Нийгэм
“Astrazeneca”, “J&J” ирэх 7 хоногоос вакцины туршилтаа үргэлжлүүлнэ
АНУ-д “Astrazeneca”, “Johnson & Johnson” компаниуд “COVID-19”-ийн эсрэг вакцины туршилтаа ирэх долоо хоногоос эргэн үргэлжлүүлэх магадлалтай байна. Нью-Йорк хотод ирэх оноос их хэмжээгээр вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Нью-Йорк мужийн хэмжээнд тавдугаар сараас хойш анх удаа халдварын 2000 тохиолдол нэг хоногт шинээр бүртгэгдээд байна. АНУ-ын хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтэгсдийн тоо сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрчээ.
Баруун Европоос Испани халдварын нийт тохиолдол нэг сая давсан анхны улс боллоо. Грек, Итали, Люксембург, Германд халдварын шинэ тохиолдол дээд түвшиндээ хүрсэн байна. Түүнчлэн Германы Эрүүл мэндийн сайд“COVID-19”-ийн халдвар авсныг тогтоосон байна.
Чехийн Засгийн газар эрүүл мэндийн салбар нь хямрах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Италийн Милан хотод шөнө оройн цагаар иргэдийг гадуур гарахгүй байх хөл хорио энэ пүрэв гарагаас хэрэгжиж эхэлнэ.
ОХУ-д хоногт 317 хүн нас барсан нь өмнө бүртгэгдээгүй өндөр дүн боллоо. Хэдий тийм боловч дахин хатуу хөл хорио тогтоох төлөвлөгөө байхгүй гэж Кремль мэдээллээ.
Дэлхийн хэмжээнд “COVID-19-ийн халдвар авсан 41.4 сая, эндсэн 1.1 сая тохиолдол бүртгэгдээд байна. Харин 30.8 сая хүн эдгэрчээ. Халдварын нийт тохиолдлын тэн хагасаас илүү нь АНУ, Энэтхэг, Бразилд бүртгэгдээд байна.