Дэлхий
Армени, Азербайжан улсууд харилцан гал зогсоохыг зөвшөөрөв
Армени, Азербайжан улсууд Нагорно-Карабах бүс нутгийн мөргөлдөөний үеэр түр зуур харилцан гал зогсоохоор тохиролцлоо. “Москва хотод арван цаг үргэлжилсэн хэлэлцээрийн дараа ийм шийдвэрт хүрсэн ба хоёр улс одоо бодитой яриа хэлэлцээр хийж эхэлнэ” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна.
Есдүгээр сарын 27-ноос эхэлсэн уг мөргөлдөөний улмаас 300 гаруй хүн алагдсан бөгөөд 70 мянган хүн дүрвэж, орон гэргүй болсон юм. Олон улсад Азербайжаны газар нутаг гэж хүлээн зөвшөөрдөг ч Арменичууд засагладаг Нагорно-Карабах бүсийн төлөө мөргөлдөөн гарсанд хоёр улс нэгнийгээ буруутгаж байв.
Гал зогсоох хэлэлцээрийн дагуу эхний ээлжид хоригдлуудыг солилцож, цогцсуудыг зөөвөрлөх аж. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Азербайжан, Армени улсууд нь 1988-1994 оны үед байлдахад 30 мянган хүн алагдсан бөгөөд 1994 онд гал зогсоох хэлэлцээр хийж байсан юм.
Эх сурвалж: BBC, AlJazeera