Дэлхий
Удаан хамт амьдарсан хос хоёрын царай адилхан болдог гэх онолыг няцаажээ
Удаан хамт нэг гэрт амьдарсан хосын царай амьдралын туршид хоорондоо адилхан болдог гэсэн онол анх 1980-аад оноос яригдаж эхэлжээ.
Тодруулбал 1987 онд Мичиганы их сургуулийн сэтгэлзүйч агсан Роберт Зажонк цөөн хосын гэрэл зурагнууд дээр шинжилгээ хийсний эцэст ийм онол дэвшүүлж байв. Түүний онолыг шинжлэх ухаан батлаагүй бөгөөд судлаачдын дунд маргаантай сэдэв хэвээр байсан юм.
Саяхан АНУ-ын Стэнфордын их сургуулийн хэсэг судлаачид орчин үеийн технологи ашиглан дээрх онолыг батлахаар ажиллажээ.
Тэд нийт 517 хосын зургаас бүрдсэн мэдээллийн сан байгуулахдаа танилцсан эхний хоёр жилийн дотрох болон хамт амьдарсан 20-69 жилийн хугацаанд авхуулсан зургуудыг цуглуулсан байна.
Дараа нь тэд сонгосон нэг хүнийхээ зургийг бусад зургаан хүний зурагтай харьцуулж, хамгийн адилхан хосыг тодруулах даалгаврыг сайн дурынхнаар гүйцэтгүүлжээ.
Ингэхдээ харьцуулах зургаан хүний дотор жинхэнэ хосын нэгийг нь багтаасан байна.
Мөн ийм даалгаврыг хамгийн орчин үеийн царай таних технологитой программаар гүйцэтгүүлжээ. Хүмүүс удаан хамт амьдарснаар царай нь адилхан болдог гэх онол худлаа болохыг энэхүү туршилтаар тогтоосон байна.
Харин анхнаасаа хүмүүс хосоо сонгохдоо зөнгөөрөө өөртэйгээ адил төстэй царайтай хүнийг сонгодгийг олж тогтоожээ.
Энэхүү туршилтын тайлан “Scientific Report” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian