Улс төр
Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа.
Энэхүү батламж нь короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах эрхийг баталгаажуулах юм.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг Улсын онцгой комиссоос Нийслэлийн орон сууцны корпорацад албан ёсоор нэр нь очсон төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад орон сууцыг сонгон авах боломжийг олгож буй. Ингэхдээ орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдаж байгаа тухай батламжийг үндэслэж байгаа нь энэ аж.
Энэ хөтөлбөрийн онцлог нь:
- Иргэний орлогыг нь тодорхойлж, орлогод нь нийцсэн орон сууцыг жилийн 6 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатайгаар олгож байна.
- Иргэнд 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг тухайн өрхийн орлого болон сонгон авсан байрны үнийн дүнд нь нийцүүлэн олгох болно
- Хэрэв иргэн 15 жилийн хугацаанд ногдох өөрийн боломжит орлогын дүндээ багтсан орон сууц сонгон авбал урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй давуу талтай юм.
Одоогоор нийт 700 гаруй төрийн албан хаагч уг хөтөлбөрт хамрагдаад байгаа бөгөөд өнөөдөр таван байгууллагын 28 албан хаагч орон сууцны батламжаа гардан авлаа.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба