Нийгэм
Байргүй болсон циркчид тэмцлийн ХУРЦ ХЭЛБЭРТ шилжинэ гэв
Циркийн хуучин байранд өнөөдөр /2020.10.23/ 300 циркчин цуглаж, тэдэнд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Циркийн уран бүтээлчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэн, өөрсдийн гэх байргүйгээс болж Монголын циркийн урлаг гудамжинд гараад удаж байгааг онцлов.
Циркчид бэлтгэл хийх газаргүй болж, МХЕГ-аас 2015 онд хуучин циркийн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байна. АСА цирк дээр байнга өндөр үнэ төлж, бэлтгэл хийх боломж байхгүй гэдгээ тэд учирлалаа.
“Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Эрдэнэ “Хэвлэлийнхнийг бидэн рүү муухай турхирч байна. Амьтан сургах үйл ажиллагааг амьтны ярга хийдэг мэтээр бичиж, иргэдэд ойлгуулсан байсан. Үгүй шүү дээ. Амьтантай ээж нь юм шиг харьцаж байж л сургадаг. Ахмадуудын сургасан тэр амьтдыг нэг өглөө л Долоон буудал руу аваачаад, нядалж орхисон шүү дээ. Гадаадад ажиллаж, их мөнгө олдог гэж бидний тухай яриа тараасан. Бид гадаадад ажиллахаар явахдаа ч өөрсдөө зардлаа гаргадаг. 13 жилийн турш тэмцэж, шаардлага тавьсаар ирсэн. Одоо бид төр засгаасаа, яамнаасаа нэг зүйл хүсэж байна. Монгол Улсын Консерваторын хашаанд байгаа газар дээр Циркийн сургуулийн барилга барих зөвшөөрөл олгож өгөөч ээ. Циркийн үнэт өв, түүхийн дурсгал болсон Хуучин циркийн барилгыг сэргээн засварлаж өгөөч ээ” гэлээ.
Циркчдийн одоо бэлтгэл хийж буй байшин 120 жилийн насжилттай аж. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар тэд 60 жил болоод актлах ёстой байсан барилгад бэлтгэл сургуулилт хийх ёстой болж байгаа, өөр бэлтгэл хийх газар байхгүй гэдгийг ахин дахин сануулан ярьж байв.
Түүнчлэн циркчид өөрсдөө нийгмийн даатгалаа төлдөг бөгөөд урлагаа хөгжүүлэхийн төлөө явдаг ч байр сав нэхдэггүй гэв. “Холбогдох яам Монголын циркийн урлаг оршин тогтнохын төлөө явах ёстой, бид шаардлага тавих ёстой. 80 жилийн түүхтэй энэ агуу урлагийг хүндэлж, мэдээллийг маань зөв дамжуулж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн тэд ярив.
Манежгүй болсон циркчид “Циркийн үзүүлбэр хийх, бэлтгэх ямар ч бололцоогүй болгож байгаад бид маш их эгдүүцэж байна. Төр засгаас шаардлагынхаа хариуг нэн даруй авмаар байна. Циркийн сургууль барих, голомт болсон хуучин циркийн суурин дээр циркийн ордонг бидэнд бий болгож өгөөч ээ гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа гуйя” гэлээ.
Тэд гадаадад циркийн урлагаа сурталчлах гэж энэ урлагаар суралцаж, хөгжиж байгаагаа хэлээд, “Энэ том урлагийг хөгжүүлэх гэж, эх орон, ард түмэндээ үзүүлэх гэж бид үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадад очоод гадаадын хүмүүсийг баясгаад байх нь чухал биш. Өв соёл болгож үзүүлэх гэж бид ингэж сууж байна. Монголын цирк гэдэг зүйл байхгүй болж, тасрах шинж рүүгээ орж байна. Циркийг цаашид явуулах хэрэгтэй гэж бодож байвал, урлагийн тоонд багтааж байгаа бол бидэнд гэрэл гэгээ хайрлаач ээ гэж хүсэж байна. Шаардлагыг маань хүлээж авна уу” гэв. Монголын циркчид өнгөрсөн хугацаанд олон улсын том тэмцээн, уралдаанд түрүүлж, дэлхийд гуравдугаарт жагсах хүртлээ хөгжиж, дэлхийд гайхагдан, гаднын улсын циркт очиж бэлтгэл сургуулилтаа хийжээ. Тэд гадаадын цирктэй гэрээ хийж, үндсэн номероо тоглох хугацаандаа дараагийн тэмцээндээ орох бэлтгэлээ хийдэг байсан аж.
Энэ мэтчилэн олон асуудал хөндсөн циркчид циркийн урлагаа аврахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандахаар болжээ.
Циркийг нурааж байна. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж циркийн барилгыг өөр зориулалтаар ашиглахаар сүйтгэж эхэллээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, энэ сэдвээр иргэд болон хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа билээ. Тэгвэл “Монголын үндэсний цирк” дараах мэдэгдлийг гаргаж, циркийн барилгад их засвар хийж байгаа гэж тайлбарласан билээ.