Дэлхий

Трамп ковид-19-ийн тухай хуурамч мэдээлэлтэй “эргэн ирлээ”

Нийтэлсэн

(CNN) Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажил руугаа эргэн орж, Дээд шүүхэд түүний санал болгосон Эми Кони Барреттыг Сенат-д хэрхэн хэлэлцэхээс шалтгаалан мөдхөн явагдах сонгуулийн сүүлчийн шатанд шинэ түлхэц гараад байна. Трампын вирустэй хийсэн тэмцэл “бүхэлдээ сөрөг” гарсан тухай баталгааг дэлгээгүй атал тэрбээр коронавирусээр өвчилснөөс хойшхи анхны уулзалтаа удахгүй хийнэ гэж өнгөрөгч ням гарагт мэдээлсэн нь халдварыг тархааж болзошгүй эрсдэлтэй алхам болон хувирчээ.

“Би халдваргүй болсон учраас “тулаанд үзэлцэхэд” маш сайн бэлтгэлтэй байгаа” хэмээн Трамп Fox сувгийн “Sunday Morning Futures”-д ярилцлага өгөхдөө дурдсан байна. Өөрийн эрүүл мэндийн талаарх ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараахан Трампын тусгаарлалтыг цуцалсан тухай түүний эмчийн мэдээлэл гарсан бөгөөд сэтгүүлчдийн тавьсан асуултуудад ямар ч хариулт өгөөгүй аж.

Даваа гарагт явагдсан Трампын уулзалт болон энэ долоо хоногт Пенсильвани, Айова, Хойд Каролинад болох үйл явдлууд нь түүнийг хэтийн ирээдүйдээ хэчнээн их санаа зовинож буйг илтгэж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөх хэрээр тэр өөрийн КОВИД-19 халдварыг ч үл хайхран, энэхүү цар тахалд илүү хариуцлагатай хандах талаар санаа зовнилгүй, зөвхөн эрх мэдлээ хэрхэн авч үлдэх вэ гэдэгт илүүтэй анхаарч байгаа бололтой.

Миннесотагийн Их сургуулийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Майк Остерхольм өнгөрөгч баасан гарагт CNN-д мэдээлэл хийхдээ, вирусийн тархалтыг хазаарлахад зайлшгүй шаардлагатай ихэнх арга хэмжээнүүдийг цуцалснаар маш аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байсан хэдий ч Трамп Флорида муж руу сонгуулийн кампанит ажлаа чиглүүлжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд гэхэд тус мужид халдварын 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Трампын уулзалтууд ихэвчлэн пиг дүүрэн оролцогчидтой болж байгаа бөгөөд тэдний ихэнх амны хаалт зүүхгүй байгаа нь түүний засгийн газрын журам шаардлагыг зөрчсөн үйлдэл болсоор байна. Өнгөрөгч сард Миннесотад болсон Трампын уулзалтад оролцогчдоос есөн хүнд коронавирусын халдвар илрээд байгаа аж.

Трамп өөрийн улстөрийн зорилгыг онцгой нөхцөл байдлын үед улс орноо удирдах албаны үүргээсээ өндөрт тавьж байгааг доктор Энтони Фаучи онцлон тэмдэглэжээ. Халдварт өвчний талаарх мэргэжилтэн тэрбээр CNN-д мэдээлэхдээ, өнгөрөгч гуравдугаар сард түүний Fox News-д өгсөн ярилцлагаас зөвшөөрөлгүйгээр, гол утга санаанаас нь салгах байдлаар тасдан авч хуурамч сурталчилгаанд ашиглаж байгаа явдалд эгдүүцэж буйгаа илэрхийлсэн байна. “Би 50 орчим жил төрийн алба хашихдаа хэзээ ч, хэн нэгэн нэр дэвшигчийг илтэд дэмжиж байсан удаагүй” хэмээн тэрбээр онцлон өгүүлжээ.

Трампын олон нийтийн санал асуулгад тааруухан үр дүн үзүүлж байгаа гол шалтгаан нь түүний цар тахалтай хийж буй тэмцэл бөгөөд өнгөрөгч ням гарагт CNN-ийн явуулсан санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 11 пунктээр илүүрхэн, долоон сая гаруй америкчууд аль хэдийнэ түүний талд саналаа өгчихөөд байгаа аж.

