Дэлхий

Уулын Карабах дахь ХЭВРЭГ ЭВЛЭРЭЛ

Нийтэлсэн

Карабах дахь байлдааны ажиллагаа өнгөрөгч есдүгээр сарын 27-нд эхэлж, Армен, Азербайжаны хоорондох тулаан фронтын хэд хэдэн хэсэгт үргэлжилсээр байна. Уулын Карабахын районд дайтаж буй хоёр талыг эвлэрүүлэхээр Оросын зүгээс өнгөрөгч амралтын өдрүүдэд дахин оролджээ.

Аравдугаар сарын 17-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Баку болон Ереван дахь өөрийн коллегуудтай утсаар ярьсны дараа 18-ны шөнө дундаас хойш ээлжит эвлэрлийг эхлүүлэхээр тохиролцсон байна. Гэвч энэхүү эвлэрэл хэдхэн минут ч тэсэж чадаагүй бөгөөд хэлэлцээр зөрчсөн хариуцлагыг хоёр тал бие биедээ тохоод байгаа аж.

Азербайжаны талын үзэж буйгаар, шөнө дундаас хоёр минут өнгөрсний дараа Арменийн хүчнийхэн Жебраил хотыг буудаж эхэлсэн гэжээ. Харин Арменийн Гадаад харилцааны яам баталснаар, байлдааны үндсэн ажиллагаанууд өмнө зүгт явагдсан бөгөөд хариуцлагыг Баку хүлээх ёстой гэсэн байна.

Баку болон Степанакерт шинэ халдлагын талаар мэдээллээ

Уулын Карабахын бүгд найрамдах улс /хүлээн зөвшөөрөгдөөгүй/-ын Батлан хамгаалах яам Азербайжаны цэргийнхэн Карабахын мөргөлдөөний бүсийн хойд болон өмнө чиглэлээр дахин буудаж эхэлсэн хэмээн даваа гарагийн өглөө мэдэгджээ. “Өглөө үүрээр хойд болон өмнө зүгт эсрэг талаас хүнд их буугаар галлаж эхэлсэн тул хариу арга хэмжээ авахад хүрсэн. Үйл ажиллагааны нөхцөл байдал манай талын хяналтад байгаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Харин Азербайжаны Батлан хамгаалахын зүгээс, Арменийн зэвсэгт хүчнийхэн даваа гарагийн өглөөгүүр Агжабединск районы нутаг дэвсгэр рүү гал нээсэн, мөн Арменийн талаас шөнийн турш Геранбойск, Тертерск, Агдамскийн район руу миномет болон хүнд их буугаар галлаж байсан хэмээн мэдээлжээ. Энэхүү халдлагын талаар Азербайжаны ерөнхийлөгчийн туслах Хикмет Гажиев ням гарагт мэдэгдэж байсан аж.

Карабах дахь 13 сууринг эзэлсэн тухай Алиев мэдэгдлээ

Азербайжаны зэвсэгт хүчнийхэн Уулын Карабах дахь 13 сууринг өөрсдийн хяналтад авлаа хэмээн тус улсын ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгдэн, эвлэрлийг зөрчсөн явдалд Арменийг буруутгасан байна.

“Солтанлы, Амирванлы, Машанлы, Гасанлы, Аликейханлы, Гумлаг, Гаджилы, Гойарчинвейсаллы, Нийазгуллар, Кечель Маммедлы, Шахвеллы, Гаджи Исмаиллы, Джабраильскийн районы Исаглы суурингууд чөлөөлөгдлөө. Карабах бол Азербайджан!” гэж Алиев өөрийн Твиттер хуудсанд бичжээ.

“Арменийн зэвсэгт хүчнийхэн гал зогсоох хэлцлийг бүдүүлгээр зөрчин, аравдугаар сарын 18-ны шөнийн 00:02 цагт Азербайжаны дайчдын байршлууд болон хүн ам олноор оршин суудаг суурингууд руу хүнд их буугаар гал нээж, үүний уршгаар хүмүүс шархдаж, амь үрэгдлээ” хэмээн Алиев нэмэн өгүүлсэн байна.

