Улс төр
ТҮҮХЭН БАРИМТ: БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан бүх ард түмний САНАЛ АСУУЛГА
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр болсон түүхтэй. Өдгөөгөөс 75 жилийн тэртээх энэ өдөр улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан бөгөөд тухайн үед монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан түүхтэй. Монголын түүхэнд чухал ач холбогдол бүхий энэхүү түүхэн үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт ба Ерөнхий сайдын орлогч бөгөөд МАА-н яамны сайд Ч.Сүрэнжаваар ахлуулсан төлөөлөгч Хятад улс буюу тухайн үеийн нэрээр Дундад иргэн улсад хийсэн айлчлалын тэмдэглэлээс хүргэж байна. Энэхүү айлчлалын зорилго нь БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх ДИУ-ын Үндэсний төв Засгийн газрын Ерөнхийлөгч Чан Кайши-гийн үгийг сонсох явдал байлаа хэмээн түүхэнд тэмдэглэжээ.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс өөрийн цахим хуудсанд түүхийн баримтуудыг цувралаар нийтэлж буй бөгөөд тэрхүү баримтыг хялбаршуулан уншигчдадаа хүргэж байна. БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт Монголын түүхийн онцлог үйл явдлын талаарх архивын материалуудыг тус хүрээлэнгийн судлаач Б.Пунсалдулам, Ч.Батдорж нар судлан , “Түүхийн судлал” цувралын 48 дугаар ботид хэвлүүлж байжээ.
1945 оны наймдугаар сарын 1-ний өдөр ЗХУ ба Дундад иргэн улсын (ДИУ) хооронд БНМАУ-ын тусгаар тогтнол хийгээд газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцжээ. Хятадын талын ноотод “Японыг дарсны дараа Монголын ард түмний нийтийн хүсэл, эрмэлзлэлээ батлах ахул Дундад улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ. Харин Зөвлөлтийн ноотод Зөвлөлт Засгийн газар Дундад иргэн улсын Засгийн газрын гэрээн дээр тодорхойлсон ноот бичгийг сэтгэл ханамжтай хүлээн авч, өөрийн зүгээс илэрхийлэх нь “Тус Зөвлөлт Засгийн газар БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзнэ” гэсэн байв.
Наймдугаар сарын 24. ДИУ-ын Үндэсний төв Засгийн газрын Ерөнхийлөгч Чан Кайши наймдугаар сарын 24-нд Зөвлөлт-Хятадын гэрээг Засгийн газартаа танилцуулж, наймдугаар сарын 26-нд хууль тогтоох байгууллагадаа өргөн барьсан байна. Гоминьданы парламент тус гэрээг тэр өдөрт нь соёрхон баталсан тул Гадаад явдлын яамны сайд Ван Шизе маргааш нь гэрээг Хятадын болон дэлхийн хэвлэлүүдэд зарлалаа.
Есдүгээр сарын 25-нд Чан Кайши Монголын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал хураалт явуулах тухай Монголын талын илгээлтийг хүлээн авч, санал хураалтыг ажиглах төлөөлөгчдийг томилохын зэрэгцээ ДИУ-ын Улсыг батлан хамгаалах дээд зөвлөлд БНМАУ-ын Засгийн газартай хэрхэн хэлэлцээр явуулах тухай саналаа оруулан хэлэлцүүлжээ.
1945 оны наймдугаар сарын 1-ний өдөр ЗХУ ба Дундад иргэн улсын (ДИУ) хооронд БНМАУ-ын тусгаар тогтнол хийгээд газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцов.
Аравдугаар сарын 5-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 85 дугаар тогтоол гарлаа. Тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагдсан юм.
Аравдугаар сарын 18. ДИУ-ын Улсыг батлан хамгаалах дээд зөвлөлийн хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийн дагуу тус улсын Дотоод явдлын яамны орлогч сайд Лэй Фажан-ы тэргүүлсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй албан ёсны төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирэв.
Аравдугаар сарын 19. БНМАУ-ын Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, Маршал Х.Чойбалсан тэднийг ирсний маргааш өдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтад БНМАУ-ын Засгийн газрын гишүүн, МАА-н яамны сайд бөгөөд БНМАУ-ын Төрийн тусгаар тогтнолын төлөө санал гаргуулах ажлыг эрхлэх комиссын орлогч дарга Ч.Сүрэнжав, Гадаад яамны орлогч сайд Э.Намсрай, орчуулагч Рэнцэнсоном нар оролцжээ. Чойбалсан Лэй Фажан нар мэнд мэдэж, цаг агаарын талаар ярилцсаны дараа Лэй Фажан “Монголын Засгийн газрын удирдлагуудтай уулзаж, тусгаар тогтнолын санал хураах ажлын явцтай танилцаад ирээрэй” гэсэн Засгийн газрынхаа даалгаврыг танилцуулав.
