Улс төр

Ард түмэн бол цагаан цаас юм

Нийтэлсэн

Орон нутгийн ээлжит сонгуулиар шинээр бүрдсэн НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийнэ. Энэ хуралдаанаас НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргыг томилно.

Өчигдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурал, хоёр өдрийн өмнө хуралдсан МАН-ын V бүгд хурлаас Д.Сумьяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Ингэснээр Д.Сумьяабазарын сонгогдсон УИХ-ын 28-р тойрог буюу Сонгинохайрханд нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдээд байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, Нийслэлийн Засаг даргын суудалд суусан анхны тохиолдол болох нь.

Тэгэхээр МАН-д Д.Сумьяабазараас өөр хотын дарга хийчих хүн байхгүй юм бол яах гэж УИХ-д сойсон хэрэг вэ? Хотын даргын суудалд тэгтлээ их шунасан юм бол УИХ-ын сонгуульд яах гэж оролцсон байх вэ?

Ж.Батбаясгалангийн хувьд ч мөн ялгаагүй. Баянгол дүүргээс НИТХ-д өрсөлдөхдөө тойргийнхоо сонгогчдод мөнгө тараасан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр аль хэдийн цацагдсан ч тэр нь түүнийг НИТХ-д сонгогдоход ч, НИТХ-ын даргад нэр дэвшихэд нь ч саад болсонгүй. “Хэдэн ч төгрөг амласан бичлэгээ устгахгүй шүү” гэж байсан “шударга” сэтгүүлч маань ч бичлэгээ устгаад нам суучихав.

Өмнө нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас нэр дэвшин сонгогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар мөн л тойргийнхоо сонгогчдод мөнгө тараасан хэргээр шүүхэд дуудагдаж, эргүүлэн татагдсан байдаг. Гэтэл энэ удаа Ж.Батбаясгалангийн мөнгө тараасан асуудлыг Сонгуулийн хороо ч, шүүх нь ч авч хэлэлцсэнгүй. Цоожтой хаалганы дотор амандаа мөнгө чихүүлээд, хуруугаа шүлсдэж байгаад тоолсон сонгогчид нь гомдоллохгүй байхад сонгуулийн байгууллага, шүүх юу юм л болж байна.

Ядаж л нэг тойрогт өрсөлдөөд ялагдсан нэр дэвшигчид, намууд гомдол гаргасан байхдаа гэтэл бүр таг чиг шүү. Цөхрөлийн манандаа төөрөөд, нулимсандаа живээд алга болсон юм байлгүй. Ялах, ялагдах нь чухал болохоос, яаж вэ гэдэг нь хэнд ч хамаагүй болсон юм байна.

Сануулахад, Баянгол дүүргээс НИТХ-д нэр дэвшигч, МАН-ын гишүүн Ж.Батбаясгалан, Ж.Батсайхан нарын сонгуулийн кампанит ажил, сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр “Хаалга түгжсэн байгаа, одоо гаднаас хүн оруулахгүй. Гарахад чинь та нарт нэг нэг дугтуй өгнө. Гарангуутаа хуруугаа шүлсдэж байгаад тоолоод байгуузай та нар минь. Тэгээд энэ удаагийн сонгууль ирцгүй болсныг та нар мэдэж байгаа. Энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Хамгийн гол нь ах дүү, айл саахалт, танил тал, найз нөхдөө бүгдийг нь дагуулж очоод манай намаас нэр дэвшиж байгаа Ж.Батбаясгалан, Ж.Батсайхан гэдэг хоёр хүнийг дугуйлдаг юм шүү. Үүнийг л та нараасаа гуйж байна” хэмээн ярьсан видео бичлэг сонгуулийн санал хураалт болохын өмнө өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ.

Уг бичлэг дээр нэр дэвшигчдийн царайг харуулаагүй /арын суудлаас нууцаар бичсэн/ боловч МАН-ын нэр дэвшигчдээс, эсвэл тэдний өмнөөс зохион байгуулсан ажиллагаа байсан гэдгийг тогтоож ядах ч юмгүй. Энэ бол Ж.Батбаясгалан хэр сайн залуу болох, хөөрхөн сайхан, ажилтай, боловсролтой байх энэ тэртэй огт холбоогүй зүйл.

Уг нь хууль ёс үйлчилдэг улсад бол нэр дэвшигч өөрөө тараагаагүй байсан ч сонгуулийн компанийнх нь хэн ч байсан хамаагүй нэр дэвшигч нь татагдаад, нөгөө тараасан этгээд нь хариуцлага хүлээж дуусдаг. Харин манайд бол “Би тараагаагүй, миний өмнөөс тараасан”, эсвэл “Намайг унагахын тулд өрсөлдөгч намаас зориуд зохион байгуулж тараасан” гэж гүтгээд, шүүх нь түүнийг нь хүлээж аваад өнгөрдөг. Ядахдаа тийм зэргийн процессийн ажиллагаа ч хийгдсэнгүй.

Эрх мэдэл нэг намын гарт хэт төвлөрөхөөр ийм л юм болдог. “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно” гэдэг үнэн юм байна. Эрх баригч МАН энэ үнэнийг жинхнээсээ үлгэрлэж байна даа.

Хэрвээ тийм зүйл болоогүй бол жинхэнээсээ хуурамч бичлэг хийж тараасан этгээдийг тагнуул, цагдаа нь олж илрүүлээд, шалгаад, шийтгэх ёстой биз дээ. Тэр битгий юманд оролцдог л юм билээ. Тэрний дараа энэ томилгоо энэ тэрээ явуулах хэрэгтэй л дээ.

Б.ЗАЯА 

Exit mobile version