төгсөж байна. Тус академийн сургалтын онцлогоос манай уншигчидтай хуваалцаач?
-Миний суралцаж буй “Royal Central School of Speech & Drama” сургууль нь драмын чиглэлээр улсдаа тэргүүлдэг. Хичээл өглөө 09:00-18:00 цаг хүртэл ордог. Яг л бүтэн цагийн ажил хийж байгаа юм шиг шахуу, түргэвчилсэн хөтөлбөртэй.
Манай сургууль практик сургалт сайтай. Кино жүжигчний ангийнханд зөвхөн онол заах бус практик дадлага, кино зураг авалтууд зэрэг байнга камертай, кинотой холбоотой практикт суралцуулж байдаг. Би сургуулийнхаа анхны монгол оюутан болсон. Цаашдаа манай монголын оюутнууд энэ сургуульд суралцаасай гэж хүсэж байна. Чевнингийн тэтгэлэг зарлагдсан байгаа учраас гадаадад сурах хүсэлтэй хүмүүсийг хичээгээд үзээсэй гэж зөвлөе.
Ихэнх тэтгэлгүүд хэлний оноог түрүүлж шаарддаг. Харин Чевнингийн тэтгэлэг хэлний оноо түрүүлж шаарддаггүй.
-Чевнингийн тэтгэлгийг хэрхэн хүртэж байв?
-Английн засгийн газраас эдийн засаг, уул уурхай, инженерийн чиглэлээр суралцах хүмүүст түлхүү тэтгэлэг олгодог байсан. Харин сүүлийн жилүүдэд урлагтай холбоотой буюу кино урлагтай холбоотой суралцахыг хүсэж буй оюутнуудад боломж олгож эхэлсэн.
Би гадаадад суралцахыг хүсэж буй бүх хүмүүсийг энэ тэтгэлэгт өөрийгөө сориод үзээрэй гэж хүсмээр байна. Ихэнх тэтгэлгүүд хэлний оноог түрүүлж шаарддаг. Харин чевнингийн тэтгэлэг хэлний оноо түрүүлж шаарддаггүй. Эссегээ түрүүлж өгөх хэрэгтэй. Ихэнх хүмүүс хэлний оноогүй гээд хойш суух гээд байдаг. Миний бие нэг жилийн хугацаанд маш их зүйлийг сурч мэдэж, олон шинэ хаалгыг нээж, үнэ цэнэ олж авлаа.
Би хоёр жил дараалж энэ тэтгэлэгт материалаа өгч байсан. Эхний жил эссендээ бүрэн анхаарч хүнээр хянуулахгүйгээр долоо хоног бичээд л өгч байсан. Тэгээд тэнцээгүй. Харин хоёр дахь удаагаа эссендээ маш их анхаарч хүмүүсээр хянуулж, зөвлөгөө авч, тэнцээгүй эссенийхээ алдаа дээр сайн ажилласан. Ингээд тэтгэлэгт тэнцэж, одоо магистрын нэг жилийн ангиа дүүргээд сүүлчийн хичээлдээ сууж байна.
-Миний бие уг тэтгэлэгт хамрагдсанаар маш гайхалтай боломжийг олж авч, үр өгөөжийг нь хүртсэн. Би өмнө нь Англид ирж байгаагүй. Энд ирснээс хойш сургуулиасаа маш их зүйлийг сурсан. Дөнгөж саяхан Английн “Коре менежмент” агентлагаас миний албан ёсны агент болох урилга ирсэн. Ингээд тэдэнтэй хамтарч ажиллаж эхэлснээр хувийн менежертэй болсон. Миний амьдралд гарч буй сайхан өөрчлөлт, өсөлт дэвшил чевнингийн тэтгэлэгтэй холбоотой. Энэ тэтгэлгийн хүрээнд Монголын маань олон залуус өөрийгөө шинэ түвшинд аваачаасай. Сурсан, мэдсэн зүйлээ эргээд эх орондоо хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
-Та дипломоо хэзээ гардан авч, төгсөлтийн баяраа хийх бол?
-Цар тахалтай холбоотойгоор төгсөлтийн баяр зохион байгуулах эсэхийг нь шийдэх байх. Уг нь бол жил бүрийн арванхоёрдугаар сард диплом гардуулах үйл ажиллагаа болдог. Энэ жилийн тухайд хэрхэх нь тодорхойгүй байгаа юм.
