Улс төр
НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо
2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.
Анхдугаар хуралдаанаар:
- НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцуулна.
- НИТХ-д намын бүлэг байгуулах тухай
- НИТХ-ын даргыг сонгох тухай
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
НИТХ-ын даргын албан тушаалд МАН-ын бүлгээс Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлснээ танилцуулсан бөгөөд танхимаас өөр хүн нэр дэвшүүлэх боломжтой юм. Гэвч өөр нэр дэвшигч гараагүй тул Ж.Батбаясгаланг НИТХ-ын албан тушаалд нэр дэвшүүлж, санал хураалтыг илээр явуулав. Хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч байвал санал хураалтыг нууцаар явуулдаг журамтай юм байна. Нэр дэвшигчээс НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Хотын дарга нарт иргэдийн хандиваас 21 сая төгрөгийн урамшуулал олгосон. Энэ ёсзүйн хувьд зөв үү? иргэдээсээ уучлалт гуйгаад буцаагаад өгч болох уу?
Ж.Батбаясгалан, Та өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан шийдвэрийг асууж байна. Тухайн үед би Засаг даргын орлогч, Онцгой комиссын дэд даргаар ажиллаж байсан. УОК-ын даргын шийдвэрээр урамшуулал олгосон. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн нийслэлд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 24 цагаар ажилласан албан хаагчдыг урамшуулсан. Урамшууллыг цалингийн фондоос гаргасан. Хандивын мөнгө зарцуулаагүй гэдгийг шалгаж тогтоосон гэв.
НИТХ-ын даргаар Жанцангийн Батбаясгаланг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалтыг ил явуулахад 45 төлөөлөгчөөс 84.4 хувь нь дэмжиж, Ж.Батбаясгалан НИТХ-ын даргаар сонгогдлоо.