Улс төр
Э.Батшугар: Сонгинохайрхан дүүрэгт дор хаяж 39 цэцэрлэг, 31 сургууль нэмж барих шаардлагатай
Улаанбаатар хотын нийт хүн амын тавны нэг нь амьдран суудаг, хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханд хамгийн сүүлийн хүн амын тооллогоор 93 мянган өрх, айлд 327 мянган хүн харьяалагдаж байна. Нийслэлийн баруун хоймрыг тэрчигт нь хамран суурьшсан энэ дүүрэг хүн амын тоогоороо бусад найман дүүргийнхээ дунджаас 2-3 дахин их. Тэр хэрээр тулгамдсан асуудал олон. Дэд бүтэц, бүтээн байгуулалт, ард иргэдийн амжиргаа, орлого, хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт гээгдсээр, хаягдсаар ирсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.
2020 оны НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн эдийн засагч Э.Батшугарт иргэд, сонгогчдын зүгээс ирж байгаа санал, хүсэлтүүд дотор амжиргаа, боловсрол, эрүүл мэнд гээд хүний наад захын хэрэгцээтэй холбогдсон асуудлууд зонхилж байна.
Улаанбаатар хотын дунджаар нэг цэцэрлэгт 314 хүүхэд, нэг сургуульд 1342 хүүхэд суралцдаг бол Сонгинохайрхан дүүрэгт нэг цэцэрлэгт 422 хүүхэд, нэг сургуульд 2896 хүүхэд суралцаж байна.
Тэдгээрээс жишээ болгож ганцхан асуудал, тодруулбал сургууль цэцэрлэгийн хүртээмж Сонгинохайрхан дүүрэгт маш том асуудал болж байна. Зөвхөн энэ дүүрэг ч биш Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаад байгаа асуудал боловч дараах тоо баримт танд нэгийг бодогдуулах болов уу.
Улаанбаатар хотын дунджаар нэг цэцэрлэгт 314 хүүхэд, нэг сургуульд 1342 хүүхэд суралцдаг бол Сонгинохайрхан дүүрэгт нэг цэцэрлэгт 422 хүүхэд, нэг сургуульд 2896 хүүхэд суралцаж байна.
Тэгвэл энэ тоог ядаж нийслэлийн дундажтай дөхүүлье гэвэл Сонгинохайрхан дүүрэгт одоо байгаа 116 цэцэрлэг, 27 сургууль дээр нэмээд дор хаяж 39 цэцэрлэг, 31 сургууль шинээр барих шаардлагатай байна гэсэн тооцооллыг тэрээр хийжээ.