Дэлхий

Цар тахлын дараах Хятадын эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгаа нь харагджээ

Нийтэлсэн

Өчигдөр Хятадын засгийн газар энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээ зарлалаа.

Долоогоос есдүгээр сарын хооронд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн өмнөх мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Энэ нь оны эхэнд төлөвлөж байсан 5.2 хувийн өсөлтөөс бага хэдий ч коронавирусийн цар тахлын дараа эдийн засаг нь сэргэх замдаа орсныг харуулсан сайн мэдээ болж байгаа юм.
Өнөөдөр дэлхийн ихэнх улс орон цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаасаа гарч чадаагүй байгаа ба 4.9 хувийн өсөлт тэдний хувьд төсөөлшгүй өндөр тоо болж байна.

Энэ оны эхний улиралд Хятадад вирусийн халдварыг хязгаарлахын тулд хөл хорионы хатуу дэглэм тогтоосноос эдийн засаг нь сул зогсож, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар агшиж байжээ.

Улирал бүрийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг нийтэлж эхэлсэн 1992 оноос хойш тус улс ийм огцом уналттай анх удаа тулгарсан юм.

Хятадын гадаад худалдааны тоон үзүүлэлтүүдээс харвал тус улсын эдийн засаг сэргэх замдаа орсон нь бас харагдаж байна. Тухайлбал өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулбал экспорт 9.9 хувиар, импорт 13.2 хувиар өсчээ.

Сүүлийн 20 жилийн турш Хятадын эдийн засаг жилд дунджаар 9 хувиар өсөж байсан ч жилээс жилд өсөлт нь удааширч байв.

Хэдийгээр гуравдугаар улирлын өсөлт төлөвлөсөндөө хүрээгүй ч аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц төлөвлөгөөнөөсөө давсан байна. Харин жижиглэнгийн худалдааны хэмжээ төлөвлөгөөндөө хүрээгүй бол үйлчилгээний салбарын өсөлт энэ дутууг нөхжээ.

Цар тахлын улмаас олон улсын аялал жуулчлал хумигдсан тул иргэд дотооддоо аялж, илүү их мөнгө үрэх болсон нь үйлчилгээний салбарын өсөлтийг эрчимжүүлсэн байна.

Жил бүрийн аравдугаар сард тохиодог бүх нийтийн амралтын “Алтан долоо хоног” үүнд гол үүрэг гүйцэтгэнэ гэж судлаачид үзэж байгаа юм. Энэ жилийн найм хоногийн амралтаар Хятад даяар 637 сая хүн аялж, 466.6 тэрбум юаний ($69.6 тэрбум) орлогыг дотоодын аялал жуулчлалын салбарт оруулсан байна.

Энэ өдрүүдэд Хайнань арлын татваргүй барааны дэлгүүрүүдийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 150 орчим хувиар өссөн тухай Хятадын Аялал жуулчлал, Соёлын яам мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version