Улс төр
Л.Оюун-Эрдэнэ сайд хүчгүйдэв
“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг энэ сарын 12-нд томилсон юм. Энэ томилгоо олон хүний анхаарлыг татав. Учир нь Д.Хаянхярваа гишүүн Дарханчуудыг төлөөлөн олон жил парламентад суусан туршлагатай ч МАНАН бүлэглэлийн гол төлөөллийн нэг хэмээн зарим нь шүүмжлэв. Тэрээр 2008-2020 оны хооронд УИХ-ын гишүүнээр тасралтгүй ажилласан.
Өндөр боловсролтой, шинэлэг сэтгэлгээтэй залууст итгэл хүлээлгэн, төрийн өндөр албан тушаалуудад томилсон Л.Оюун-Эрдэнэ сайдын өмнөх шийдвэрүүдээс энэ томилгоо эрс зөрсөн юм. “Эрдэнэс Монгол” компани төрийн өмчит уул уурхайн компаниудыг дээвэр дороо нэгтгэсэн ч УУХҮ-ийн сайд биш ЗГХЭГ-ын шууд харьяанд ажилладаг. Иймд Д.Хаянхярваа даргын томилгооны талаар Л.Оюун-Эрдэнэ сайдаас тодруулахад дараах тайлбарыг өгөв.
-“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулах хүсэл надад байсан. Учир нь энэ компани Үндэсний баялгийн санг арвижуулах учиртай. Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг тус компанийн хуулийн хэлтэс боловсруулсан. Иймд парламентын гишүүн байсан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан хүн энэ хуулийг батлах нь зөв гэж надад тайлбарласан.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд хүчгүйдэн, танхимын зарчмаар ажилладаг Засгийн газрынхаа шийдвэрийг дагахаас өөр аргагүйд хүрчээ.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ
“Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн хуулийн төслийг зургаан жилийн турш боловсруулж байна. Байгалийн баялаг бол гаднаас орж ирж байгаа их хэмжээний валютын мөнгөн урсгал буюу бидний зэс, нүүрсээ зарж олсон орлого юм. Уул уурхайн энэ орлого эдийн засагт халалт үүсгэдэг. Үүний сөрөг нөлөөгөөр голланд өвчин, баялгийн хараалын шинж тэмдэг манай эдийн засагт үе үе илэрдэг. Гаднаас ирсэн, их хэмжээний мөнгөн урсгалыг дотоодын эдийн засагт зөв шингээж, халалтаас сэргийлэх арга хэрэгсэл нь баялгийн сан байх учиртай. Улс төрийн нөлөөлөл, хандлага, хөрөнгийн зарцуулалтын улмаас сүүлийн 12 жилийн турш “Эрдэнэс Монгол” компанийн хуримтлалыг зөв механизмаар, тогтвортой, урт хугацаанд өсгөх боломж байгаагүй тул Баялгийн санг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга механизмын дагуу байгуулах, үүний тулд бие даасан хууль батлах ёстой.
Д.ХАЯНХЯРВАА ДАРГЫН УДИРДАХ “ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ОХИН КОМПАНИУД
Эрдэнэс таван толгой
Багануур ХК
Шивээ Овоо
Эрдэнэс Оюу толгой ХХК
МОНАТОМ
Эрдэнэс метан
Эрдэнэс шивээ энержи
Гашуун сухайт зам
Эрдэнэс силвер ресурс
Эрдэнэс алт
Эрдэнэс ашид
Эрдэнэс стийл
Эрдэнэс ассет менежмент
Газрын ховор элементийн судалгааны баг
Монголын эрдэнэс баялгийн бирж