Дэлхий
Эстони Улсад хавсран суух Элчин сайд Т.Жанабазар Эрхэмсэг хатагтай Кершти Калиулайдад Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Кершти Калиулайдад Итгэмжлэх жуух бичгээ барив.
Уулзалтын үеэр Элчин сайд Т.Жанабазар Ерөнхийлөгч Кершти Калиулайдад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.
2021 онд тохиох Монгол-Эстонийн дипломат харилцааны 30 жилийн ойг хоёр тал хамтын ашиг сонирхол хийгээд өөрсдийн харилцан давуу талаа түшиглэн харилцаагаа хөгжүүлэх чухал түлхэц болгож, тодорхой арга хэмжээ хамтран зохион байгуулах талаар ярилцлаа.
Элчин Сайд Т.Жанабазар Эстони Улсад ажиллах үеэрээ Эстони, Монголын парламентын бүлгийн дарга ноён Кайдо Хоовелсон болон бүлгийн гишүүд, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн захирал хататай Селиа Кунингас, Мэдээлэл, соёлын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал хатагтай Аари Леммик нартай уулзаж хоёр орны парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, улс төрийн яриа хэлцээний механизмыг сэргээх, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
2021 он болох Эстони-Азийн бизнесийн олон улсын бага хуралд Монголын талыг оролцуулна
Гэрэл зургийн эх сурвалж: ГХЯ
Түүнчлэн Эстонийн цахим засаглалын Академи болон гадаад орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлдэг төр, хувийн хамтарсан “Эстони Энтерпрайз”-ын удирдлагуудтай уулзаж, цахим засаглалын чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, цөөн оюутан сургах боломжийг судлах, 2021 онд Таллин хотноо болох Эстони-Азийн бизнесийн олон улсын бага хуралд Монголын талыг оролцуулж хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг дэмжин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ГХЯ