Энтертайнмент

С.Бадрал: “Чимэгэ”-гийн ачаар хүн компьютер хоорондоо чөлөөтэй ярих боломжтой болсон

Нийтэлсэн

Яриаг бичвэр болгон хувиргаж, бичвэрийг яриа болгон хөрвүүлдэг шинэ технологи болох “Чимэгэ” (монгол бичгээр Чимээ гэсэн үг) хэрэглэгчдийн хүртээл болоод удаагүй байна.

Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болон албан байгууллагын ажлыг хялбарчлах энэхүү технологийн бүтсэн түүх болон давуу тал, хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бид тус технологийг бүтээсэн “Чимэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа.

2019 онд байгуулагдсан “Чимэгэ Системс” компани нь өөрсдийн бүтээсэн Чимэгэ технологио ашиглан яриаг бичвэр болгодог “Чимэгэ бичээч” (Chimege Writer), бичвэрийг яриа болгодог “Чимэгэ уншигч” (Chimege Reader), интернеттэй үед яриагаараа бичих боломжтой “Чимэгэ гар” (Chimege Keyboard), дуу яриагаар үг хайдаг монгол бичгийн толь болох “Тунгаамал толь” (Tungaamal Toli) зэрэг бүтээгдэхүүнийг гаргаад байгаа юм.

ЧИМЭГЭ СИСТЕМИЙН ҮГИЙГ ЗӨВ ТАНИХ МАГАДЛАЛ 97 ХУВЬТАЙ

-Байгуулагдаад удаагүй байгаа ч танай компани Чимэгэ бичээч, Чимэгэ уншигч, Чимэгэ гар, Тунгаамал толь зэрэг аппликейшнуудыг хэрэглэгчдэд хүргээд байна шүү дээ. Эдгээрийг ямар хугацаанд бүтээсэн бэ?
-Бид 2008 онд “Болорсофт” компанийг үүсгэн байгуулаад компьютерын хэл шинжлэлийн салбарт ажиллаж эхэлсэн. Тухайн үед хүмүүс биднийг ямар ч хэрэггүй, ашиг ч олохгүй зүйл хийлээ гэж гайхаж байлаа. Анхны бүтээгдэхүүн нь “Болор толь” байсан. Түүний араас “Болор дуран”-г бүтээж, улмаар хоёрдугаар хувилбарыг нь гаргасан. Энэ үеэс л бид монгол хэлний үг зүйн асуудлыг бүрэн шийдэж, монгол хэлний үйл үгийн нэг язгуур 400 мянган өөр үг болж хувирдаг гэх мэт сонин үзэгдлийг ч нээсэн. Гэхдээ, энэ бол монгол хэлний үг бүтэх загвараар бүтэх боломжтой өөрөөр хэлбэл, үг бүр хүний хэрэглэдэг шиг утгатай гэсэн үг биш. Зөвхөн дүрмийн хувьд зөв хувирсан, компьютерын хувьд үг гэж тооцож болох нэгж.

Монгол хэлний үйл үгийн нэг язгуур 400 мянган өөр үг болж хувирдаг. Бид тэдгээр бүх үгийг тоолсон.

Улмаар, үүнийгээ “Болор толь”-тойгоо холбон машин орчуулга хийх зорилготой явж байсан. 2018 оноос монгол хэл яриаг боловсруулж бичвэрт буулгах, бичгийг уншиж яриа болгох технологи хөгжүүлж, жил гаруй хугацааны дараа 2019 оны зургаадугаар сард анхны бета хувилбараа гаргасан. Тэр үед манай технологийн үгийг зөв таних магадлал 86 хувьтай байсан учраас өдөр тутмын амьдралд хэрэглэхэд болоогүй гэж үзээд, доод тал нь 90 хувь хүргэх зорлт тавьсан. Ингээд боловсруулж хөгжүүлсээр, зөв таних магадлал 97 хувьд хүрсэн тул 2020 оны есдүгээр сарын 22-нд албан ёсны нээлтээ хийлээ.

-Эдгээр аппликейшн гарч ирснээр хүний яриаг чагнаж, тагнахтай холбоотой нууцлалын асуудал тулгарна. Уг аппликейшн дээр бичигдсэн яриа яаж хадгалагддаг вэ? Дундаас нь өгөгдөл (дата) буюу мэдээлэл алдагдах эрсдэл бий юу? Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
– Манайх Герман, Финланд, Монгол гэсэн гурван газар дата төвтэй. Монголд ярьж буй яриаг Монголын дата төв дээр хадгалж байгаа ба гуравдагч этгээд гэж байхгүй. Холболтын хувьд шифрлэгдсэн SSL протоколоор (хувийн бичиг баримтыг интернетээр дамжуулах протокол) холбогдож байна. “Чимэгэ”-ийн мэдээллийг хэрэглэгч талын төгсгөл дээрээс алдагдана уу л гэхээс, манай талын төгсгөл дээрээс алдагдахгүй. Гэтэл, төрийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой журам боловсруулсан байдаг болохоор серверээ зөвхөн манайд байршуул гэсэн шаардлага тавьж байна. “Чимэгэ системс” ч гэсэн өөрсдийн гэсэн журам, технологио, холбогдох бүх мэдээллээ алдахгүй байх, хамгаалах, нууцлах шаардлага бий. Ийм хоёр талын эрэлт хэрэгцээний улмаас, тусгай нөхцөлд хэрэглэ дараагийн шатны шийдлийг бас боловсруулсан. Бид хадгалах серверийг тухайн байгууллага дээр байрлуулж тэндээсээ өөрийн сервер үү VPN (хувийн виртуал сүлжээ)-ээр холбогдоно. Манай сервер дээр зөвхөн хөрвүүлэг хийх процессор ажиллах ба хадгалах сервер рүү хөрвүүлсэн бичвэрийг дамжуулах маягаар ажиллана. Тэгэхээр, нууцлалын хувьд бүрэн шийдсэн гэж ойлгож болно.

-Хэвлэл мэдээллийн салбарт, ялангуяа сэтгүүлчид уг системийг ашиглах нь хэр өгөөжтэй вэ? Үүнд чиглэсэн өргөтгөл, боломжууд бий юу?
-Бидний бүтээсэн энэхүү суурь технологийг бүхий л зүйлд ашиглаж болно. Харин ямар хэлбэрээр, яаж ашиглаж, инновац хийх вэ гэдгийг хэрэглэгчид өөрсдөө шийднэ. Жишээ нь Мобиком корпорац “Call Center”-тээ, Шүүхийн ерөнхий зөвлөл хурлын үйл явцаа автоматжуулахад, “Интермед” эмнэлэг хагалгааныхаа протоколыг хийхэд, “Xiaomi”-гийн дистрибьютер компани өрөөгөө автоматжуулахад болон бичиг хэргийн компаниуд номыг сонсдог болгоход ашиглахаар гэрээ хийж байна. Энэ мэт хүн бүр өөр өөрийн нөхцөлд тааруулж ашиглаж болно. Сэтгүүлчдийн гол хэрэглээ нь бичлэг хийж авсан ярилцлагаа бичвэр болгож авах байдаг болов уу. Тэгэхлээр, манай “Чимэгэ бичээч” яг ийм зориулалттай, түүнийг хэрэглэж болно. Ер нь, энэ технологи ерөнхий шийдэл тул олон талаар ашиглах боломжтой. Жишээ нь, “Кудос” медиа мониторингийн сурталчилгааны трейлерийг “Чимэгэ уншигч” системээ ашиглан нэг цагийн дотор л хийсэн. Хэрэглээ хязгааргүй.

-Үнийн хувьд хэрхэн санал болгодог вэ?
-“Чимэгэ бичээч”-ийн хувьд нэг цагийн бичлэгийг бичвэр болгох үнэ 19,800 төгрөг. 40 цагийн эрхтэй багц нь 752,400 төгрөг, 150 цагийн эрхтэй багц нь 2,673,000, 700 цагийн эрхтэй багц нь 11,088,000 төгрөг. Байгууллага дээр хүний тоо заахгүй, цагаар хэмжинэ. “Чимэгэ” технологийн бүтээгдэхүүнүүдийг вебээр болон гар утасны апп аль ч хувилбараар ашиглаж болно.

-Тухайн технологийг хэрэглэх салбар, чиглэл, нөхцөл байдлаас нь хамааран ажиллагааг нь нарийвчлах үгийн шүүлтүүр бий юу?
-Манай технологи бүх авиаг буулгах зорилготой. Бид эхэн үедээ жижиг зүйлс дээр зардал гаргах төлөвлөгөөгүй байгаа ч яваандаа болно.

-Шууд дамжуулж буй бичлэгийн доор яриа автоматаар гарч ирэх үйлдэлтэй бий юу?
-Бид “Чимэгэ технологи”-ийн нээлтийн үйл ажиллагааны үеэр яриаг автоматаар титр (titre) болгон харуулж үзүүлсэн. Түүнээс харахад, хэдэн секундээр хоцорч байсан. Тиймээс, улам хөгжүүлэх болно. Манай технологи хэрэглээг хөнгөвчилсөөр байгаа. Тэр тусам хэрэглэгчид улам ихийг хүсэж байна.

