Дэлхий

Орос, Америкийн сансрын нисгэгчид хамгийн богино хугацаанд Олон Улсын Сансрын Станцад хүрлээ

Нийтэлсэн

Орос, Америкийн сансрын нисгэгчид өчигдөр дэлхийгээс хөөрснөөсөө хойш ердөө гурван цаг гаруй хугацааны дараа тойрог замд дахь Олон Улсын Сансрын Станцад хүрсэн нь түүхэнд орох дээд амжилт болжээ.

Казахстаны Байконураас хөөрсөн Союз МС-17 хөлөг гурван цаг, гурван минутын дараа Олон Улсын Сансрын Станцын Оросын сегментэд амжилттай залгагдсан байна.

Өмнө нь дэлхийгээс хөөрсөн хөлөг тойрог замын станцад хүрэхдээ үүнээс хоёр дахин урт хугацаа зарцуулдаг байсан юм.

Оросын мэргэжилтнүүд сансарт хүн хөөргөхдөө анх удаа “хоёр-орбит” схемийг хэрэглэсэн нь ийнхүү амжилттай болсон байна. Энэ нь сансрын хөлөг дэлхийг хоёр удаа тойрсныхоо дараа Олон Улсын Сансрын Станцтай зэрэгцэж очсон гэсэн үг юм. Өмнө нь дөрвөн удаа тойрсны дараа хүрдэг байжээ.

Союз хөлгөөр Оросын сансрын нисгэгч Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков, АНУ-ын сансрын нисгэгч Кэтлин Рубинс нар аялсан байна.

Тэд одоо Олон Улсын Сансрын Станцад байгаа АНУ-ын Крис Кэссиди, Оросын Анатолий Иванишин, Иван Вагнер нартай нэгдэх юм. Шинээр очсон гурван сансрын нисгэгч тойрог замд 177 хоног ажиллах бол дөрөвдүгээр сард очсон өмнөх гурав нь ирэх долоо хоногт дэлхийд буцаж ирэх ажээ.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version