Нийгэм

Стандартчилал хэмжил зүйн газрыг ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, УРАН САЙХАНЧИД НУРААХ НЬ

Нийтэлсэн

УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дээгүүр гишгэдэг том толгойтой Түр орлон гүйцэтгэгчид байгаа нь төрийн бодлогыг шууд сөрж, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг харлуулах аж. Тэр тусмаа Засгийн газраас үргүй зардлыг танаж, төсөвт сахилгатай хандахыг үүрэгдэж байхад хууль дүрэм зөрчин томилогдсон нэг Түр орлон гүйцэтгэгч татвар төлөгчдийн мөнгийг эрх дураараа салхинд хийсгэж байгааг эх сурвалж дуулгав. Тодотговол, Ө.Энхтүвшин Шадар сайдаар ажиллаж байхдаа өөрийн мэдэлд хамаарах Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газрын Дэд даргаар Б.Билгүүн гэх залууг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь Төрийн албаны олон хууль тогтоомжийг зөрчин, эсэргүүцэлтэй тулгарч байв. Гэтэл олон хууль тогтоомж зөрчин орж ирсэн түүнийг тус газрын даргын Түр орлон гүйцэтгэгчээр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг дахин дахин зөрчиж, үл тоосон хэрэг боллоо.

Засгийн газрын тохируулагч агентлаг гэдэг бол хэн нэгэн танил тал, дарга сайдын дэмжлэгээр томилогдсон урилгагүй нөхдийн удирдах байгууллага биш. Б.Билгүүнийг хэдийгээр Шадар сайд Я.Содбаатар томилоогүй ч нэгэнт түүний багцад байгаа учраас анхаарал хандуулахгүй бол энэ байгууллага дампуурлын ирмэгт очжээ. Байгууллагынх нь алба хаагчид ажил ярьж зөв­лөл­дөх гэхээр “Өөрөө мэдээд зохи­цуулчих” гээд сууж байдаг даргын Түр орлон гүйцэт­гэгч гэд­гийг ч дуулгасан. Б.Билгүүний хувьд Шадар сайдын шууд дэмжлэгээр орж ирсэн, мэргэж­лийн бус туршлагагүй гэдгээ үйл­дэл бүхнээрээ баталж байгааг доорх хэдхэн жишээнээс харж болно.

Засгийн шийдвэр сөрж, дарга нарынхаа өрөөг тохижууллаа

Засгийн газраас өрөө засаж тохижуулах нь бүү хэл цай, хоолны мөнгөнд ч гар татуу хандаж байхад Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын Түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн дарга нарынхаа өрөөг тохижуулж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж байгаад сал­барынхан шүүмжлэлтэй хандах болов. Үүгээр ч зогсохгүй ард иргэддээ үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалж байх ёстой бай­гуул­лага нь “засвартай” гэх шалтгаанаар хаалттай, иргэд нэвтрэх боломжгүй байгаа талаар олон нийт гомдоллож байсныг мэдэх байх. Түр орлож байхдаа ийн том толгой гарган, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг зөр­чин тансаглаж байгаа нөхрийг жинхэнэ даргаар томилох юм бол энэ байгууллагын ажил дам­пуурч таарна. Тэгэхээр Шадар сайд болон бусад холбогдох албаны­хан анхаарал хандуулах цаг нь болжээ.

