Дэлхий

$335 саяыг төлсний хариуд Судан улсыг АНУ терроризмын хар жагсаалтаасаа гаргана

Нийтэлсэн

1998 онд зүүн Африкийн орнуудад байрладаг АНУ-ын хоёр элчин сайдын яамны байр Аль Кайда бүлгийн террорист халдлагад өртөж байсан юм.

Тухайн үед Судан улсыг энэхүү халдлагад буруутай гэж үзээд Вашингтоны засаг захиргаа терроризмын хар жагсаалтдаа оруулж байжээ. Тэгвэл Суданы засгийн газар хохирлын нөхөн төлбөр болох $335 саяыг АНУ-д төлөхөөр тохиролцсон тул хар жагсаалтаас хасахаар болсон байна.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухай твиттер хуудсандаа анх мэдээлжээ. “Сайхан мэдээ! Суданы шинэ засгийн газар террорист халдлагад өртсөн хохирогчид болон тэдний гэр бүлд нийт $335 саяыг төлөхөөр боллоо. Төлбөр орж ирсний дараа би Судан улсыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтаасаа хасах болно. Удаан хүлээсний эцэст Америкийн ард түмэнд шударга ёс үйлчилж, Судан улс том алхам хийлээ!” гэж тэр мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд дарангуйлагч Омар Аль Баширыг төрийн эрхнээс зайлуулсны дараа Судан улсад шилжилтийн засгийн газар байгуулагдсан юм. Сүүлийн саруудад АНУ-ын албаныхан тэдэнд нэлээд шахалт үзүүлсний үр дүнд энэхүү нөхөн олговрыг төлүүлэхээр болж байна.

Энэ оны наймдугаар сард Суданы нийслэл Хартумд айлчилсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсын ерөнхий сайд Абдалла Хамдоктой уулзаж, энэ талаар хэлэлцэж байв.

Ерөнхий сайд Хамдок өчигдөр твиттер хуудсандаа “Маш их баярлалаа! Ерөнхийлөгч Трамп! Судан улсыг терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтаас хасах албан ёсны шийдвэр Конгрессоос гарахыг тэсэн ядан хүлээж байна. Энэ жагсаалт Судан улсад маш их хохирол учруулж байгаа юм” гэж бичжээ.

Одоогоор энэ жагсаалтад Умард Солонгос, Иран, Сири улсууд багтаж байгаа.

Жагсаалтаас хассаны хариуд Судан улс Израйльтай дипломат харилцаа тогтоох үүрэг хүлээж буй бололтой. Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард болох сонгуульд Израйлийг дэмжигч иргэдийн саналыг авахын тулд Арабын орнууд ба Израйлийн харилцааг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа.

Өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират болон Бахрейн улсууд Цагаан ордны зуучлалаар Израйльтай дипломат харилцаа тогтоохоор болсон. Олон жил Омар Аль Баширын дэглэмд байсан Судан улс эдийн засгийн гүн хямралтай тулгараад байгаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж авахад нь терроризмын хар жагсаалт саад болж байсан юм.

Гэхдээ ийм их хэмжээний мөнгийг АНУ-д төлөхөөр болсныг Суданы сөрөг хүчнийхэн, олон нийтийн зарим хэсэг эсэргүүцэж байна. Унасан дарангуйлагчийн тарьсан балгийг Суданы шинэ засгийн газар ядуу төсвөөсөө төлөх ёсгүй гэж тэд үзэж байгаа юм.

1998 онд Танзани, Кени улсууд дахь АНУ-ын элчин сайдын яамдад Осама Бин Ладены удирддаг Аль Кайда бүлэг бөмбөг дэлбэлснээс 224 хүн амь үрэгдэж, 4,000 гаруй хүн шархдаж байв.

1991-1996 онуудад Осама Бин Ладен Суданы нутагт толгой хоргодож байжээ. Тиймээс дээрх халдлагыг зохион байгуулахад Судан улс дэмжлэг үзүүлсэн гэж АНУ-ын шүүх дүгнээд хар жагсаалтад оруулж байсан юм.

Тухайн үед Суданы эрх баригчид Бин Ладеныг АНУ-ын талд шилжүүлж өгөх санал тавьсан ч Вашингтон хүлээж аваагүй гэсэн мэдээлэл бий. Уг халдлагын дараа Бин Ладен Афганистаны зүүн хэсэгт шилжиж суурьшсан юм.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version