Зөвлөгөө

М.Керзин: Бясалгал бол эрүүл байх эмгүй арга

Нийтэлсэн

Барри Майкл Керзин бол XIV Далай лам Данзанжамцын хувийн эмч юм. Түүнийг бас бурхны шашны үнэнч шавь, лам хэмээн тодотгож болно. Өдгөө 70 насыг зооглож байгаа Керзинийг АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн эрдэмтэн багш нар эх орондоо урин ирүүлжээ. “Сэтгэлийн дархлаа” Далай багшийн хувийн эмчийн монголчууд бидэнд хандаж уншсан лекцийн хэсгээс товчлон хүргэж байна. Түүний ярианаас хүн чанар, ёс суртахууныг олж харж болно.

Би гэрийнхээ гадаа гоёмсог машинтай зогсож байна гэж төсөөлье. Намайг цонхоороо харсан хөрш маань “Ийм сайхан машиныг энэ биш, би л унах байсан юм. Надад яг зохих машин байна” хэмээн бодно. Ингэж бодсон хөрш ууртайгаар цонхныхоо хөшгийг хаана. Ийм нэгэн дүр зургийг та бүхэн юу гэж тайлбарлах вэ. Би бол үүнийг атаархал гэж хэлмээр байна.

Гэтэл нөгөө нэг хөрш маань “Пөөх яасан гоё машинтай юм бэ. Чи ийм машин авч унадаг ямар сайхан хэрэг вэ. Болж байна шүү дээ” гэж хэлнэ. Харин би машиныхаа хаалгыг онгойлгож хөршийгөө хажуудаа суулгаад хөдөлнө. Тэгээд түүнээс “Чи барьж үзмээр байна уу” хэмээн асууна. Хөрш миний машиныг жолоодож салхи татуулан давхиж үзнэ гээд төсөөлчихье.

Тэр орой нь хөршийн залуу гэртээ эхнэр, хүүхдүүд дээрээ баяр хөөртэйгөөр харьж ирнэ. “Манай хөрш үнэхээр сайхан машин худалдаж авчээ. Би тэр машиныг нь унаад салхи татуулан давхиж үзлээ” хэмээн ярина. Энэ бол талархах сэтгэл юм. Би энэ үгээрээ хүмүүс бидэнд сонголт үргэлж байдаг гэдгийг хэлэхийг хүслээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд бясалгалаар хичээллэдэг хүмүүс олон болжээ. Бясалгалаар хичээллэсэн хүн яг миний машиныг унаж үзсэн залуу шиг уур уцаар, атаархлаа мартаж аз жаргал, баяр хөөртэй болдог.

Лев Толстойн хэлсэн нэг үгийг би энд онцолмоор байна. “Их зантай хүн өөрийгөө төгс төгөлдөр гэж үздэг” хэмээн агуу их зохиолч хэлж.

Гэвч ингэж үздэг хүн өөрийнхөө байнга өсөн дэвжиж, хөгжих боломжоо үгүй хийж орхидгоо мэддэггүй. Яагаад гэвэл тэр өөрийгөө хамгийн төгс хэмээн бодож, бардам зан гаргадаг учраас.

Харин одоо би өөрийнхөө болон өөртэйгээ адилхан эмч хүмүүсийн тухай ярья. Сайн эмч болохын тулд бусдыг гэсэн өрөвч нинжин сэтгэлтэй байх ёстой. Бардам их зантай байна гэдэг нь үнэн хэрэгтээ өөрийгөө боловсруулж, төлөвшиж чадаагүйн яруу тод илрэл юм. Нэг ёсны дутуу, сул талаа нуухын тулд гаднаа бардам их зан гаргадаг гэсэн үг.

Эсрэгээрээ даруухан байхыг ярьж бас болж байна. Даруухан байхыг хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй гэж би хүмүүст уриалдаг. Даруу төлөв байх нь эмч хүний нэг чухал чанар юм шүү. Даруу төлөв байснаараа эмч хүний ажил илүү урагштай, бүтэмжтэй болж ирдэг. Ганц эмч биш, ямар ч хүний ажил үйлс төдийгүй хувийн амьдрал нь бүтэмжтэй явдаг юм.

Бардам их зантай эмч хүмүүс ажлын байрнаасаа их удалгүй уйдаж, залхдаг болохыг би ажигласан.