БНМАУ-ын Тусгаар тогтнолын тухай Монголын ард түмний саналыг хураахаар байгуулагдсан төв комиссын дарга Г.Бумцэнд, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г.Дамба, Б.Ширэндэв нар томилогджээ. Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13 мянган удаа хурал цуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулав. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймгуудыг хуваарилан авч, бэлтгэл ажлыг гардан зохион байгуулжээ.
Аравдугаар сарын 20. Улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан юм. 1940 оны үед монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан түүхтэй. Бичигт үсэгт тайлагдсан иргэдийн дийлэнх нь монгол бичгээр бичсэн бол кирилл үсгээр цөөн хүн гарын үсгээ зурсан байна.
Аравдугаар сарын 22. Г.Бумцэнд, Лэй Фажан-ыг аравдугаар сарын 22-ны 18.00 цагт хүлээн авч уулзан, санал хураалтын дүнг танилцуулав.
Г.Бумцэнд: Манай жинхэнэ санал хураах явдалд оролцвоос зохих 18-аас дээш насны хүмүүс 494074 хүн бөгөөд санал хураалтад 483291 иргэн оролцсон. Төв комиссын урьдчилсан дүн мэдээнээс үзэхэд аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг санал хурааж, 21-22-нд төв комисст ирсэн урьдчилсан дүн мэдээгээр баримт болгон үзэхэд 483291 хүн саналаа өгсөн нь сонгуулийн эрхтэй нийт хүмүүсийн 97.8 хувь болсны дээр саналаа өгсөн иргэд 100 хувиар Монгол ард улсынхаа тусгаар тогтнолоо баталж саналаа өгсөн бөгөөд татгалзсан нэг ч хүн гарсангүй” гэжээ.
Хариуд нь Лэй Фажан: Аравдугаар сарын 20-нд миний бие дагалдах хүмүүсийн хамт хот, хөдөө хоёр хэсэг болон Монголын ард түмний тусгаар тогтнолынхоо төлөө саналаа гаргаж байгааг ажиглав. Уул ажил хангалттай явагдсан байна. Энэ ажил амжилттай явагдсаныг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын бүх эрх баригчид, ноёд түшмэдэд ба ард түмэнд баяр талархлыг хүргэе гэжээ.
Арваннэгдүгээр сарын 10. Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд батлан, түүнийг хэвлэлд нийтэлж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ.
Бүх нийтийн санал асуулгад 483291 хүн саналаа өгсөн нь сонгуулийн эрхтэй нийт хүмүүсийн 97.8 хувь бөгөөд 100 хувиар Монгол ард улсынхаа тусгаар тогтнолыг баталж саналаа өгсөн. Татгалзсан нэг ч хүн гарсангүй.
1946 оны нэгдүгээр сарын 5. Бүх ард түмний санал асуулгын дүнг ЗХУ, Хятад улсад албан ёсоор мэдэгдсэний дараа 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Чан Кайши-гийн Засгийн газар БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч, 1946 оны нэгдүгээр сарын 12-нд ДИУ-ын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм. Мөн оны хоёрдугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох болон дипломат төлөөлөгч харилцан суулгах тухай ноот бичгийг солилцжээ.
Хоёрдугаар сарын 6. Лэй Фажан-ы ирсний хариу болгож Ерөнхий сайдын орлогч бөгөөд МАА-н яамны сайд Ч.Сүрэнжаваар ахлуулсан төлөөлөгчдийг ДИУ-д айлчлуулах Сайд нарын зөвлөлийн тогтоол гарчээ. БНМАУ-ын төлөөлөгчид 1946 оны хоёрдугаар сарын 8-ны өглөө 10.30-д Бээжингээс нисэж, 17.00 цагт Хөх мөрний эрэг дэх Чунцин хотын ойролцоох нисэх буудалд газардав. Тэднийг Дундад иргэн улсын ГЯЯ-ны орлогч сайд Лэй Фажан , Гадаад Яамны Ёслолын хэлтсийн дарга Ли Жюнь нарын албаны төлөөлөгчид угтан авав.
Ч.Сүрэнжав нар Хятадын талын ёслолын журмыг үндэслэн юуны өмнө Гадаад яамны сайд Ван Шизе –тэй уулзалт хийх, Ерөнхий сайдын орлогч Вэн Вэнхаод бараалхах, түүнчлэн Зөвлөлтийн ЭСЯ-нд уулзалт хийх, БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээг 3-4 хоногт багтаан гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.
Хоёрдугаар сарын 10. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Чан Кайшитай уулзаж, түүний БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх үгийг сонсох явдал байлаа. БНМАУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд Ерөнхий сайдын орлогч Ч.Сүрэнжавыг ДИУ-ын үндэсний төв засгийн газрын Ерөнхийлөгч Чан Кайши хсёрдугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагт хүлээн авч уулзжээ.
