Улс төр

Г.Ёндон сайдын ёс зүйгүй “ХУЛГАЙ”

Нийтэлсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт өнгөрсөн долоо хоногт ил боллоо. Тодруулбал, сайд Г.Ёндон “Монгол­росцветмент” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захир­­лаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 04-ний өдөр өөрийн хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр 10,700,000 төгрөгийг “Гётё” сургуульд шилжүүлсэн байна. Олон түмэнд ил болсон нь л энэ болохоос өөр юу ч байгаа юм билээ, хэн мэдэхэв.

Ер нь энэ бол төрд нүүрлэсэн хул­гай арилах нь бүү хэл их, бага гэж голохоо байсны илрэл гэж болно. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын өргөт­гөсөн хурал­даан дээр “Төрийн мөнгөнөөс битгий хул­гай­лаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ” хэмээн сүртэйгээр мэдэгдэж байлаа. Харам­салтай нь, хулгайч нар­тай­гаа тэмцэх нь бүү хэл өөрийн тан­хим, дэргэдээ урин залж, Уул уур­хайн салбараа хариуцуулж орхиж.

Г.Ёндон сайдын намтарт бичсэнээр 2002 оноос 2020 он хүртэл “Монголросцветмент” ТӨҮГ-т янз бүрийн албан тушаал хашсан нэгэн. Дунд нь ганц жил буюу 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч даргаар ажилласан юм билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар энэ оны долдугаар сард томилог­дохоосоо өмнө тэрбээр сард дунджаар 17 сая төгрөгийн цалин, хангамж эдэлдэг байж. Нэг үгээр бол сарынхаа цалингаар хоёр хүүхдийнхээ төлбөрийг төлөөд цаана нь хангалттай илүү гарахаар орлоготой гэсэн үг. Даанч эрхэм сайдтанд улсын мөнгөнөөс хум­салж л байвал их багын ялгаагүй сэтгэл байдаг бололтой юм. Түүний 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэг ч түүнийг хүүхдийн­хээ сургалтын төлбөрт хотойхооргүйг батална.

Өнгөрсөн оны байдлаар тэрээр өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто гарааш, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг “Toyota Prius-1” маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай гэж мэдүүлжээ. Мөн түүний намтарт тэмдэг­лэгдсэнээр бол тэрээр Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй. Гэвч үүнийгээ хууль бусаар авсан гэсэн яриа ч байдаг юм билээ. Засгийн газрын тэргүүн маань танхимаа бүрдүүлэхдээ энэ мэт хумслагчдыг дутуу судалсан уу, эс бөгөөс мэдсэн ч мэдээгүй царайлсан уу гэдэг сонирхолтой. Ямартаа ч гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэн үгэндээ эзэн байж хулгайчидтай тэмцэх хэрэгтэй байна. Тэр дундаа энэ ажлаа Ёндон сайдын ёс зүйгүй үйлдлээс эхлэх хэрэгтэй юм.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version