Турк улс дундын зууч болж чадахгүй

Арменийн ерөнхийлөгч Армен Саркисян гал зогсоох тухай хэлэлцээрийг сэргээхийн өмнөхөн “Коммерсант”-д ярилцлага өгөхдөө, эвлэрэлтэй холбоотой өмнөх оролдлого нуран унасан хэдий ч хойшид хоёр талын эвлэрэл үр дүнгээ өгөх байх хэмээн нөхцөл байдлыг өөдрөгөөр үнэлэн өгүүлж байсан аж. Тэрбээр Турк улс зарчмын хувьд Карабах дахь “зөрчил мөргөлдөөний бас нэг тал болж байгаа” учраас эвлэрлийн хэлэлцээрт дундын зуучлагч болж чадахгүй гэдгийг Арменийн үзэл бодлын үүднээс мэдэгдсэн байна. “Бид Турк улстай дундын зуучлагчийн хувьд бус, харин зөрчил мөргөлдөөний талын хувьд хэлэлцээр байгуулах ёстой” гэж Саркисян нэмэн онцолжээ.

“Турк улс нефть болон хийн хоолойн шугамуудыг удирдахыг хүсэж байгаа учраас зөрчил мөргөлдөөн удаан үргэлжлэх хэрээр Азербайжаны хэрэгт бүр гүн хутгалдах болно” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

Арменийн амь үрэгдсэн цэргүүдийн тоо 710 боллоо

Арменийн цэргийнхэн амь үрэгдэгсдийн нэрсийн жагсаалтад ахин 37 шинэ нэрийг ням гарагт нэмсэн байна. Эдгээр 37 цэргийн 20 нь 18-20 насны цэл залуу хөвгүүд байсан аж. Арменийн талын амь үрэгдсэн цэргүүдийн тоо одоогоор 710 болоод байна.

Амь үрэгдэгсдийн цогцсыг шилжүүлэх талаар Азербайжан дахин санал тавилаа

Олзлогдогсод, барьцааны хүмүүс, сураггүй алга бологсдын асуудал эрхэлдэг Азербайжаны Улсын комисс Арменийн амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг Армен-Азербайжаны хилийн хойд хэсэгт тусгай зохион байгуулалттай хонгилоор шилжүүлэх саналыг дахин гаргасан байна. Азертадж агентлагийн мэдээлснээр, комиссын төлөөлөгчид Азербайжан дахь Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзан, тэдний саналыг Арменд албан ёсоор дамжуулж өгөхийг хүсчээ. Бямба гарагаас Нямд шилжих шөнө дундаас хойш талууд эвлэрэл зарлан, олзны хүмүүс болон амь үрэгдэгсдийн цогцсыг харилцан шилжүүлэхээр болсон хэдий ч харамсалтай нь уг эвлэрэл хэрэгжиж чадсангүй.

Alternative für Deutschland-ийн улстөрчид Карабах-д ирлээ

Германы Alternative für Deutschland намын улстөрчид /хүлээн зөвшөөрөгдөөгүй/ Уулын Карабахын бүгд найрамдах улс /НКР/ руу хүрэлцэн иржээ. Төлөөлөгчдийг тус улсын тэргүүн Араик Арутюнян хүлээн авлаа хэмээн Оросын “Спутник” төрийн агентлагийн Армен дахь сайт даваа гарагт мэдээлсэн байна. НКР Германы Alternative für Deutschland намтай таван жилийн турш хамтран ажиллаж байгаа талаар Арутюнян онцлон тэмдэглэжээ. Alternative für Deutschland-ын төлөөлөгчдийн нэг, бундестагийн гишүүн Штеффен Котре Уулын Карабах дахь нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахын тулд хамтрагчидтайгаа тийшээ нисэх гэж буйгаа өнгөрөгч баасан гарагт Берлинд сэтгүүлчидтэй уулзахдаа дурдаж байсан аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version