Улс төр

Ч.Хашулуун: Засгийн газар арилжааны зээлээс татгалзсан нь сайн ч хөрөнгө оруулалт татах талаар огт ярихгүй байна

Нийтэлсэн

МУИС-ийн дэд профессор Ч.Хашчулуунтай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцав.

-Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ удахгүй хэлэлцэж эхэлнэ. Монголбанк ч ирэх оны ажлын төлөвлөгөө буюу төрөөс мөнгөний бодлогын чиглэлд баримтлах үндсэн чиглэлээ УИХ-ын даргад өргөн барилаа. Сангийн яам, Төв банкны бодлогын уялдаа холбоог та хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засгийн хямралтай тэмцэх бидний мэдлэг чадвар ихээхэн нэмэгджээ. 2008-2009 онд бид маш хүнд хямралд өртсөн. Тухайн үед одоогийнх шиг их мэдээлэл цуглуулаагүй, бэлэн биш байв.

КОВИД-ийн улмаас манай эдийн засаг сүүлийн 30 жилийн хамгийн хүнд үеэ даван туулж байна. Азаар он дуусахад хоёр л сар үлдлээ. Дэлхий даяар ирэх онд түгшүүртэй хэвээр байна.

Төсвийн буюу сангийн бодлого, мөнгөний бодлого харьцангуй уялдаатай болсон. Засгийн газар эдийн засгийн өсөлт, ажлын байр хадгалах алхмуудыг авч байна. Төсөв алдагдалтай байгаа нь үнэн. Алдагдалгүй байвал мэдээж сайн. Эдийн засгийг бүр унагаахгүйн тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэхдээ хөрөнгө оруулалтын төслүүдээ олон нийтээр хэлэлцүүлэн, улс төрийн нөлөөг нь бууруулан, үнэхээр хэрэгтэй, үр ашигтай гэсэн төслүүдээ л авч үлдмээр байна. Жишээ нь хямралын үед дэд бүтцэд хөрөнгө зарах нь зөв үү? Үүний оронд эрүүл мэндийн салбараа дэмжих хэрэгтэй.

Эрчим хүч, зам, уул уурхайн яамд улс төрчдийн нөлөөгөөр хөдөлж чадахгүй болчихлоо.

Засгийн газар арилжааны зээлээс татгалзаж байгаа нь сайн хэрэг ч гадаадын хөрөнгө оруулалт татах талаар огт ярихгүй байна. Өмнө нь татаж болоод байсан атлаа одоо яагаад зогсов? Таван толгойн цахилгаан станцыг заавал төр барих ёсгүй. Хувийн хэвшил хийе гэхэд нь оруулаагүй. Хувийн хэвшил санаачилсан ТЭЦ5 төслийг арван жил хэлэлцээд зогсоосон. Метроны төсөл мөн нам унасан. Чойрын нүүрснээс хий гаргах, Багануурын станц, Төв аймагт барих цахилгаан станцын хоёр том төсөл, УБ-т барих станцын төсөл мөн нам зогслоо. Уг нь хувийн хэвшил тооцоо судалгаагаа хийчихдэг. Эрчим хүч, зам, уул уурхайн яамд улс төрчдийн нөлөөгөөр хөдөлж чадахгүй болчихлоо. Дотоодын хөрөнгө оруулагчдыг ч дэмжих нь зөв. Гадаад худалдааны бодлогыг огт хөндөхгүй байна. Энэ салбар эзэнгүй. Хууль нь тодорхойгүй. ОХУ-руу экспорт хийх боломж одоо ч байхгүй атлаа ОХУ-аас импорт авсаар байна.

Төсвийн орлогыг нэмэх арга хайж байгаа нь харагдаж байна. Улсын төсвийн орлого тасарсан тул татварын суурийг өргөтгөхийн тулд малын хөлийн татвар ногдуулах замаар бэлчээрийн доройтол, малын эрүүл мэнддээ хөрөнгө оруулах нь зөв.

Төв банк 2021 онд манай эдийн засаг 8 хувиар өснө гэв. Огцом унасан шигээ огцом өснө гэж тооцоолжээ. Харин Дэлхийн банк, АХБ 5 орчим хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцоолсон. Төв банк энэ сэргэлтийг дэмжих бодлого баримтлах юм байна. Инфляцыг +-6 хувьд барихаар төлөвлөжээ. Одоо улсын хэмжээнд 2 хувь байна. Инфляцыг онилох нь Төв банкны хуулиар хүлээсэн үүрэг.

Монголбанкнаас боловсруулсан, ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах төсөлтэй танилцахад ирэх онд эдийн засгийг өөд нь татах нь ээ гэсэн бодол төрж байна. Гэхдээ Сангийн яам, Монголбанкны улсын төсвийн ирэх оны төсөөлөл хэрэгжилтийн явцад зөрөх магадлалтай.

Ирэх оны 8 хувийн эдийн засгийн өсөлтийг үгүйсгэж болохгүй. Энэ онд инфляц 1.7 хувь болж буурсан нь сайн хэрэг. (Улаанбаатарын инфляц 1.4 хувь) Одоо санхүүгийн систем бүхэлдээ амралтын байдалд байна.

-Танд баярлалаа.

Exit mobile version