Нийгэм

Шавар, тоосго давхарлахаа хөгжил гэсээр дуусах уу!

Нийтэлсэн

Өндөр өндөр барилга барьж, өнгө хэлбэрээ өөрчлөхийг улс орны хөгжил хэмээх нь хэтэрхий өрөөсгөл ойлголт болсон ч манай бодит нөхцөлд үүнийг л хөгжил хэмээн давтан давтан улигласаар байна. Гэтэл сүүлийн үед хөгжлийн түвшинг дэлхий нийтээрээ зөвхөн эдийн засгийн өсөлтөөр бус хүний хөгжлийн асуудалд онцгой анхаарч, улс орны хөгжлөө тодорхойлох болжээ. Гэтэл Монгол Улс “Хүнээ хөгжүүлнэ” гэх боловч халамжийн төдий зүйлд анхаарал хандуулж, барилга байшин босгохоо хөгжил хэмээн эндүүрсээр байна.

Ерөөсөө улс үндэстний гол баялаг, хөгжлийн хүч, ирээдүйг тодорхойлогч үнэт зүйл бол хүн байдаг. Товчхондоо иргэн нь хөгжиж байж улс хөгжинө гэсэн энгийн ойлголт юм. Хэчнээн тансаг харш бариад түүн дотор харанхуй бүдүүлэг иргэн амьдрах боломжгүй тийм цаг үед бид ирсэн байна. Орчин цагийн дэвшилтэт технологи бүхий барилга байшин, тэрэг техник эзэмшихэд мэдлэг боловсрол хэрэгтэй. Хамгийн энгийнээр авч үзэхэд энэ бүхнийг эзэмшихэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Үүнийг хөгжсөн иргэн л авч явна гэсэн үг.

Техник, технологийн хөгжил асар хурдтай явж байгаа энэ үед иргэнээ хөгжүүлэх шаардлага бүхий л салбарт тулгарсаныг өнөөдрийн нийгэм шаардсаар байгааг эрдэмтэн мэргэд дурдаж байна.

Гэтэл бид өндөр барилга барьж, өргөн гудамж тохижуулж байгаагаа хөгжил хэмээн ойлгож аж төрсөөр байгаа нь дэндүү харамсалтай. Ардчилсан сонгууль өгч эхэлсэн цагаас хойш хөгжил гэдэг шавар, тоосго өндөрлөж барих, зам харгуй засах төдийнхнөөр ойлгож иржээ. Тэр тусмаа сүүлийн үеийн сонгуульд энэ байдал улам ч эрчээ авч байгааг өнөөгийн нийгмийн хандлага, иргэдийн хэрхэн аж төрж байгааг харуулсан хэрэг. Улс төрийн намуудын мөрийн хөтөл­бөрт хүний хөгжилд анхаарсан зүйл заалт байх ч энэ тал дээр ямар ч ажиллагаа явуулдаггүй. Хөрөнгө ч хаядаггүй. Ёс төдий “Сургана, боловсруулна, иргэдээ хөгжүүлнэ” гэх лоозонг тэргүүндээ залахаас өөр юу ч үгүй. Үүний оронд хүмүүсийн нүдэнд тусах зүйл босгож, мөнгө төгрөг амлах нь илүү оноо цуглуулдаг учраас хүний хөгжил гэх зүйл хаягдсан.

Яг энэ цаг мөчид Орон нутгийн буюу нийслэл дүүрэг, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Бүх намын нэр дэвшигчид өнөөх л орон сууц, зам, барилга ярьж байгаагаас хүний хөгжлийн тухай дурдахгүй байгаа нь харамсалтай. Бүр “Үнэгүй орон сууц өгнө” хэмээн сонгуульдаж байгааг юу гэх вэ. Уг нь бид иргэдээ хөгжүүлэхийн бол өндөр өндөр барилга зам талбай, өрх бүрийн халамж аяндаа бий болох зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй, төр засаг маань ч амарчлаад бодлого гаргахгүй байна гэхэд хэтийдэхгүй. Улс төрийн аль ч намд иргэдээ гарын дор байлгаж, зүдүүхэн амьдруулах нь ашигтай тусна. Хоолоо сойж, хэтэвчээ хоосолсон түмнийг хаашаа ч эргүүлж болдгийн жишээг бид олон жил харлаа.

Дэлхийн банкнаас жил бүр улс, орнуудыг нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээнээс нь хамааруулан бага орлоготой, дунд орлоготой (дундаас доогуур болон дундаас дээгүүр), өндөр орлоготой гэж ангилдаг. Мөн Нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн улс орнуудыг хүний хөгжлийн индексээр нь хүний хөгжлөөр нэн өндөр, өндөр, дундаж, бага гэж ангилдаг байна.

