Энтертайнмент

АНУ-ын засгийн газар Google компанийг шударга бус өрсөлдөөний хэргээр шүүхэд өглөө

Нийтэлсэн

АНУ-ын засгийн газар интернэт хайлт болон онлайн зар сурталчилгааны зах зээлд монопол тогтоож, шударга бусаар өрсөлдсөн хэрэгт Google компанийг буруутгаж, шүүхэд зарга үүсгэжээ.

Энэ нь сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Вашингтоны эрх баригчид технологийн томоохон компанийн эсрэг үүсгэсэн хамгийн том зарга болж байна.

Сүүлийн жил гаруй хугацаанд АНУ-ын засгийн газар Google компанитай холбоотой зөрчлүүдийг шалгасан юм.

Google засгийн газрын шийдвэрийг “том алдаа” гэж нэрлээд өөрийгөө зах зээлд хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлж, шударга зарчмаар өрсөлдөж байгаагаа мэдэгдсэн байна.

“Хүмүүс өөр сонголтгүйдээ, эсвэл хүчээр тулгасны улмаас Google-ийг хэрэглээгүй. Тэд зөвхөн өөрийн сонголтоор хэрэглэж байгаа” гэж компанийн мэдэгдэлд тайлбарлажээ.

Гар утас, интернэт хөтөч зэрэг төхөөрөмж, программ дээр үндсэн хайлтын систем болохын тулд Google компани бусад компаниудад жил бүр олон тэрбумыг төлдөг явдал нь гол асуудал болж байгаа гэнэ.

Ингэснээр Google нь интернэтийн “хаалганы манаач” болж, АНУ-ын зах зээл дэх бүх хайлтын 80 орчим хувийг дангаар хангаж байгааг албаныхан тогтоожээ.

Google компанийн эсрэг заргыг АНУ-ын хууль зүйн яам болон 11 мужийн захиргаа холбооны шүүхэд гаргасан байна.

Энэ шийдвэр нь зөвхөн Google компанийн бизнест нөлөөлөөд зогсохгүй, цаашлаад Amazon, Facebook, Apple зэрэг технологийн аварга компаниудыг шалгах эхлэл болж байгаа юм.

Европын Холбоо бас ижил зарга үүсгэж, 8.2 тэрбум еврогийн торгууль тавьсныг Google компани одоо давж заалдаж байгаа.

Google-ийн толгой компани Alphabet энэ удаа АНУ-ын засгийн газрын үүсгэсэн заргын эсрэг шүүх дээр тэмцэх нь тодорхой байна.

Эх сурвалж: BBC

Exit mobile version