Дэлхий

Энэтхэгийн цагдаа “Аладдины шидэт дэнлүү”-г $93,000-аар зарсан хоёр хүнийг баривчилжээ

Нийтэлсэн

Хуурамч “Аладдины шидэт дэнлүү”-г бусдад өндөр үнээр зарсан залилангийн хэрэг Энэтхэгт бүртгэгдэж, гэмт этгээдүүдийг баривчилжээ.

Тус улсын умард Уттар Прадеш мужийн иргэн, эмч Лайек Хан өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт цагдаад хандаж, бусдад залилуулснаа мэдээлсэн байна.

Тэрбээр хоёр эрэгтэйгээс 7 сая рупи ($93,000 орчим) төлж, Аладдины шидэт дэнлүүг худалдаж авсан ч сүүлд энэ нь ямар ч ид шидгүй зүйл болохыг мэджээ.

Залилагчдыг өнгөрсөн Пүрэв гарагт олж баривчилсныг Уттар Прадеш мужийн цагдаагийн ахлах офицер Амит Рай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Уг ажиллагаанд оролцсон залилагчдын нэгний эхнэрийг эрэн сурвалжилж байгаа ажээ.

Залилагчид хуурамч Аладдины шидэт дэнлүүг эмчид үзүүлэхдээ нэг нь бүр дэнлүүн дотроос гарч ирсэн бирд болж жүжиглэсэн гэнэ. Дэнлүүгээ худалдах байтугай, гар хүрч болохгүй хэмээн нэлээд үнэрхсэн залилагчид эцэст нь долоон сая рупигээр эмчид заржээ.

Зарахдаа шидэт дэнлүү их хэмжээний эд баялаг, эрүүл мэнд, сайн сайхан ирээдүйг авчирна гэж сурталчилсан байна.

Гэмт этгээдүүд өөр бусад хүмүүсийг ийм аргаар залилсан байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаагаа Уттар Прадеш мужийн цагдаагийн газар мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Exit mobile version