Улаанбаатар

Монгол гэрийн дулаалга, халаалтын технологийг нийслэлд нэвтрүүлжээ

Нийтэлсэн

Нийслэлийн Баянзүрх дүүргээс 50 өрх CHIP багц (Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн)-ийг хүлээн авч ашиглахаар боллоо. CHIP багц нь гэрт амьдардаг өрхүүдэд цэвэрхэн, тухтай, дулаан өвөлжих боломжийг олгож байгаа юм. Сонгогдсон өрхүүд нь Улаанбаатарын гэрт амьдардаг өрхүүдэд CHIP багцыг сурталчлан таниулах жишиг болох юм.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Манитобагийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Зөвлөл болон Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилттэйгээр “Пипл Ин Нийд” ОУТББ, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хамтран хэрэгжүүлж буй CHIP багц нь монгол гэрийн янданг халж, гэрт амьдардаг хүмүүсийн нүүрсний хэрэглээг зогсоох  хямд, үр дүнтэй шийдэл бөгөөд уг шийдлийг олон улсын болон дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачид хамтран боловсруулжээ.

БЗД-ийн Засаг Даргын Орлогч Д. Уламбаяр “CHIP шийдэл нь нүүрс түлдэг зуухыг орлуулах тав тухтай, хямд сонголт юм. Халаагуур нь ашиглахад хялбар бөгөөд гэрийг жигд хэмээр халаах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадна болон дотор орчны агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой“ гэв.

CHIP багц нь одоо Баянзүрх дүүрэг төдийгүй Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд худалдан авах боломжтой боллоо. Мөн уг багцыг зээлээр худалдан авахыг сонирхож буй иргэд Монгол Улсын Засгийн Газрын “Ногоон Зээл” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр худалдан авах боломжтой юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Тогтвортой эрчим хүчний зөвлөх Э.Сүндэр “CHIP багц нь зөвхөн гэрийг дулаан байлгаад зогсохгүй айл өрхийг тэр дундаа хүүхэд, жирэмсэн эхчүүдийг агаар бохирдолд өртөхөөс хамгаалах зорилготой. Учир нь эдгээр нь зулбалт, оюун ухааны болон уушигны дутуу хөгжил зэрэг эрүүл мэндийн эрсдэлд хамгийн их өртдөг бүлэг юм” гэв.

НҮБ-ын Хүүхдийн сан 2019 онд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “CHIPS” багц гаргасан бөгөөд 2022 он гэхэд Баянхонгорынн төвийг Монгол Улсын анхны утаагүй аймгийг төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өдгөө Баянхонгорын 250 өрх “CHIPS” багц авсан бөгөөд тус аймгийн сайн туршлагыг энэ жилээс Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж эхэлжээ.

Exit mobile version