БИД ЗУРАГТ, РАДИО, INTERNET-ЫГ ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

-Зөв бичих дүрмийн алдааг яаж шалгадаг юм бэ?
-Манай “Болорсофт”-ын “Болор дуран” кирилл бичгийн алдаа шалгадаг зөв бичих дүрмийн алдаа шалгуур “Чимэгэ” технологийн бүтээгдэхүүн дээр холбогдсон. Манай дата журамласан толийнхоос хэд дахин том.

-Зургийг текст болгох боломжтой юу?
-Боломжтой. Кирилл бичигтэй зургийг таньдаг Оросын Finereader програм байхад тэдний хийчихсэн зүйлийг дахиж дуурайх шаардлагагүй. Бидний хувьд, өөрсдийн зорилго, хэрэгцээндээ тааруулаад аль хэдийн хийчихсэн зүйлээ бусад бүтээгдэхүүнтэйгээ уялдуулан нэг мөсөн цогцоор нь гаргана.

-Цаашдаа эдгээр аппликейшныыг нэгтгэх үү? Мөн өөр ямар бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна вэ?
-Одоохондоо нэг болгохгүй. Гэхдээ яваандаа хувийн туслагч зэрэг дараа дараагийн гаргах бүтээгдэхүүнтэй нийлж нэгтгэж магадгүй. Мөн цаашдаа “Siri” шиг хиймэл оюун ухаант монгол програм, робот гаргах, зурагт, радио, internet “Чимэгэ технологи”-той холбохоор төлөвлөж байна. Бас виртуал хөтлөгч “Марал Эй Ай”-ыг улам хөгжүүлж, сэтгэл хөдлөлтэй болгохоор ажиллаж байна. Бидний хувьд, суурь технологио бүтээчихсэн тул ямар нэгэн зүйлд баригдаад байхгүй, давуу талтай болсон. Бусад газрууд хүртэл манай анхны альфа (alpha) хувилбарын эх кодыг авч ашигласан жишээ гэвэл Ikon.mn сайтын “Sara” уншигч байна.

Монгол бичгийн алдаа шалгуурыг хийсэн ч кодчиллын стандарт гарахыг хүлээж байна

-Та бүхний бүтээсэн технологи нийгэмд ямар өөрчлөлт авчирна гэж харж байна вэ?
– Бид монгол хэл шинжлэлийн хувьд маш том дэвшил гаргасан. Өөрөөр хэлбэл, кирилл, монгол бичгийг цугт нь авч явж байгаа. Сая, яриаг бичвэр болгодог технологийг хүртэл монгол бичигтэй холбож “Тунгаамал толь” аппликейшн гаргасан. “Тунгаамал толь” нь монгол үгийг дуу хоолойгоор (voice) хайж, монгол бичгээр, тайлбартай нь гаргаж ирдэг. Тухайн үгийг монгол бичгээр яаж бичдэгийг харж болно, бас гарч ирсэн үр дүнгээ уншуулж сонсож болно. Тунгаамал толь дээр бид монгол бичгийн өөрсдийн хөгжүүлсэн шийдлийг ашиглаж байгаа. Энэ бол ахисан түвшний бүтээгдэхүүний түрүүч гэж хэлж болно. Кирилл бичгийн алдаа шалгадаг программ хийсэн шигээ монгол бичгийн алдаа шалгуурыг (Spellcheck) бас хийсэн. Гэвч яагаад гаргахгүй байгаа вэ гэвэл монгол бичгийн стандарт нэг мөр болж тогтоогүй байна. Стандарт тогтоогүй байхад гаргачихвал хүмүүс хоорондоо стандартгүй харилцах магадлалтай. Бид цаашдаа дараагийн шатанд, монголоор ярихад монгол бичгээр бичвэр болж гаргадаг болгохоор ажиллаж байна. Гэхдээ, стандарт чухал үүрэгтэй байх болно. Стандарт байхгүйгээс, үгийг буруугаар бичдэг болох, “Чимэгэ”-г алдаатай гэж буруу ойлгох эрсдэлтэй учир тэвчээртэйгээр хүлээж байна. Стандарт байхгүйгээс хэлний бэрхшээл бий болж мэднэ.

-Бидний урилгыг хүлээн аван ярилцаж, хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа
-Баярлалаа.

Exit mobile version