Улс төр
АТГ-аас Сонгинохайрханы удирдлагуудад хүнд суртлаа таслан зогсоохыг сануулав
Авлигатай тэмцэх газрын “110” тусгай дугаарын утсанд “Сонгинохайрхан дүүргийн хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар төрийн үйлчилгээ үзүүлэхдээ иргэдтэй зөв зохистой харьцдаггүй, шаардлагагүй бичиг баримт нэхдэг, өргөдөл, хүсэлтийг олон удаа бичүүлдэг, шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай өгдөггүй, ажлын цаг баримталдаггүй” гэх мэдээлэл иргэдээс удаа дараа ирсэн байна.
Тиймээс авлигатай тэмцэх газрын албан хаагчид газар дээр нь ажилласан байна. Ингэхэд дүүргийн хэмжээнд төрийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтын механизм бүрдээгүй, иргэдтэй харьцах байгууллагын соёлыг мөрдөж хэвшээгүй, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд ажиллаж байгаа “Ёс зүйн зөвлөл” нь ёс зүйн дүрмийн зөрчил гаргаcан албан хаагчдын талаар гомдол мэдээлэл хүлээн авах механизм бүрдүүлээгүй, ёс зүйн зөрчилд хариуцлагын арга хэмжээг авдаггүй, ёс зүйн дүрмийн талаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулдаггүй зэрэг олон зөрчил байсан байна.
Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд сурталтай төрийн үйлчилгээ, ёс зүйн зөрчлийг таслан зогсоох, “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж ажиллуулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн дагуу мэдээллийг олон нийтэд ил тод байршуулах, үйлчлүүлж буй иргэдээс үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын ёс зүйн хандлагын талаар санал асуулга тогтмол авч, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах зөвлөмжийг СХД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатарт хүргүүлжээ.
Б.Төгс