Энтертайнмент
Майкрософт компани 150,000 ажилтнаа байнга гэрээс нь ажиллуулахаар төлөвлөж байна
Коронавирусийн цар тахал өндөрлөж, хорио цээрийн дэглэм цуцлагдсан ч Майкрософт компани олон мянган ажилтнаа байнга гэрээс нь ажиллуулахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Тус компанийн 150,000 орчим ажилтан цаашид долоо хоногийн тал хүртэл хугацаанд гэрээсээ ажиллах боломжтой болох ба менежэр нь зөвшөөрсөн тохиолдолд бүтэн гэрээсээ ажиллах ч боломжтой болох гэнэ.
Энэхүү шинэ “hybrid workspace” төлөвлөгөө нь одоо батлагдах шатандаа явж байгааг тус компанийн дотоод эрх сурвалжууд мэдээлжээ.
Hardware буюу тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлтийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд зайлшгүй ажлын байранд ирэх хэрэгцээ гарах бол программ хөгжүүлэгчдэд гэрээсээ ажиллах боломж илүү нээгдэж байгаа гэнэ.
Коронавирусийн цар тахлын улмаас бий болсон гэрээсээ ажиллах горим цаашдаа АНУ-ын олон компанийн хувьд хэвийн үзэгдэл болж эхэлжээ.
Тухайлбал Твиттер компани бүх ажилтнууддаа тогтмол зайнаас ажиллах боломжийг олгох болсноо зарласан бол Фэйсбүүк компани нийт ажилтнуудынхаа 50 хүртэл хувийг ажлын байранд ирүүлэхгүй байхаар төлөвлөж эхэлсэн байна.
Эх сурвалж: Business Insider