Вирусийн талаарх түгшүүртэй мэдээллүүд

Цар тахлын тухай бодит үнэнийг эхлээд үгүйсгэж, дараа нь ялимгүй багасгах маягаар хандсан ерөнхийлөгчийн шинэ оролдлого уг асуудлыг шийдвэрлэж чадаагүйг нь илтгэх бөгөөд ирэх өвөл эрсдэлтэй, аймшигтай нөхцөл байдал үүсэж болзошгүйг шинжээчид сэрэмжлүүлж байна.

Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээс харахад, одоогоор 30 мужид вирусын халдвар ихэсч, зөвхөн хоёрхон мужид буурах хандлагатай байгаа аж. Өнгөрөгч бямба гарагт гэхэд л, шинээр 54 мянган тохиолдол бүртгэгдэж, 618 хүн нас баржээ. Халдварын мэдээллүүдийн өндөр үзүүлэлт нь АНУ-ын зүүн хойд болон өмнөд хэсэгт өнгөрөгч хавар, зун дэгдсэн вирусын шуурганаас хавьгүй илүү хүчтэй аюул дэгдэх магадлалтайг илтгэж байгаа аж. Вашингтоны анагаахын сургуулийн дэргэдэх судалгааны Институтээс гаргасан сүүлийн магадлалаар, ирэх хоёрдугаар сарын 1 гэхэд АНУ-д коронавирусээр нас барагсдын тоо 395 мянгад дөхөж очно гэжээ.

Гэвч өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болон амралтын өдрүүдэд Трамп консерватив чиглэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цуврал мэдээлэл хийхдээ хямралын тухай өөрийн худал яриан дээр суурилсан хэвээр байв.

Кони Барреттыг Дээд шүүхэд нэр дэвшүүлсэн явдалд зориулан Цагаан ордонд хийсэн ёслолын арга хэмжээнээс хойш хоёр долоо хоногийн дараа Трамп өнгөрөгч бямба гарагт хэдэн зуун хүний өмнө үг хэлсэн байна. Тэрээр “Вирус устана, үүнд вакцин туслах болно” хэмээн өгүүлжээ.

Трампын эдийн засгийн ерөнхий зөвлөх Ларри Кудлоу ням гарагт болсон нөхцөл байдлын хуурмаг зураглалыг бас гаргасан байна. “Бид вирустэй зорилготойгоор, аюулгүй бөгөөд урьдчилан сэргийлэх маягаар тэмцэхэд суралцаж байна” гэж тэрээр өгүүлээд, Төлөөлөгчдийн танхимын ардчилагчид болон Сенат дахь хэсэг бүлэг бүгд найрамдахчуудын татгалзаад буй эдийн засгийн хөшүүргийн багцыг хөдөлгөхийг уриалсан аж.

Энгийн америкчуудад хүртээмжгүй ховор эм эмчилгээгээр вирусыг “ялсан” Трампын туршлага нь уг цар тахлыг амьдралд “давамгайлах” ёсгүй, тийм ч ноцтой өвчин бус гэх өөрийнх нь үзэл бодлыг бататгаад байгаа бололтой. Цар тахлаар халдварлагсдын дийлэнх нь эдгэрч байгаа хэдий ч хэдэн зуун мянган америкчуудын хувьд энэ нь хүндрэл үүсгээд байгаа билээ. Энгийн амьдралын горимд эргэн ирэх, амны хаалт зүүхийг хязгаарлах, сонгуулийн кампанит ажлын уулзалтууд дээр хоорондын зайг харгалзахгүй байх тухай ерөнхийлөгчийн “жор” нь ойрын хугацаанд хэдэн арван мянгаар халдварлах эрсдэлийг үүсгээд зогсохгүй, эмнэлгүүдийн ачааллыг ахин нэмэгдүүлж, эмчилгээний хүртээмж муугаас шалтгаалан олон хүмүүс амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Exit mobile version