Дэлхий
Гал зогсоох гэрээ үйлчилж эхэлсний дараахан Уулын Карабахын нийслэлд томоохон дэлбэрэлт боллоо
Баасан гарагт Армени, Азербайжаны талууд ОХУ-ын нийслэл Москва хотод 11 цаг орчим хугацаанд хэлэлцээ хийсний дараа Уулын Карабахт түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм.
Бямба гарагийн үд дундаас эхлэн дайтагч талууд галаа зогсоох ёстой байлаа.
Гэвч үүнээс хэдхэн цагийн дараа Уулын Карабахын нийслэл Степанакерт хотод долоон удаа дараалсан хүчтэй дэлбэрэлт болж, иргэдийг хоргодох байранд шилжүүлсэн байна.
Одоогоор дэлбэрэлт юунаас болсон, хэн үйлдсэнийг тодорхойлж чадаагүй байгаа аж.
Гал зогсоох гэрээ үйлчилж эхэлснээс хойш тавхан минутын дараа Азербайжаны тал довтолгоо эхлүүлж, хот тосгодыг бөмбөгдөж эхэлснийг Арменийн зэвсэгт хүчин мэдээлж байв.
Энэ үеэр Арменийн тал гал зогсоох гэрээг зөрчиж, Азербайжаны Тертер, Агдам мужууд руу буудаж эхэлснийг Бакугаас бас мэдээлжээ.
Москвад болсон уулзалтын дараа Арменийн гадаад хэргийн сайд Зохраб Мнацаканян гал зогсоох хэлэлцээ маш хүнд байдалд болж өнгөрснийг хэлээд Армени улс Уулын Карабахыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болгох хүсэлтэй байгааг илэрхийлжээ.
Азербайжаны гадаад хэргийн сайд Жэйхун Байрамов хэлэлцээрийн үеэр Арменийн талд хангалттай шахалт үзүүлж чадаагүйгээ мэдэгдсэн байна. Тус улс Уулын Карабахыг Арменийн салан тусгаарлагчдаас чөлөөлж, газар нутагт нь хяналтаа тогтоох хүсэлтэйгээ дахин дахин илэрхийлж байгаа.
Гал зогсоох гэрээний хүрээнд талууд олзны хүмүүсээ солилцож, тулааны талбараас амь үрэгдсэн хүмүүсийнхээ цогцсыг цуглуулахаар тохиролцсон юм.
Гэвч Москвагийн гал зогсоох гэрээ бодитой хэрэгжих магадлал бага байгаа нь дээрх үйл явдлуудаас харагдаж байна.
Есдүгээр сарын 27-нд Уулын Карабахт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас өнөөдрийн байдлаар 300 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган иргэн орон гэрээсээ дүрвээд байгаа юм.
Уулын Карабах нь Зөвлөлт Холбоот Улсын үед армени үндэстнүүд голлон суудаг Азербайжаны өөртөө засах муж байв.
Гэвч 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задрахтай зэрэгцэн Уулын Карабахт салан тусгаарлах дайн эхэлж, 1994 онд байгуулагдсан гал зогсоох гэрээний дараа тус бүс нутаг Бакугийн хяналтаас гарч, Арменийн засгийн газрын дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлийн захиргаан дор орших болсон юм.
Эх сурвалж: BBC