Улс төр

Аймаг, дүүрэгт АЛЬ НАМ хэдэн тойрогт ялав

Нийтэлсэн

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хамгийн сонирхолтой нь нийслэлд ихэнхдээ давамгай явдаг АН үнэмлэхүй ялагдсан нь юм. Бүр 2016 оны ялагдлаасаа ч уруудлаа. Өөр нэг сонирхолтой зүйл нь аймгуудад илт давуу байдлаа хадгалж чаддаг МАН найман аймагт АН-ынхаа доор оржээ. Эхнээс нь сонирхуулья. НИТХ-д АН 11 суудалтай байснаа өнгөрсөн сонгуулийн дүнгээр найман суудалтай болчихов. ХҮН гурван тойрогт ялж МАН 34 суудлаа хадгалж үлдлээ. Ингэснээр нийслэлийн Засаг даргыг МАН-аас томилох нь тодорхой болов. Харин дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухайд АН-ын хувьд ганц Сүхбаатар дүүрэгт олонх болсон байна. Энэ дүүргийн ИТХ-ын 35 судлаас АН 26, МАН тав, ХҮН хоёр, бие даагч хоёр сонгогджээ. Тэгвэл өнгөрсөн 2016-2020 онд АН олонх байсан Баянгол дүүрэгт МАН 20 төлөөлөгчийн суудал авч олонх болсон байна. АН-ын хувьд 16 суудал авсан бол ХҮН хоёр, МАХН нэг суудал тус бүр авсан аж. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд хоёр том намын авсан төлөөлөгчийн тооны харьцаа ойролцоо байснаас үүдэн Баянзүрх дүүргийн ИТХ багагүй зовлон туулсан. Улстөржилтөөс үүдэн Баянзүрх дүүргийн иргэд хохирсон гэвэл илүү зөв юм байна. Ямар ч байсан энэ удаагийн сонгуулиар тус дүүргийн ИТХ-ын 43 суудлаас 23-ыг нь МАН, 18-ыг нь АН, хоёрыг нь ХҮН авчээ. Бас л будилаан хутгаж мэдэхээр ойрхон харагдаж байна. Бусад дүүргүүдийн тухайд МАН талдаа маргаангүй гарчихсан. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 43 суудлын 42 нь МАН, нэг нь АН-д хамаарахаар болжээ. Налайхын 24 суудлын 21 нь МАН, дөрөв нь АН, Багахангай дүүргийн ИТХ-ын 17 суудал бүгдээрээ МАН, Багануур дүүргийн 17 суудын 16 нь МАН, нэг нь АН, Хан-Уул дүүргийн ИТХ-ын 35 суудлаас 26 нь МАН, дөрөв нь АН, дөрөв нь ХҮН, нэг нь Монголын ногоон намын нэр дэвшигч ялсан байна. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 35 суудлаас 30-д нь МАН, гуравт нь АН, хоёрт нь ХҮН ялсан байх жишээтэй.

АН ялсан Увс, Хөвсгөл, Архангай, МАН ялсан Завханд байдал ээдрээтэй болж мэднэ

Ерөөсөө аймгуудад авсан дүнг харахад шүү дээ. АН-ын хувьд аймгуудын ИТХ-ын сонгуульд одтой байлаа. Эрх баригч нам УИХ, нийслэлд үнэмлэхүй олонх байхад ийм амжилт гаргана гэдэг чамлах зүйл биш. АН-ын хувьд найман аймагт олонх болж ялалт байгуулаад байна. Хөвсгөл аймгийн ИТХ 41 суудалтайгаас 22-т нь АН, 18-д нь МАН, нэг бие даагч ялалт байгуулжээ. Увс аймагт ИТХ-ын 41 суудлаас 19-ийг нь АН, 17 нь МАН, тав нь бие даагч байгаа. Архангай аймгийн тухайд ИТХ нь 39 суудалтай. Үүнээс 20-д нь АН, 19-д нь МАН ялжээ. Сонгуулийн үеэр Хөвсгөлд Ц.Даваасүрэн, Увсад Б.Чойжилсүрэн нар намынхаа гишүүдийг бие даалгаж нэр дэвшүүлж байна гэсэн хэл ам их гарсан. Хэрэв үнэн бол жишээ нь Увс аймагт гарчихсан байгаа таван бие даагч аль тал руу орох вэ. Түүнээс гадна сонгуулийн үеийн маргаантай асуудлаас болж ганц нэг суудлаар зөрсөн газруудад янз бүрийн явдал болдог. Бусад аймгуудын тухайд асуудал багатай харагдаж байна. Булган аймгийн ИТХ-ын 33 суудлын 19-д нь АН, 13-т МАН, нэг бие даагч гарчээ. Өмнөговь аймгийн ИТХ-ын 33 суудалд 20-д нь АН, 13-т МАН ялсан аж. Говь-Алтай аймгийн ИТХ-ын 41 суудлын 29-ийг нь АН, 11-ийг нь МАН, нэгийг нь бие даагч авчээ. Дундговь аймгийн ИТХ-ын 35 тойргийн 22-т нь АН, 11-д МАН, нэгд нь ШИНЭН, нэгд нь бие даагч ялсан байна. Сүхбаатар аймгийн ИТХ-ын 33 суудлын 27-г нь АН, зургааг нь МАН бүрдүүлэхээр болоод байгаа.

Одоо МАН ялсан аймгуудыг сонирхуулья. Ховд аймгийн ИТХ-ын 41 суудлын 26 нь МАН, 14 нь АН, нэг нь МАХН-д харьяалагдахаар болсон. Орхон аймгийн ИТХ-ын 35 суудлын 23 нь МАН, 12 нь АН-д, Дорноговь аймгийн 33 суудлын 28-д нь МАН, дөрөв нь АН, нэг нь бие даагч байна. Баянхонгор аймгийн ИТХ 41 суудалтай. Түүнээс 22 нь МАН, 19 нь АН-д харьяалагдах болжээ. Өвөрхангай аймгийн ИТХ-ын 41 суудлын 35 нь МАН-д, зургаа нь АН-д, Дархан-Уул аймгийн ИТХ-ын 33 суудлын 32 нь МАН, нэг нь ШИНЭН-д хамаарахаар болсон. Баян-Өлгий аймгийн ИТХ-д МАН-ын 23, АН-ын 15, МАХН-ын нэг төлөөлөгч ирэх дөрвөн жил сууна. Харин Говьсүмбэр аймгийн ИТХ 17 төлөөлөгчтэй. Энэ удаагийн сонгуулиар МАН-аас 10, АН-аас тав, хоёр бие даагч сонгогджээ. Төв аймгийн ИТХ-ын 41 суудлын 26-г нь МАН, 13-ыг нь АН авсан бол нэг бие даагч, нэг МАХН-ын нэр дэвшигч ялсан байна. Сэлэнгэ аймгийн тухайд ИТХ нь 37 суудалтай. Үүнээс 23 нь МАН, 14 нь АН-ынх болжээ. Завхан аймгийн хувьд МАН-ын 21, АН-ын 18, нэг бие даагч, нэг МАХН-ын төлөөлөлтэй болж байгаа юм. Хэнтий аймгийн ИТХ-ын 39 суудлын 32-т МАН, долоод нь АН ялсан бол Дорнод аймгийн ИТХ-ын 37 суудлын 26-д нь МАН, наймд нь АН ялж хоёр бие даагч, нэг МАХН-ын төлөөлөл багтсан аж.

Exit mobile version