Дэлхий

ОХУ-ын экс ерөнхийлөгчийг бүх насаар нь парламентын гишүүн болгох хуулийн төслийг Владимир Путин санаачилжээ

Нийтэлсэн

ОХУ-ын экс ерөнхийлөгч нарт бүх насаараа парламентын гишүүн болох боломж олгох хуулийн төслийг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин санаачилжээ.

Хуулийн төсөлд тусгаснаар ерөнхийлөгч нар ажлаа өгснөөсөө хойш гурван сарын дотор Оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөлд суух эрхээ авч болох юм байна. Ингээд зогсохгүй экс ерөнхийлөгч өөр долоон хүнд бүх насаараа парламентад суух эрх олгож, 23 хүнд зургаа хүртэл жил парламентад суух эрх олгох боломжтой ажээ.

Холбооны Зөвлөл нь ОХУ-ын 85 бүс нутгаас сонгогдсон хоёр хоёр гишүүн, нийт 170 гишүүнтэй байдаг. Тэгвэл үүн дээр экс ерөнхийлөгч болон түүний сонгосон нийт 30 хүн нэмэгдэх болж байна.

Экс ерөнхийлөгчийн сонгох хүмүүст улс орныхоо өмнө гарамгай гавьяа байгуулсан, 30-аас дээш насны, ОХУ-д байнга оршин суусан, гадаад улсын иргэний харьяалалгүй зэрэг шалгуурууд тавигдах гэнэ. Эдгээр гишүүдийг буцаан татах нөхцлийг ч бас шинэ хуулийн төсөлд тусгажээ.

Энэ оны долдугаар сарын 1-нд болсон бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулж, долдугаар сарын 4-нөөс эхлэн уг өөрчлөлт хүчин төгөлдөр болсон. Энэ бүх хуулийн өөрчлөлтүүд нь ОХУ-д эрх мэдэл шилжүүлэх бэлтгэл ажил явагдаж байгаагийн илрэл ажээ.

Эх сурвалж: Russia Today

Exit mobile version