Харин одоо сэтгэл гутрал буюу өөртөө итгэлгүй байдлын талаар ярья. Сэтгэл гутралд орж, амиа егүүтгэх хандлагатай хэчнээн олон хүн энэ ертөнц дээр амьдардгийг та нар мэдэх үү. Энэ нь өөрийгөө хэтэрхий дорд үзэж, доош нь дарснаас болж байгаа юм. Өөртөө итгэлгүй байдал гэсэн үг л дээ. Нийт хүн төрөлхтөний 20 хувь нь сэтгэл гутралд их, бага хэмжээгээр ордог. Энэ бол тийм ч бага тоо биш.

Нэг хүн эмч дээр хүрч ирээд миний толгой өвдөөд гэж ирээд л бөөн зовлон ярина. Түүний хойноос бас нэг хүн орж ирээд мөн л баахан зовлон, өвчин ярьдаг. Үүний шалтгаан нь мэдээж сэтгэл гутрал. Сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байгаа хүний бусад өвчин нь хүртэл тийм амар эдгэж өгдөггүй юм шүү дээ.

Сэтгэлээр унаж, гутарч байгаа хүмүүст өгөх миний зөвлөгөө бол хамгийн дотнын сайн найзтайгаа ярицах, эсвэл сэтгэл зүйчид хандах явдал. Хэрэв таны эргэн тойронд хэн нэгэн хүн сэтгэл гутралтай байгаа бол та тэр хүнтэй заавал сайхан харилцаж, зовлонг нь хуваалцаарай. Учир нь хүмүүс бид бие биедээ итгэх явдал маш чухал. Итгэлийн талаар би та бүхэнд нэг зүйл ярьж өгье.

Та нарын харж байгаа энэ зурган дээр хүүхэд нохой хоёр харагдаж байна. Хүүхэд нь нохойныхоо хамар аманд гараа хийхээс эхлээд нохойтойгоо илэн далангүй харилцаж байгаа биз. Харин нохой хүүхдэд ямар ч гэм хийх шинж алга. Та бүхний харж байгаа яг энэ дүр зураг бол итгэл, нөхөрлөл юм.

Бусдын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байснаараа зөвхөн тэр хүнд тус болоод зогсохгүй өөртөө ч мөн адил асар их тусыг хүртээж байдаг.

Сайн эмч гэдэг яг ийм бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байх ёстой.

Шашин шүтлэг, нас хүйс, арьс өнгөөр ялгаварлаж, бусдаас өөрийгөө зааглаж амьдрах нь тийм ч хүсээд байх амьдрал биш шүү, хүмүүс ээ. Тиймээс та бусад хүмүүсийг өөртэйгээ адилхан аз жаргалтай амьдрах эрхтэй хүн гэдэг нүдээр үргэлж харж байгаарай. Та өөрөө аз жаргалтай амьдрахыг хүсдэг биз дээ. Зовж амьдрахыг хүсдэг гэж үү. Тэгвэл тантай адилхан бусад хүмүүс ч бас аз жаргалыг хүсдэг юм шүү. Миний өнөөдөр та бүхэнд хэлэхийг хүссэн хамгийн гол зүйл гэвэл энэ л байна даа.

Цааш нь дахиад жоохон ярилцъя. Том хүсэл мөрөөдөл, зорилготой хүн олон байгаа. Энэ хүсэл мөрөөдөл чинь танд амьдралын эрч хүч, урам зориг өгдөг.

Гэвч хэтэрхий ахадсан том зорилго тавьчихаад тэрэндээ хүрч амжилгүй туйлдаж, шантардаг хүн олон. Уг нь бол та өөртөө тавьсан тэр хэтэрхий том зорилго буюу шалгуурынхаа босгыг жоохон л доошлуулчихвал зорьсноо биелүүлж чадна шүү дээ. Ингэснээр та аз жаргалтай болж чадна гэдгийг би батлан хэлье.

Уур уцаарын эсрэг эм бол тэвчээр хатуужил, бардам зангийн эсрэг эм бол даруу төлөв зан, амиа хичээхийн эсрэг эм бол бусдын төлөө нинжин сэтгэл.

