Дэлхий

АНУ-ын сонгууль-2020: Жо Байдены эсрэг “гэнэтийн бэлэг” барилаа

Нийтэлсэн

Трампын сонгуулийн штаб АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Жо Байденыг Украин дахь авлигын сүлжээтэй холбоотой хэмээн ахин буруутгажээ.

Эртний “уламжлал” ёсоор, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн нэр дэвшигчдийн хэн нэгтэй нь холбоотой “шуугиан тарьсан нотлох баримт” зайлшгүй гарч ирдэг. Энэ удаад ч мөн санал хураалт явагдахад 20 хүрэхгүй хоног үлдээд буй цаг мөчид, бүгд найрамдахчуудыг дэмждэг New York Post сонин Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены хүү Хантер Байдены хувийн захидал зурвасуудыг нийтэлсэн байна.

АНУ-ын дэд-ерөнхийлөгч асаны бага хүү нэгэн цагт Украины хий олборлогч Burisma компанийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллан, сард 50 мянган доллараар цалинждаг байсан аж.

Сонины нийтлэлд дурдсанаар, бага-Байден энэхүү албан тушаалаа тухайн үед Барак Обама ерөнхийлөгчийн засаг захиргаанд нөлөөлөхүйц эрх мэдэлтэй байсан өөрийн эцэгтэй украины бизнесмэнүүдийг уулзуулах, Украинд санхүүгийн тусламж олж өгөхөд ашигладаг байсан гэжээ.

Байдены баримтуудыг хэрхэн илчлэв

New York Post сонинд өгүүлснээр, АНУ-ын дэд-ерөнхийлөгч асаныг илчлэх баримтууд 2019 оны дөрөвдүгээр сард Дэлавер муж дахь засварын газарт үлдээсэн нөүтбүүкнээс олдсон гэнэ. Уг компьютерын эзэмшигч нь Хантер Байден байсан эсэхийг засварын газрын эзэн яг таг мэдэхгүй байгаа ч нөүтбүүк дээр экс дэд-ерөнхийлөгчийн талийгаач том хүүгийн нэрээр нэрлэгдсэн “Beau Biden Foundation” гэсэн буяны сангийн наалт байсан хэмээн мэдэгджээ.

Ус асгарснаас гэмтсэн уг нөүтбүүкийг эзэмшигч нь тухайн үед засварын газраас буцааж авалгүй орхисон бөгөөд засварын газрынхан хатуу дискэн дэх мэдээллийг нээн үзсэний дараа Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ болон АНУ-ын ерөнхийлөгчийн хувийн өмгөөлөгч Рудольф Жулианитай холбогдон бүх баримтуудыг дамжуулсан байна.

Хатуу диск дотор 25 мянга орчим гэрэл зургууд байсны зарим нь ил тод сексийн агуулгатай, мөн Украины эрчим хүчний Burisma компани болон Хятадын CEFC China Energy Co. корпораци дахь бага-Байдены ажил төрөлтэй холбоотой 11550 цахим шуудангийн мэдээллүүд байсан аж.

2015 оны дөрөвдүгээр сард Хантер Байден Украины эрчим хүчний компанийн топ-менежер Вадим Пожарскийг өөрийн эцэгтэй уулзуулах ажлыг зохион байгуулсныг New York Post сонинд нийтлэгдсэн нэгэн цахим зурвас баталж байгаа гэнэ. “Эрхэм Хантер, намайг Вашингтонд урьж, таны аавтай уулзан хэсэг цаг хугацааг хамт өнгөрүүлэх боломжийг олгосонд их баярлалаа” хэмээн уг нийтлэгдсэн захидалд өгүүлжээ.

Үүнээс өмнө буюу 2014 оны тавдугаар сард Пожарский компанийн ашиг сонирхолд “өөрийн нөлөөг хэрхэн ашиглаж болох талаар” зөвлөлдөхийг Хантер Байденаас хүсэж байсан аж. Дээр дурдсан уулзалт нь тухайн үеийн дэд-ерөнхийлөгч Жо Байден Украины ерөнхий прокурор Виктор Шокиныг огцруулахыг шаардаж байсан үеэс нэг жилийн өмнө зохиогдсон болохыг New York Post онцолсон байна. Конгресс дэх сонсголын үеэр бүгд найрамдахчуудын баталснаар, тухайн үед Украины ерөнхий прокурор Burisma компанитай холбоотой мөрдлөгийг санаачилж байсан бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгч өөрийн хүүгийн хүсэлтээр уг хэргийг зогсоохын тулд нэр нөлөөгөө ашигласан гэнэ.

