Улс төр

“Төмөр хатагтай” Т.ГАНДИ хотод ирэх үү!?

Нийтэлсэн

-Хотын дарга өнөөдөр тодорно-

Энэ сарын 15-ны өдөр болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын үр дүнгээр МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 34 суудалтай болсон. Дүүргийн ИТХ-ын хувьд Сүхбаатар дүүргээс бусдад нь ялсан юм. Одоо энэ нам Улаанбаатар хотын дарга, орлогч, НИТХ-ын даргаар хэн ажиллахыг шийднэ. Горилогч ч олон байна.

Өчигдөр нийслэлийн МАН-ын хорооны хурал болсон боловч санал нэгдэж чадалгүй тарсан аж. Өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана. Дээр нь МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргана.

Нийслэлийн Засаг даргыг С.Амарсайхан хийж, нийслэлийн МАН-ын даргыг Д.Сумъяабазар хийснээр Улаанбаатар хотын захиргаа ч тэр, удирдлага ч тэр өнгөрсөн хугацаанд тун “алаг” байлаа. Хэдий нэг нам боловч нэг удирдлагаар яваагүй гэсэн үг. Нэг удирдлагаар явж чадахгүй бол хөгжлийн тухай саналт байхгүй. Харин одоо С.Амарсайхан нь Налайх, Багануур руу нийс­лэлийн ажлыг чиглүүлж байсныхаа үрээр УИХ-д очсон тул тоглоомноос гарсанд тооцож болно. Нийслэлийн сонгуульд Д.Сумъяабазар удирдаж орсныхоо хувьд нөлөөтэй байх нь дамжиггүй. Тиймээс ч өнгөрсөн өдрүүдэд “Сонгинохайрхан дүүргээс дараагийн хотын дарга тодорно” гэх яриа гарлаа. Өнөөгийн НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн МАН-ын хорооны орлогч Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн гэсэн таамаг хүчтэй байсан юм. Р.Дагвын хувьд хотын дарга гэхээсээ НИТХ-ын дарга дээрээ байвал нас намбаны хувьд ч тохирно. Ер нь тэгээд сонгуулийн өмнө МАН-ын дарга нарын хэлж байснаас харахад хуучин удирдлагаас хүн үлдээх сонирхол бага байх болов уу.

Ж.Сандагсүрэнгийн хувьд дүүргийн даргаар ажилласан туршлагатай, Д.Сумъяабазартайгаа гар нийлдэг гэдэг утгаар боломжтой харагдаж байгаа. Гэхдээ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн байдал ямар байгаа билээ. Ийм нөхцөлд намдаа нэмэх оноо болж чадахгүй нь ойлгомжтой. Н.Алтаншагай бол олон нийтэд танигдсан хүн биш. Төрийн чухам ямар чухал алба хашиж байсныг нь ч мэдэхгүй юм. Дан ганц Д.Сумъяабазар гэсэн түлхээсээр зүтгэлээ гээд амжилт олох нь эргэлзээтэй. Тиймээс эдгээр залуусын тухайд өөрсдийнхөө амбицыг сануулж байгаад хотын даргын орлогч дээр буух төлөвлөгөөтэй байгаа байх. Ийм санаагаа Н.Батсүмбэрэл, Ж.Алдаржавхлан нар ч цухалзуулсан гэсэн яриа байна. Дүүргийн дарга болгон л барьцах эрхтэй шүү дээ.

Хэдийгээр Д.Сумъяабазар ялалт авчирсан боловч нийслэлийн Засаг даргыг томилох эрхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Удирдах зөвлөл эдэлнэ. Ялалт бол сонгууль удирдсан хүндээ биш намын нийт массын дэмжлэг байдаг гэдэг утгаараа энэ нь ч зөв. Удирдах зөвлөл дээр хэн хэдэн кноп өөрийн талд татаж чадах вэ гэвэл тусдаа сэдэв. Хотын даргыг НИТХ-д сонгогдсон хэдэн төлөөлөгч дундаас хайх нь ч өрөөсгөл зүйл юм. Харин хэн Ерөнхий сайдтай гар нийлэх вэ гэдэг л чухал.

Шинэ мэдээ гэвэл Ерөнхий сайдын хувьд УИХ-д хэдэнтээ сонгогдож, хоёр ч салбарын сайдаар ажиллаж байсан Т.Гандид санал тавьсан гэх мэдээлэл гарсан байна лээ. Үүнийг ч батлах мэт “Хотод эмэгтэй дарга ирэх үү”, “Хөгшин хүн хот хөгжүүлэхгүй” гэсэн утгатай эсрэгцсэн ятгалга, мэдээнүүд вэб сайт, цахим орчинд үзэгдээд эхэллээ.

Хотын удирдлагад өнөөдөр зангараг зааж чадах хүн хэрэгтэй. Тийм хүн байж чадахгүй бол юу болдгийг өнгөрсөн хэдэн жил харлаа шүү дээ. Улаанбаатар бол нэгдүгээрт улсын нийслэл. Хоёрдугаарт, Монгол Улсын хүн амын тал нь оршин суугаа шийдвэрлэвэл зохих асуудал ихтэй газар юм. Ийм чухал албанд “хат суусан” улстөрч л илүү тохирдог. Тухайлбал, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл амлаж аваад хийж байлаа. Су.Батболд ч гэсэн УИХ-д хэдэнтээ сонгогдож, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж туршлага хуримтлуулсан хойноо хотод томилогдож байв. Энэ мэтээр тоочоод байвал УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт нарын ажиллаж байсан алба. Сайн муугаар хэлэгдэж яваа боловч УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд ч хотоор дайраад өнгөрсөн. Улстөрчдийн ясны чанарыг шаарддаг ажил гэсэн үг. Энэ өнцгөөс харвал “Төмөр хатагтай” гэгддэг Т.Ганди хотод ирэх нь зөв гарц байж мэднэ. Гэхдээ хэн хотод ирэхийг бид өнөөдөр харах билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version