Одоо бүгдээрээ бясалгалын талаар ярилцъя. Бясалгал буюу анхаарал төвлөрөх дасгал нь сэтгэл дотроо амар тайван болгож, сурах чадвараа дээшлүүлэх том боломж. Бясалгалаар хичээллэдэг оюутан залуус хичээл сургуульдаа бусдаас илүү амжилт үзүүлдэг нь батлагдсан. Учир нь анхаарлаа төвлөрүүлж бясалгал хийснээр хүний оюун ухааны шийдвэр гаргах чадвар дээшилж, толгой тархи, зүрх судас хүртэл эрүүлжиж эхэлдэг.

Олон жил бясалгал хийсэн хүний тархийг огт хийдэггүй хүний тархитай харьцуулан сүүлийн үеийн MRI-ийн тусламжтайгаар судалж үзэж л дээ. Ингээд үзтэл бясалгал удаан хийж байгаа хүний тархины дифференциаль гадаргын үйл ажиллагаа бусад хүнийхээс илүү идэвхтэй байсан.

Тархины дифференциаль гадарга нь хүний оюун ухаан, ухамсрын хамгийн дээд түвшний үйл ажиллагаа буюу бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг удирддаг хэсэг юм. Үүнээс гадна бясалгал хийдэг хүний тархинд их хэмжээний гано долгион байгаа нь MRI-д харагдсан. Энэ бол тухайн хүний сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар бусдаас илүү өндөр түвшинд хөгжсөний нотолгоо.

Ийм хүн стресст барагтай бол өртдөггүй, аливаад уурлаж бухимдалгүй хүлээцтэй хандаж чаддаг. Энэ сонирхолтой судалгааны үр дүн хэдхэн хоногийн өмнөөс дэлхийд алдартай шинжлэх ухааны сэтгүүлүүд дээр хэвлэгдэж эхэлснийг хэлэх хэрэгтэй.

Цаашилвал бясалгал хүний дархлаа тогтолцоотой шууд холбогддог. Бясалгал хийдэг хүний дархлаа тогтолцоо сайжирч, хүний биед дархлааны эсрэг ялгарч байдаг сөрөг бодисуудаас ангид байж чаддагийг ч судалгаагаар баталсан. Миний жишээ татаж байгаа энэ судалгааг Оксфордын их сургуулийн шилдэг эрдэмтэд хийсэн юм шүү.

Одоо би өөр нэг жишээ татъя. Сэтгэл гутралаар өвдсөн хүмүүст хоёр өөр төрлийн эмчилгээ хийж үзжээ. Эхний бүлэг хүмүүст сиретонин зэрэг хүчтэй бодис агуулсан эм өгсөн. Хоёр дахь бүлэг хүмүүст эм уулгалгүйгээр бясалгал хийлгэсэн. Харин гурав дахь бүлэг хүмүүст ямар ч үйлчилгээгүй хуурамч эм өгсөн.

Ингээд ажиглатал хүчтэй эм уусан болон бясалгал хийсэн хүмүүс яг ижилхэн эмчлэгдэж эрүүл болжээ. Эсрэгээрээ гурав дахь бүлэг хүмүүсийн 80 хувийнх нь өвчин улам хүндэрсэн. Эндээс бясалгал орчин үеийн анагаах ухааны сонгомол эмчилгээнээс дутахгүй гэдгийг харж болно. Ингэж хэлснээрээ би орчин үеийн анагаах ухааныг үгүйсгэж байгаа юм биш. Эмийн эмчилгээгээ бясалгалтай хослуулж хийж болно шүү дээ. Үр дүн мэдээж илүү гарна гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь би өрөвч сэтгэл, даруу төлөв зангийн талаар дахин дурдмаар байна. 2011 оны 3 сард Японд болсон газар хөдлөлт, цунамигийн үеэр Далай багш Токиод байж таарчээ. Багш яг тэр үеэр бясалгалын тухай шавь нартаа зааж байсан юм. Гэтэл газар хөдлөлт, цунами болж холбогдох хүмүүс багшийг Японоос түргэн яв гэж хэлсэн. Гэвч багш явалгүйгээр Японд олон хоног саатсан.

Та бүхний зургийг нь харж байгаа энэ хүүхдийг Далай багш их удаанаар тэвэрч зогссоныг би сайн санаж байна. Учир нь энэ хүүхэд аав, ээжийгээ газар хөдлөлтийн үеэр алдсан юм.

Энэ зурагнаас та бүхнийг бусдыг энэрэх хайр, өрөвч нинжин сэтгэлийг олж харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ бол миний хэлэх гэсэн гол зүйл шүү.

Exit mobile version