Дэлхий

Франц улсад дахин хутгаар зэвсэглэсэн террорист халдлага гарч, гурван хүн алагдлаа

Нийтэлсэн

Францын өмнөд эргийн Ницца хотод өчигдөр хутгаар зэвсэглэсэн этгээд католик шашны сүмд халдаж, гурван хүний амийг хөнөөжээ.

Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар буудаж шархдуулаад баривчилсан байна.

Энэ халдлагын дараа Франц улс үндэсний хэмжээнд онц байдлын зэрэглэлээ хамгийн өндөр түвшинд хүргэжээ.

Сүмийн лам нар мөргөлд бэлдэж, сүсэгтнүүд цугларч байх үед халдлага гарсан байна. Хохирогчдын нэг 60 настай эмэгтэйн толгойг бараг тасдсан байсан бол 55 настай эрэгтэйн хоолойг огтолсон байжээ.

Эрэгтэй хохирогч нь сүмийн ажилтан байсан гэнэ. Гуравдах хохирогч болсон 44 настай эмэгтэй хэд хэдэн удаа хутгалуулсны дараа зугтаж чадсан ч сүүлд шархаа даалгүй амьсгал хураажээ.

Халдлага үйлдсэн этгээд нь 21 настай Тунисын иргэн байсныг тогтоосон байна. Тэрбээр есдүгээр сард Тунисаас Италийн Лампедуса аралд завиар дүрвэж очсоны дараа энэ сарын эхээр Францад ирснийг тогтоожээ.

Халдлагыг үйлдэж байхдаа тэр “Аллах Акбар” хэмээн тасралтгүй орилж байсныг гэрчүүд мэдээлсэн байна.

Өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон халдлага гарсан Ницца хотын Нотр Дамын дуганд өөрийн биеэр очжээ. Энэ үеэр тэр уг аллагыг “Исламист террор халдлага” байсан гэж хэлээд Франц улс нийгмийн үнэт зүйлсээ хамгаалж, террористуудад бууж өгөхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Энэ сарын дундуур Парисын ойролцоо дунд сургуулийн багшийн толгойг хутгаар тасдсан хэрэг гарсан юм. Исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг хичээлийн үеэр хүүхдүүдэд үзүүлсэн шалтгаанаар тэр амиа алдсан. Аллагыг 18 настай чечень гаралтай залуу үйлдсэнийхээ дараа цагдаа нарт буудуулж алагдсан юм.

Өчигдөр Франц болон Саудын Араб улсуудад өөр хоёр халдлага гарчээ. Францын өмнөд бүсийн Авиньон хотын ойролцоо цагдаа нарын эсрэг буу хэрэглэхийг завдсан эрэгтэй буудуулж алагдсан байна.

Сауды Арабын Жедда хот дахь Францын консулын байрны харуул руу нэг этгээд довтолж шархдуулжээ. Халдлага үйлдэгчийг баривчилж, харуулыг эмнэлэгт хүргэсэн байна.

Францын ерөнхийлөгч болзошгүй террорист халдлагаас сэргийлэхийн тулд тус улсын сүм хийдүүдийн хамгаалалтад 3,000 цэрэг гаргаад байгаа бол энэ тоог 7,000 болгож нэмэгдүүлэх болсноо өчигдөр зарлажээ.

Францын үндэсний ассемблейн гишүүд өчигдөр хохирогчдын дурсгалыг хүндэтгэн нэг хором чимээгүй зогссон байна. Франц дахь Муслимуудын Зөвлөл террорист халдлагыг буруутгаж, хохирогсдын ар гэрийнхэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа мэдэгджээ.

Сүүлийн үед Франц улстай дипломат харилцааны зөрчил маргаантай байгаа Турк улсын засгийн газар халдлага гарсанд гүн харамсал илэрхийлсэн байна. 2015 онд Шарли Эбдо сэтгүүлд зөнч Мухаммедын шог зургийг нийтэлсэнтэй холбоотой террорист халдлага гарч, тус сэтгүүлийн редакцийн 12 ажилтан амиа алдаж байв. Энэ явдлаас хойш Франц улсад террорист халдлага ойр ойрхон гарах болсон юм.

Дөрвөн жилийн өмнө Францын үндэсний баярын өдөр Ницца хотод Тунисын иргэн ачааны автомашинтай халдлага үйлдэж, 86 хүний амийг хөнөөж байжээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version