Дэлхий

Франц улс экстремист үзэлтэн байж болзошгүй 231 этгээдийг нутгаасаа хөөн гаргах гэж байна

Нийтэлсэн

Баасан гарагийн орой Парисын захын дүүрэгт шашны экстремист үзэлтэн дунд сургуулийн багшийн толгойг тасдсан аймшигт хэрэг гарсан билээ.

Энэ явдлын дараа Франц улс цагдаагийн хараа хяналтад байгаа гадаадын 231 иргэнийг нутгаасаа албадан гаргахаар төлөвлөж эхэлжээ.

Консервативууд, үндсэрхэг үзэлтнүүд улс орны аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гадаадын иргэдийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газарт уриалж, шахалт үзүүлж байгаа.

“Europe 1” сувгийн олж мэдээлснээр Ням гарагт Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин сэжигтэй этгээдүүдийг хилээр албадан гаргах үүргийг орон нутгийн албан тушаалтнуудад өгсөн байна.

Хяналтад байгаа 231 этгээдийн 180 нь одоогоор шоронд байгаа бол үлдсэн 51-ийг нь баривчлах тушаал өгсөн гэнэ.

Дарманин бас Франц улсад оршин суух хүсэлт гаргасан гадаадын иргэдийн хүсэлтийг илүү нарийн шалгах даалгаврыг яамныхаа холбогдох албаныханд өгсөн байна.

Баасан гарагт үйлдсэн аллагын эзэн нь ОХУ-д төрсөн 18 настай чечень үндэстэн байсан юм. Тэрбээр цагаачийн статустай Франц улсад амьдарч байжээ.

Ням гарагт Францын арав гаруй хотод олон арван мянган хүн жагсаал зохион байгуулж, Парист үйлдэгдсэн террорист халдлагыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Парис, Лион, Тулуз, Страсбург, Нант, Марсель, Лилл, Бордо зэрэг хотуудын гудамж талбайд цугларсан иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахыг уриалж, амиа алдсан багш Самуэл Патийн дурсгалыг хүндэтгэжээ.

Дунд сургуулийн түүх, газарзүйн багш, 47 настай Самэул Пати исламын шашны зөнч Мухаммедыг шоглосон зургийг сурагчдад үзүүлсэн шалтгаанаар алагдсан юм.

Чечень үндэстэн, 18 настай Абдуллах Анзаров сургуулийнх нь ойролцоо багшийн биед халдаж, 30 см урт хутгаар толгойг нь тасджээ.

Алуурчин дараа нь цагдаа нарт буудуулж алагдсан юм. Москвад төрсөн Анзаров нь зургаан настайдаа эцэг эхийн хамт Франц улсад ирж, саяхан цагаачийн статус аваад байсныг цагдаагийн эх сурвалж баталсан байна.

Эх сурвалж: Reuters, The Guardian

Exit mobile version