Нийгэм

Б.Ууганбаяр: Өнгөрсөн хугацаанд 24553 иргэн эх орондоо ирлээ

Нийтэлсэн

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Улсын онцгой комиссын шуурхай штабын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ.

Манай улс одоогоор нийт 81 улс руу 90 удаагийн тусгай нислэг үйлдээд байна. Мөн хилийн боомтуудаар иргэдээ татаж авсаар байгаа юм. Нийт 24553 иргэн эх орондоо иржээ. Тусгай нислэгүүдийг дурдвал, Өмнөд Солонгос руу 23, АНУ руу зургаан удаа, Турк улс руу дөрөв, Австрали руу тав, Хятад руу хоёр, Өмнөд Судан руу хоёр, Хонконг руу гурван удаагийн зэрэг тусгай үүргийн олон нислэг үйлджээ.

Аравдугаар сар гарснаас хойш найман удаагийн захиалгат нислэг хийсэн бөгөөд цаашид мөн олон нислэг байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ.

УОК-ын Шуурхай штабт иргэдээ татаж авах болон тусгаарлах байрны асуудлаар 18 мянга гаруй өргөдөл гомдол ирснийг шийдвэрлэжээ. Дөрвөн утас 24 цагаар ажиллаж, иргэдэд мэдээ мэдээллийг цаг тухайд нь түгээж, хамтран ажиллаж байна.

Түүнчлэн УОК орон нутагт нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдалтай холбоотой сургалт зохион байгуулж байгаа аж. Энэхүү сургалт нь хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд голомтод очиж тандалт, эрсдэлийн үнэлгээ хийх, шат шатандаа шийдвэр гаргахад чиглэнэ. Олон эх сурвалж дээр тулгуурлаж гаргасан шийдвэр оновчтой байх юм. Сургалтыг арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд бүх аймагт зохион байгуулж, төрийн албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, үндэсний хэмжээний бэлэн байдлын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа аж.

Мөн Шуурхай штабаас олон арга хэмжээг зохион байгуулна. Сургалтад иргэдийн оролцоо чухал гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хэллээ. Тэрбээр “Халдварт өвчин гарсан үед эрүүл мэндийн болон бусад арга хэмжээ, заавар зөвлөмжийг дэмжиж, ягштал дагаж мөрдөх, үндэстнээрээ баг болж аюул заналыг даван туулах хэрэгтэй” гэв.

Exit mobile version