Орон нутаг
Баян-Өлгий аймагт лаборатори байгуулж өгөх хүсэлт гаргажээ

Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” өчигдөр Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа.
Энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс коронавирусийн халдварын шинжилгээ хийх лабораторитой болгож өгөх санал гаргажээ. Шуурхай бүлэг өглөө аймгийн Онцгой комиссыг хуралдуулан мэдээллийг сонсож, орон нутгаас тавьсан санал, хүсэлт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комисст танилцуулж, шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Мөн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст Фургон маркын автомашин өгөхөөр болжээ.
Тус ажлын хэсэг Цагааннуур авто замын боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцах, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Эх сурвалж: Баян-Өлгий Мэргэжлийн Хяналтын Газар