Харин Байдены зүгээс, ерөнхий прокурор Шокин авлигад идэгдсэн түшмэл учраас түүний үйл ажиллагаа Украин дахь шинэчлэлийг явуулахад саад болж байна хэмээн АНУ-ын засаг захиргаа болон Европын орнуудын удирдагчид үзэж байгаа талаар тайлбарлаж байсан аж.

Олон нийтийн сүлжээ нотлох баримтыг түгээхийг яагаад хориглов

New York Post сонин “дуулиан шуугиан” хэмээн тооцсон өгүүллийг нийтэлсний дараахан Facebook, Twitter гэх мэт олон нийтийн томоохон сүлжээнүүд уг материал зайлшгүй шаардлагатай хяналт шалгалтыг даваагүй учраас түгээхийг хориглосон байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн дэмжигчдийн уулзалт цуглаанууд дээр үг хэлэхдээ, түүний өрсөлдөгч Жо Байден өөрийн хүү Хантерын янз бүрийн бизнес төслүүдэд туслахын тулд албан тушаалаа ашигладаг байсан хэмээн байнга сануулан дурдаж байгаа аж. Экс дэд-ерөнхийлөгчтэй холбоотой эрүүгийн хэргийг мөрдөхийг Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй 2019 оны зун утсаар ярихдаа хүссэн нь ерөнхийлөгчийг огцруулахтай холбоотой Конгресс дэх үйл явцын эхлэлийг тавьж байжээ.

New York Post-ын эзэн Руперт Мердок эртнээс Дональд Трампын түнш байсан бөгөөд уг сонин нь бүгд найрамдахчуудыг туйлбартай дэмжсээр иржээ. Сонинд нийтлэгдсэн тэдгээр захидал зурвасууд жинхэнэ эх хувь мөн гэдгийг илтгэх ямар ч нотолгоо байхгүй, бас засварын газрын эзэн ярилцлага өгөхдөө түүний үйлчлүүлэгч бага-Байден байсан гэдгийг баталж чадаагүй байна.

Тэгээд ч, уг нийтлэлийг зохиогчдын нэг нь Трампын хувийн найзуудын нэг, Fox телесувгийн хөтлөгч Шон Хэннитигийн продюсероор өмнө нь ажилладаг байсан гэнэ. Fox телесуваг мөн Руперт Мердокт харьяалагддаг бөгөөд бүгд найрамдахчуудыг дэмждэг гэдгээ ч нууж байсангүй.

Washington Post-д дурдсанаар, өнгөрсөн жил АНУ-ын тагнуулын байгууллагын төлөөллүүдийн зүгээс Байдены тухай хуурамч мэдээлэл тараахын тулд Оросын тагнуулын байгууллага Рудольф Жулианиг ашиглаж байна хэмээн Цагаан ордонд сэрэмжлүүлж байсан аж. Трампын хувийн өмгөөлөгчийн мэдээллийн үндсэн эх сурвалж нь ОХУ-ын Засгийн газрын агент хэмээн АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан Украины Радын гишүүн Андрей Деркач юм байна.

Байдены сонгуулийн штабын төлөөлөгч Эндрью Бэйтсийн мэдэгдсэнээр, экс дэд-ерөнхийлөгчийн уулзалтуудын жагсаалт дотор Burisma компанийн төлөөлөлтэй уулзаж байсан тухай тэмдэглэл огтхон ч байгаагүй гэжээ. “Бид тухайн үед Жо Байдены хийсэн албан ёсны уулзалтуудыг бүгдийг шалгаж үзэхэд New York Post-д нийтлэгдсэн уулзалтууд хэзээ ч болж байгаагүй нь батлагдсан” гэж тэрбээр өгүүлсэн байна.

Өнгөрөгч есдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх асан Стив Бэннон Голландын нэгэн телесувагт ярилцлага өгөхдөө, экс дэд-ерөнхийлөгчийн хүүгийн хувийн захидал харилцааны нууцууд түүний мэдэлд байгаа, мөдхөн улстөрийн шуугиан дэгдэх болно хэмээн дурдаж байжээ. Гэвч Жо Байдены эсрэг шинэ илчлэх баримтуудыг Трампын сонгуулийн кампанит ажлын улстөрийн стратегичид бэлдсэн гэх таамаг байгаа аж.

Exit mobile version