Нийгэм
О.Эрдэнэхишиг: Он гарсаар хүүхэд хулгайлахыг завдсан гэх дуудлага бүртгэгдээгүй
Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн зэрэг сумдад “Хүүхэд хулгайлахыг завдсан” гэх утга бүхий мэдээлэл энэ сарын 28-нд олон нийтийн цахим сүлжээгээр тарсантай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн Цахим мэдээлэл, мониторингийн хэсгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс мэдээллийг тодрууллаа
-“Энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумдад өдрийн цагаар хичээлээ тараад явж байсан охидыг машинд хүчээр суулгахыг завдсан хоёр удаагийн гэмт хэрэг гарч шалгагдаж байна” гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр тарсан гэсэн. Энэ ямар учиртай мэдээлэл вэ?
-Цахим сүлжээнд энэ сарын 28-нд сэрэмжлүүлэг нэртэй, дээрх утга бүхий Сайнцагаан сум ЗДТГ, Мандал баг гэсэн хаягнуудаас худал мэдээлэл тараагдсан. Учир нь Булган аймаг дахь Цагдаагийн газраас тодруулахад Баяннуур, Дашинчилэн сумын нутагт энэ сарын 18, 19-нд тухайн мэдээлэлд дурдагдсан хэрэг гараагүй, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор бидэнд мэдэгдсэн. Бид цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас шүүж үзэхэд тухайн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, 2020 он гарснаас хойш хүүхэд хулгайлахыг завдсан гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг болгож хэлэхэд хуурамч мэдээлэлд автахгүй байх, цахим сүлжээнд гарсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчтай холбоотой аливаа мэдээллийг албаны эх сурвалж болох ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулж, баталгаажуулсны үндсэн дээр мэдээллийг түгээж байхыг анхааруулж байна.
-Хэн анх худал мэдээлэл тараасныг нь олсон уу?
-Одоогоор энэ хуурамч мэдээлэлд хэн нэгэн гомдол гаргаагүй, шалгагдаагүй байна. Ер нь ташаа мэдээлэл ихэвчлэн хуурамч хаягнаас тараагддаг. Тиймээс мэдээллийг сайн нягталж түгээж байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас хуурамч мэдээлэл цахим сайт, хуудас, мэдээллийн хэрэгслээр дамжуулсан тохиолдолд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хүсэлт гаргаж устгуулах арга хэмжээг авч ажилладаг.
-Ихэвчлэн ямар зорилгоор худал мэдээллийг тараасан байдаг вэ?
-Дээрх мэдээллийн хувьд авч үзвэл 2017 онд бага насны хүүхэд сураггүй алга болж олон нийтийн цахим сүлжээнд иргэд үзэл бодлоо илэрхийлж байх үед яг энэ утга агуулгатай мэдээлэл мөн цахим сүлжээнд тараагдаж байсан. Тухайн үед Сумын хүүхэд хамгааллын баг тухайн иргэнтэй уулзаж бичсэн ташаа мэдээллийг нь устгуулж байсан байдаг. Тодруулбал, Булган аймгийн Дашинчилэн сумын нэг иргэн хүүхдийн яриагаар өөрийнхөө фэйсбүүкт мэдээлэл тавьсан байсан. Тухайн үед цахимд бичигдсэн Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумдын хяналтын бүх камерыг шүүж үзсэн байдаг. Булган аймаг дахь Цагдаагийн газраас ч “Хүүхэд хулгайлахыг завдсан үйлдэл гараагүй” талаар мэдээлэл хийж байсан. Хуурамч мэдээлэл тараах нь өөрөө нийгэмд хор хохирол ихтэй. Адаглаад л уншсан хүнийг айдаст автуулах, эргээд залрууллаа гэхэд нэгэнт тараагдсан байдаг учраас мэдээллийг уншсан хүн болгонд тухайн залруулга мэдээлэл хүрч байна уу гээд л цаад асуудлыг нь бодох хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил хэд хэдэн удаа үйлдэгдэж цахим сүлжээнд түгээж, иргэд, олон нийтийн зүгээс дургуйцлээ илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байгаа энэ үед дахин энэ мэдээлэл цацагдсан байна.
-Худал мэдээлэл тараасан бол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Хэрвээ худал мэдээлэл тараагаад, тэрхүү мэдээлэл нь иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалт байдаг. Харин гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлд зааснаар “Хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” заалттай байдаг.
Эх сурвалж: Өглөөний сонин