Ч.Сүрэнжав Чан Кайши нарын уулзалтын тэмдэглэлийг ГХТА-д хадгалагдаж буй орчуулагч Рэнцэнсономын бичиж бэлтгэсэн “Чунцинд явсан замын тэмдэглэл”-ээс хавтаст материалд байгаа эхээр нь сийрүүлснээ судлаач онцолсон байв.
1940 оны үед монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан түүхтэй.
Чан Кайши БНМАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан албан ёсны хүндэтгэл үзүүлж, цэргийн харуул жагсааж, ГЯЯ, ДЯЯ-ны сайд, орлогч нарын хамт хүлээн авчээ. Чан Кайши, “Японы эсрэг чөлөөлөх байлдаанд хамтран байлдаж байсан. Иймээс ч БНМАУ тусгаар улс болж дэлхий дахинд зарлагдсан” хэмээн түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрч байжээ. Сэтгүүлч Х.Цэвлээ “Ч.Сүрэнжав гуай тэр томилолтоороо Чан Кайши-гийн алдарт үгийг ганзгалан авчирч, Монголын ард түмний өмнө түүхэн гавьяа байгуулсан” хэмээн онцлон тэмдэглэж байжээ.
Хоёрдугаар сарын 14. Ч.Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид ДИУ-ын ГЯЯ-ны сайд Ван Шизе-тэй хэлэлцээ хийж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох асуудлаар харилцан ноот бичиг солилцох, харилцан Элчин сайд томилох, хоёр улсын хил хязгаарын асуудлыг дипломат харилцаа байгуулж, Элчин томилсны дараа авч хэлэлцэхээр тохирчээ. Сайд Ван Шизе-тэй тохиролцсоны дагуу хоёрдугаар сарын 14-ний өдөр манай төлөөлөгчдийн буусан “Шэнли” буюу Ялалт зочид буудалд айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Хэвлэлийн хуралд Хятад, Зөвлөлт, Америкийн 45 орчим хэвлэлийн төлөөлөгч оролцсон байна. Хэвлэлийн хуралд Ч.Сүрэнжавын хэлсэн үг “Үнэн” сонинд бүрэн эхээрээ нийтлэгдсэн байна.
Хоёрдугаар сарын 27. 1946 оны хоёрдугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчид Москвад хүрэлцэн очиж, ЗСБНХУ-ын засгийн газартай хэлэлцээ хийж, мөн сарын 27-нд хоёр орны хооронд найрамдал, харилцан туслалцах гэрээ, эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, гарын үсэг зуржээ.
Гуравдугаар сарын 9-ний өдөр Сталин тэргүүтэй ЗХУ-ын нам, засгийн удирдлагууд Монголын төлөөлөгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Кремльд хүлээн авч, дайллага хийжээ. Энэ үеэр Сталин “БНМАУ Японыг эсэргүүцсэн дайны үед тусгаар тогтнолоо олж авснаар барахгүй, өөрийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээлгэн батлуулсан. СССР ба Хятад улсын хооронд холбоо ба нөхөрлөлийн тухай гэрээ байгуулахаар хэлэлцээ явуулж байсан үед, хятадууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх дургүй байсан. Хэрэв Монголын тусгаар тогтнолыг Хятадаас хүлээн зөвшөөрөх аваас Төвд ба Дотоод Монгол болон бусад үндэстнүүд бас тэр явдлыг шаардах болно хэмээн Хятадын Ерөнхий сайд Сун Зывэнь биднийг ятгаж байв.
“Хэрэв БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол бид Японтой байлдахгүй” гэж хятадуудад хэлж байлаа. Чингээд хятадууд БНМАУ-ын тусгаар тогтнолыг аргагүй хүлээн зөвшөөрөх болсон. БНМАУ нь үнэн хэрэгтээ тусгаар тогтнолыг олж авахаар үл барам өөрийн тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн нь түүхт явдал мөн. Тусгаар тогтносон Монгол ард улсын төлөө хундага өргөе” гэв.
Дайнд ялсан ЗХУ-ын асар их нэр хүндийг ашиглан Чан Кайши, Гоминьданы Хятадад шахалт үзүүлж, БНМАУ-ын хоёрдмол байдлыг эцэс болгож, Хятадаас тусгаар тогтнуулах зорилт тавьж түүнээ гүйцэтгэжээ. Үүний дараа Япон, Хятадын зүгээс БНМАУ-д заналхийлж, түүгээр дамжин Зөвлөлтийн алс Дорнод, Сибирийн аюулгүй байдалд аюул занал учруулах байдлыг мөддөө гаргуулахгүйн тулд Зөвлөлт-Монголын харилцан туслалцах протоколыг 20 жилийн хугацаатай нөхөрлөл ба харилцан туслах гэрээ болгон өөрчилж, баталгаажуулж авсан байна.