Үүнээс харахад манай улс нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээгээр 2019 онд 124 дүгээр байрт эрэмбэлэгдэж, 2015 оноос 17 байраар урагшилсан хэдий ч хүний хөгжлийн индексээр 92 дугаарт эрэмбэлэгдэж, хоёр байраар ухарсан үзүүлэлт бий. Энэ бол төрөөс хүний хөгжилд анхаарсан бодлого явуулахгүй байна гэсэн үг. Тэр тусмаа сүүлийн гучаад жил шилжилтийн үе, эдийн засаг, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гэснээс хүний хөгжилд анхаарсангүй. Үгүй болоод 30 жил болж байгаа ч ад үзэгдсэн хэвээр байгаа социалист нийгмийн үед бүтээн байгуулалт, эдийн засаг, хүний хөгжилд тэгш анхаарч байсан нь ололттой тал юм. Өдгөө ч нийгмийн дийлэнх салбарт энэ үед бодлогоор боловсорсон хүмүүс үнэ цэнтэй байгаа нь сүүлийн жилүүдэд хүн гэх аугаа ертөнц хаягдсан нэг жишээ юм.

Хүнлэг ардчилсан гэх авч хүнд зориулсан зүйл энэ нийгэмд цөөн. Хүнд зориулсан байлаа ч тэгш харилцаанд суурилсан зүйл алга. Бодит байдлаас авч үзэхэд өдгөө төлөвлөж хийж байгаа ажил ч хүний төлөө бус хэлбэр тоо ширхэг, ашиг орлогод суурилсан нь олон. Орон сууцны хороолол гэхэд шавж барьсан хотхон нэртэй ханаар тусгаарласан шавар тоосго л байна. Автомашины зогсоолоос эхлээд тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг гээд бүх зүйлийг орхигдуулж байгаа нь хүндээ анхаарахгүй байгаа энгийн жишээ.

Өдгөө мандан бадарч байгаа эрх баригч МАН 2016 оны сон­гуульд дэвшүүлсэн мөрийн хөтөл­бөрийн нэгдүгээр хэсгийн “Хүний хөгжлийн бодлого” гэх бүлэгт “Эрүүл Монгол хүн” зорилт гэж бий. Үүнд “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд”, “Цалинтай ээж” хөтөлбөр, “Насны хишиг” гэх мэт дийлэнхдээ халамжийн чиглэлийн зүйлийг “Хүний хөгжил” хэмээн халамжийн чиглэлд тодотгож өгчээ. Энэ бүх зүйл 2016 оноос хойш бүрэн хэрэгжсэн гэхэд болно.

Мэдээжийн хэрэг, Мөрийн хөтөл­бөрт “Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжил” гэх бүлэг бий. Түүнд “Багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалт, үйл ажиллагаанд хам­руулж, “Чадварлаг багш” хөтөл­бөрийг хэрэгжүүлнэ” гэсэн нь огт хэрэгжсэнгүй. Харин нийгэмд илүү хурдан түгэж тэдэнд оноо цуглуулж өгөх учраас  энэ хэсэгт заасан багш нарын цалинг үе шаттай нэмсэн.

Мөн “Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуу­лийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно” гэх үндсэн агуулга бүхий заалт бол эсрэгээрээ явсан. 2016 оноос хойш хамгийн олон улс төрийн томилгоо хийсэн салбар бол боловсролын салбар, түүний сайд. Үүнд 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барих, цай хоолны төсөв нэмэх зэрэг асуудлыг бол шийдээд л явж байгаа ч өнөөх л “хүний хөгжил” гэх үндсэн бодлого, агуулгын талаар огт дурдсангүй. Жишээ нь, “Хичээлээс гадуурх сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сон­гон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлнэ” гэх заалт байдаг ч өнөөдөр хүртэл кембрижд, үндэсний хөтөлбөр гэсэн маргаанаа эцэслэн шийдэж чадалгүй тав дахь жилийнхээ нүүрийг үзлээ.

Тэгвэл АН-ын мөрийн хөтөл­бөр ч ялгаагүй. Ерөнхий нэрнээс харахад цааш дурдахын ч хэрэг­гүй. Тэд “Хүн бүрд орлого, өрх бүрд өсөлт” гэх мэтээр нэг их мөнгө төгрөгтэй баян чинээлэг амьдруулах тухай ярьж, та нэн ядуу амьдарч байгаа шүү гэх доромжлолт сануулгаа өгөхөөс хэтрэхгүй мөрийн хөтөлбөр танилцуулсан. Мөнхүү МАХН гэх мэт гуравдагчдын мөрийн хөтөлбөр ч хүний хөгжлөө орхиж, орон сууц олгоно гэх мэтээр доромжлон дайрна. Зүй нь бол “Иргэн таныг боловсролтой болгон хөгжүүлж, боловсрол мэдлэгт тань түшиглэн, орон сууцтай болгох орлого бүхий ажлын байр гаргаж өгөх” гэх мэт түгээмэл тунхагаас бодит байдал руу явах учиртай ч бүх улс төрийн намууд маань “Таны аманд хоол хийж өгнө” гэсэн уриа лоозон л явуулна. Хэрвээ энэ хандлагаа өөрчилж, хүндээ анхаарахгүй бол ирээдүй тун бүрхэг харагдана.

Эх сурвалж: Өглөөний сонин

Exit mobile version