Төсөв хөрөнгө үрж, хувцасаар жигдэрч гангарав

Стандартчилал, хэмжил зүйн салбарт хувцасаар жигдрэх, форм өмсөх ямар ч хууль, дүрэм байхгүй. Гэтэл Б.Билгүүн Түр орлон гүйцэтгэгч болсон даруйд ажилчдаа дүрэмт хувцас хийлгэж, хот хөдөөгүй гангарч, төсөв үрэн таран хийжээ. Яагаад гэхээр туршлагагүй, мэргэжлийн бус хүн энэ салбарт ямар ажил хийхээ сайн мэдэхгүй байгаа учраас ажил хийсэн болж харагдах гэж төсөв хөрөнгө үрж байгаа хэрэг. Түүнээс салбарын туршлагатай, мэдлэгтэй хүн эдийн засгийн хорио цээртэй үед яагаад ч ийм зүйл хийхгүй. Уг нь тус агентлагийг хариуцсан Шадар сайдын зөвлөхөөр С.Янжинсүрэн гэх эмэгтэй Ө.Энхтүвшингийн томилгоогооор өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэрээр эдийн засгийн байдал хүнд, цар тахлын урсгал дуусаагүй, засгаас бүхий л зардлыг хэмнэх тал дээр анхаарч байгаа үед “буруу” гэдгийг зөвлөх ёстой. Гэтэл зөвлөх С.Янжинсүрэн нь эсрэгээрээ шинэхэн форм өмссөн Б.Билгүүн Түр орлон гүйцэт­­гэгчтэйгээ баяр хөөртай зургаа татуулсан нь дэмжиж бай­­гаа мэт харагдана. Эрх бариг­­­чид маань ийм Түр орлон гүйцэтгэгчтэй, ийм зөвлөхтэй агентлагын ажил хаашаа явах нь тодорхой биз ээ.

Шахааны Түр орлон гүйцэтгэгч, уран сайханчдаар дүүрсэн агентлаг

Түр орлон гүйцэтгэгчийн хувьд ойлгомжтой. Нэгдүгээрт, мэргэжлийн бус хүн. Хоёрдугаарт, төрийн албаны дадлага туршлага байхгүй. Тэр тусмаа ажиллаж байгаа салбараа мэдэхгүй. Гуравдугаарт, Төрийн албаны шалгалт өгөөгүй. Дөрөвдүгээрт, Шадар сайд Ө.Энхтүвшингийн шууд дэмжлэгээр тус газрын Дэд даргаар, улмаар даргын Түр орлон гүйцэтгэгчээр томилогд­сон хүн. Тэгвэл тус агентлагийг хариуцсан зөвлөх С.Янжинсүрэн нь мэргэжлийн бус Түр орлон гүйцэтгэгчээ өөгшүүлэн ажил­лаж байгааг дээрх хууль бус үйлд­лүүдээс нь харж болно. Тэгвэл Стандартчилал, хэмжил зүйн газрын Тамгын газрын даргаар “Сүнс” хамтлагийн дуучин, бүжиг­чин Б.Эрдэнэзул ажилладаг. Ерөөсөө тарсан хамтлагийн гишүүд, тайзгүй болсон дуучид төрд хариуцлагатай алба хаших гэж нурааж байгаа хэд хэдэн жишээ байгааг хойшид ч дурдан сануулах болно. Нийгмийн чухал салбар болох энэ байгууллага хараа хяналт чанга байх учиртай ч ийнхүү дээрээ толгойгүй юм шиг ажиллаж байна.

Я.Содбаатар сайд өмнөх Засгийн газрын алдааг бататган давтаж болохгүй

Шадар сайд Я.Содбаатар энэхүү хууль бус томилгоог хийгээгүй ч өмнөх сайдынхаа алдааг бататган давтаж яагаад ч болохгүй. Шударга ёсны тэмцэл дор хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа гэх У.Хүрэлсүхийн Засгийн газрыг олон нийтэд шударга бус, хууль бус харагдуулж байгаа энэ мэт томилгооноосоо салчихвал Засгийн газрын ажилд иргэд олон нийт ам сайтай л байна. Ерөөсөө намыг ч бай, төрийг ч бай муухай харагдуулдаг зүйл бол хууль бус томилгоо, түүнийг тойрсон алдаа завхрал гэдгийг Ерөнхий сайд өөрөө чуулганы индэр дээрээс ч, Засгийн газрын хуралдааны танхимаас ч, иргэдийн дунд ч олон удаа хэлж байсан даа. Шадар сайдын багцад хамаарах агентлагын даргын Түр орлон гүйцэтгэгч ийнхүү гаргасан шийдвэрийнх нь эсрэг харж, төсөв үрж явааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэхгүй байх нь аргагүй. Шадар сайд Я.Содбаатар ч анзаараагүй байж болно. Тэгэхээр энэ мэт урансайханчид шахааны дарга нар чинь та нарын ажлыг харлуулаад зогсохгүй, тогтвортой байдалд ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Exit mobile version