Нийгэм

Тариаланчид улсынхаа хэрэгцээг тарьдаг болсон ч хурааж чадахгүй юм

Нийтэлсэн

-Монгол Улс энэ онд ургацынхаа 40 хувийг алдах нөхцөл бүрджээ-

Гурил үйлдвэрлэгчид Засгийн газрын дэмжлэгтэй улаанбуудай импортлох бүртээ нөгөө чанарын асуудлыг хөнддөг. Монголын улаанбуудай гурил үйлдвэрлэхэд чийглэг, цавуулаг талаасаа чанарын шаардлага хангахгүй гэдэг. Харин тариаланчид хөдөлмөрөө хамгаалахаар эсэргүүцдэг зүй тогтол нэгэнт бий болсон. Өнөө жилийн хувьд энэ байдал бүр хурцдах нөхдөл байдал нэгэнт бүрдсэн. Монголын газар тариалангийн гол бүс нутгууд болох Сэлэнгэд тэдэн га, Төв аймагт эдэн га, цаашлаад Дорнод, Увс, Хөвсгөл аймгуудад улаанбуудайн тариалан нилэнхүйдээ цасанд дарууллаа гэдэг мэдээ энэ сарын эхнээс тасарсангүй. Ирж газар дээрээс нь сурвалжилга хийгээч гэсэн санал хүсэлт ч тасрахаа байлаа. Нэг талаас тариаланчид өөрсдийн өмчөө хамгаалж чадсангүй. Хаврын тариалалтын дүн мэдээнээс харахад, тэд үр суулгаж сурсан ч хурааж дадаагүй байна. Салбарын яамнаас Монгол Улс өнгөрсөн хавар 364 мянган га-д үр тариа тариалж, нийт 487.6 мянган тонн улаанбуудай хурааж авах тооцоо танилцуулсан. Үүнээс үр, нөөцөө авч үлдээд, дээр нь цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан гурил үйлдвэрлэлд 318.4 мянган тонн буудай нийлүүлэх төлөвлөгөө цаасан дээр бий. Гэвч есдүгээр сарын бороо, аравдугаар сарын цаснаас шалтгаалан цаасан дээрх энэ төлөвлөгөө үндсэндээ цаснаас болж баларч буйг албаныхан хэлж байгаа. Одоогоор хураах ёстой нийт тариалангийн 60 хувийг аваад буй гэх. Арай гэж авсан 270 орчим мянган тонн улаанбуудайн багагүй хэсэг нь цасанд дарагдаж, болц дутуу болж, ногоон тэжээлд шилжсэн гэдэг муу мэдээ ч байна. Салбарын яамнаас нэгэнт авах найдваргүй болсон будаагаа тэжээл хэлбэрээр хураан, малаа тэжээх чиглэл өгч байгаа юм уу даа. Ер нь үлдсэн 40 хувийн улаанбуудайн ургацаа энэ долоо хоногийг амжиж хурааж чадахгүй бол Монгол Улс үлдсэн хэрэгцээгээ Оросоос худалдан авч хангахаас өөр гарцгүй. КОВИД-19-ийн улмаас улс орнууд хил гаалиа хаан, дотооддоо хүнс, эмнийхээ хэрэгцээг нөөцөлж буй энэ үед өлсөж үхэлтэй биш оросуудаас гуйхаас өөр ч гарцгүй.

Нөгөө талаас улсынхаа хэрэгцээг 100 хувь дотоодын улаанбуудайгаар хангах бодлого, хөтөлбөр, уриатай төр, засгийн зохицуулалтгүй асуудал энэ хөндөгдөнө. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн хавар 60 мянган тонн, Засгийн газраас 100 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортлох квот олгосныг санаж байгаа байх. Үүнээс 80 мянган тонныг нь оруулж ирсэн. Шалтгаан нь юу гэвэл, хөдөө аж ахуйн салбарыг толгойлсон болгоны ярьдгаар Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан-“гүй ээ” гэсэн үг. Монгол Улс өнгөрсөн оны өдийд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац авлаа хэмээн тунхаглаж байсан ч хаврын тарчиг цагт дээрх үр дүнд хүрсэн хэрэг. Ингэхдээ КОВИД-19 цар тахалтай холбон тайлбарласан. Манай гурилын хэрэгцээнд улаанбуудай нийлүүлэх сонирхолтой ОХУ-ын зүгээс ч онцгой дэглэмийн үед хүнсний бүтээгдэхүүний экспортоо зогсоохоор айлгаж байсан үе. Монгол Улс онц чухал стратегийн бүтээгдэхүүний хэрэгцээ талдаа муу дүнг тэр үед авсан. Далимд нь цар тахалд буруугаа тохоод өнгөрсөн. Өнгөрсөн онд Хөдөө аж ахуйн яам Монгол Улсын нийт хүн амын хэрэгцээнд 227 мянган тонн гурил буюу 302 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай хэмээн тооцож байжээ. Улсын хэмжээнд 433 мянган тонн улаанбуудай хураасан гэдэг тоо мэдээлэл нийтлүүлсэн. Мөн тариаланчдын холбооныхон улсын есөн сарын хэрэгцээг хангах 247 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийтлүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Салбарын яамны дүн мэдээ болон тариаланчдын ажлын тайлан ингэж зөрдөг л дөө. Гэвч зөрүү нь иргэдэд халаасанд үнийн өсөлтөөр дарамт болон ирдэг, цаашлаад улсын хүнсний аюулгүй байдал алдагдах хэмжээгээр хэмжигддэг. Эндээс эрх баригчдын зарладаг тоо худлаа байна уу, эсвэл гурил үйлдвэрлэгчдийн түүхий эдээ гаднаас хямдхан импортлох сонирхол дийлдэг үү гэх мэт асуулт ургадаг. Бүр тариаланчид сайн чанарын буудайгаа харьцангуй худалдан чадвар өндөртэй спиртийн үйлдвэрүүдэд далд нийлүүлээд байна уу ч гэх хардлага явдаг. Ургацын балансаас харахад, Монгол Улс сүүлийн таван жилийн лав л хоёрт нь цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ургац алджээ. Үлдсэн гуравт нь хур бороо дажгүй, сайхан цаг агаартай байсан. Харамсалтай нь тухайн жилүүдэд мөн л тодорхой хэмжээний улаанбуудайн импорт хийсэн юм. Тухайлбал, 2015 онд 21.1 мянган тонн, 2016 онд 158.2 мянган тонн, 2017 онд 13.6 мянган тонн, 2018 онд 232 мянган тонн, 2019 онд 14.4 мянган тонн, 2020 онд 80 мянган тонныг импортолсон. Тэгэхээр Монгол Улс стратегийн хүнс улаанбуудайн хувьд 100 хувьд бие даагаагүй байгаа биз. Тариаланчид ашгаа бодон 100 хувь тариалж сурсан ч 100 хувь чанартай хураах чадвар суугаагүй байна. Дээр дурдсан импортын квотуудыг дагаад төрөөс аль нэг замаар хэт хөнгөлөлттэй зээл гарган гурил үйлдвэрлэгчдэд олгодог. Үүний эсэргүүцсэн тариаланчдыг татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулах замаар зохицуулдаг. Энэ мэт дэмжлэгээр амьдардаг салбар хэзээ дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангана даа.

Exit mobile version