Гаднын том орнуудад харьяалагдах холбооны гишүүн болох нь олон давуу талтай. Мэргэжлээрээ ажиллахад холбооны зүгээс шаардлагатай мэдээллээр хангахаас гадна гишүүддээ тулгарсан асуудлыг нэгдсэн дүрэм журмын дагуу шийдвэрлэж, туслалцаа үзүүлдэг.
-Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болсон гэсэн. Танд баяр хүргэе. Уг холбооны талаар мэдээлэл өгвөл?
-Баярлалаа. Дэлхийд томоохон жүжигчдийн холбоонууд байдаг. Үүний нэг нь Английн мэргэжлийн жүжигчдийн холбоо юм. Үүнийг уран бүтээлчдийн нэгдэл ч гэж нэрлэж болно. Уг холбоонд зөвхөн мэргэжлийн жүжигчдээс гадна найруулагч, продюсерууд багтдаг. Миний хувьд мэргэжлийн жүжигчин гэсэн утгаараа гишүүн болсон. Гаднын том орнуудад харьяалагдах холбооны гишүүн болох нь олон давуу талтай. Мэргэжлээрээ ажиллахад холбооны зүгээс шаардлагатай мэдээллээр хангахаас гадна гишүүддээ тулгарсан асуудлыг нэгдсэн дүрэм журмын дагуу шийдвэрлэж, туслалцаа үзүүлдэг.
Монгол Улсад энэ төрлийн албан ёсны холбоо байхгүй. Харин цаашдаа уран бүтээлчдийнхээ эрхийг хамгаалсан энэ төрлийн холбоо бий болоосой гэж хүсдэг.
-Энэ холбоонд гишүүнээр элсэхийн тулд тодорхой шалгууруудыг хангах ёстой. Англичууд жүжигчний мэргэжлийг маш нухацтайгаар хүлээж авдаг. Тиймээс яг мэргэжлийн сургуулийг нь төгссөн оюутнуудад л холбооны гишүүн болох урилга олгодог. Олон улсын уран бүтээлчид энэ холбооны гишүүн болохын тулд тодорхой шаардлагуудыг хангах хэрэгтэй. Түүнчлэн тухайн уран бүтээлчийн өмнө нь олон улсын уран бүтээлүүдэд ажиллаж байсан гэх баталгааг шалгаж, гишүүнээр хүлээн зөвшөөрөх эсэхийг шийддэг. Үүнд мэргэжлийн жүжигчин гэдгээ баталсан хүмүүс л элсдэг.
-Хамгийн ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?
-Би сарын өмнө богино хэмжээний кино хийсэн. Коронавирустай холбоотойгоор кино багийнхантайгаа уулзах боломж байхгүй болоод цахимаар бүх зүйлээ амжуулсан. Энэ киногоо л юуны түрүүнд дуусгана гэж төлөвлөж байна.
-Цаг үеийн нөхцөлтэй холбоотойгоор ихэнх улс орон хөл хорио тогтоосон шүү дээ. Англид суралцахад коронавирусийн нөлөө хэр их байсан бэ?
-Цар тахлын нөлөө маш их байсан. Одоо бол коронавирусийн өмнө ба дараа гэдэг зүйл маргаангүй яригдаж байна. Манай сургууль өнгөрөгч гуравдугаар сараас хойш цахимаар хичээллэж эхэлсэн. Хөл хорио тогтоож гадуур гарч болохгүй болсон. Тиймээс бүх зүйл цахим хэлбэрт шилжсэн. Эхэндээ хичээлүүд цахимаар орно гэхийг манай ангийнхан дурамжхан хүлээж авсан. Харин одоо бол алсын зайнаас сурч, ажиллах нь боломжтой зүйл гэдгийг ойлгож байна. Би богино хэмжээний кино хийхдээ багийнхантайгаа дөрвөн сарын турш цахимаар харилцаж хийсэн. Кино зураг авалт хийх өдрийнхөө өмнөх өдөр л бие биетэйгээ уулзаж үзсэн жишээтэй.
-Ярилцсанд баярлалаа.