Улс төр

Пентагоны тэргүүн Орос, Хятадын эсрэг холбоотны сүлжээ бий болгох төлөвлөгөөгөө танилцуулжээ

Нийтэлсэн

АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер өчигдөр Орос, Хятад улсуудын эсрэг хамтран ажиллах холбоотнуудын сүлжээг өргөтгөх төлөвлөгөөг танилцуулжээ.

“Ардчилсан системтэй, ижил үзэл баримтлалтай” улс орнуудыг жижиг, том гэж ялгалгүй нэгтгэх энэ төлөвлөгөөгөө тэр GDAP (Guidance for Development for Alliances and Partnerhips) гэж нэрлэсэн байна.

Эспер төлөвлөгөөгөө танилцуулахдаа 18 дугаар зуунд Британийн колоничлолоос АНУ-ыг салгах тэмцэлд тусалж байсан бяцхан арал улс Мальтаг жишээ татжээ.

Тухайн үед Мальтын 1,800 торгон цэрэг Жорж Вашингтоны армид зүтгэж байсан гэдэг.

“Жижиг, том гэлтгүй ижил үзэл баримтлалтай улс орнууд эрх чөлөөт, нээлттэй дэг журмыг бэхжүүлэхийн төлөө хамтран тэмцэхийн ач холбогдол энэ жишээнээс харагдаж байна” гэж Эспер ярьжээ. Харьцуулбал Орос, Хятад улсууд 10 хүрэхгүй тооны холбоотонтойг тэр бас дурдсан байна.

Ингэхдээ жижиг, ядуу буурай орнуудыг санхүүгээр дарамтлах замаар холбоотноо болгодог Бээжингийн эрх баригчдын арга барилыг шүүмжилжээ.

Эспер энэ үеэр Мальта, Монгол, Палау зэрэг орнуудтай батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж байгаагаа болон зүүн Европт АНУ хүчээ зузаатгах төлөвлөгөөтэй байгааг ярьсан байна.

Даваа гарагт Индонезийн батлан хамгаалахын сайдтай уулзсан Эспер дараагийн долоо хоногт Энэтхэгт айлчлахаар болжээ. Эдгээр айлчлалууд нь GDAP төлөвлөгөөний хүрээнд хийгдэж байгаа юм байна.

Гэхдээ Эсперийн төлөвлөгөө бодитой хэрэгжих эсэх нь эргэлзээтэй гэж ажиглагчид дүгнэжээ. Хоёр долоо хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялагдвал тэр ирэх оны нэгдүгээр сард албан тушаалаа дараагийн хүнд хүлээлгэж өгнө. Мөн Дональд Трамп өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын холбоотнуудыг нэгтгэж, өргөжүүлж чадаагүй, харин ч NATO-гийн эвслийг тарааж, бутаргах дөхснийг санахад илүүдэхгүй юм.

Эх сурвалж: Channel News Asia

Exit mobile version