Нийгэм

Гуравдугаар төв эмнэлэг “Улаанбаатар буян” ХХТ-тай хамтран ажиллана

Нийтэлсэн

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын лавлагаа тусламж үйлчилгээг 50 гаруй жилийн турш тасралтгүй үзүүлсээр ирсэн билээ. Тус эмнэлгийн захиргаа хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд онцгойлон анхаарч зүрхний мэс засал эмчилгээ хийлгэх заалттай боловч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан тусламж үйлчилгээ авах хугацаа нь хойшлогдох магадлалтай гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 10 сарын 21-ний өдөр тус эмнэлэг, Улаанбаатар Буян ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт тус компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд идэвхи санаачлага гарган оролцож санхүүгийн боломжгүй, зүрхний гажигтай 18 хүртэлх насны хүүхдүүдийн мэс засал эмчилгээ хийлгэхэд иргэн өөрөө хариуцан төлөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр эхний ээлжинд 20 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон.

Монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус компанийн хамт олонд УГТЭ-ийн удирдлага, хамт олон талархалаа илэрхийллээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Exit mobile version