Дэлхий
Малайзын экс ерөнхий сайд Муслимууд Францчуудыг шийтгэх эрхтэй гэж мэдэгджээ
Францын Ницца хотод террорист халдлага гарсны дараа Малайз улсын ерөнхий сайд асан Махатхир Мохамад муслимууд францчуудыг шийтгэх эрхтэй гэж мэдэгджээ.
Одоо 95 настай Мохамад нь Малайз улсын ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож, нийтдээ 24 жил ажилласан хүн юм. Тэр бас Исламын шашинт орнуудад хүндлэгддэг удирдагчдын нэг.
“Өнгөрсөн түүхийн турш олноороо хядуулж байсан муслимууд өнөөдөр сая сая францчуудыг алах эрхтэй. Гэхдээ Исламын шашинд “амийг амиар” гэсэн хууль үйлчилдэггүй. Нэг ууртай хүний үйлдсэн хэргийн төлөө нийт муслимуудыг, исламын шашныг буруутгаж байгаа бол муслимуудад францчуудыг шийтгэх шалтгаан ч бас байгаа” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Мохамад Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг соёлжиж иргэншсэн хүн шиг биш, балар эртний хүн шиг загнаж байна гэж шүүмжилсэн байна.
“Франц улс өөрийн иргэдэд бусдын итгэл үнэмшлийг хүндэлж сурахыг заах хэрэгтэй” гэж бичсэн Мохамад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндлэх ёстой ч үүнийг бусдыг доромжлоход ашиглаж болохгүйг анхааруулжээ.
Твиттер компани эхлээд “сая сая францчуудыг алах” тухай Мохамадын жиргээг хүчирхийллийг алдаршуулсан агуулгатай хэмээн анхааруулсан байснаа сүүлд бүхэлд нь устгасан байна.
Зөнч Мухаммедын шог зурагтай холбоотой маргаан зөрчил сүүлийн өдрүүдэд Франц болон Исламын шашинт орнуудын дунд хүчтэй өрнөж байгаа. Хэд хэдэн оронд Францын ерөнхийлөгчийн байр суурийг шүүмжилсэн жагсаал цуглаан зохион байгуулагдаж, Францын бараа бүтээгдэхүүний эсрэг бойкот зарлаад байна.
Францын эрх баригчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг өөрийн нийгмийн үнэт зүйлсийн нэг гэж мэдэгдээд зөнч Мухаммедын шог зургийг хориглож, террористуудад бууж өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera