Дэлхий

Испани ханиадны хоёр дахь давлагаанаас бид юу СУРАХ вэ?

Нийтэлсэн

Одоогоос 102 жилийн өмнө дэлхий дахиныг үхлийн халдварт ханиад нөмөрсөн юм. Үүнийг түүхийн хуудаснаа “Испани ханиад” гэж бичсэн билээ. Тухайн цаг үед анагаах ухаан өнөөгийнх шиг бус, өвчтөнүүдийн тухай мэдээлэл цуглуулах ч боломжгүй байсан тул сургамж болохоор зүйл өнөө бидэнд хадгалагдан үлдээгүй юм. Гэвч аж үйлдвэржилтийн хувьсгалаас үр шимийг нь хүртсэн томоохон гүрнүүд мэдээлэл цуглуулсан нь Испани ханиадны баримт болон үлджээ.

Испани ханиад 1918 оны хавар дэгдэж 1919 оны өвөл эцэслэсэн байдаг. Нийт гурван давлагаагаар дамжин тархсан ханиадны уршгаар 50-100 сая хүн амьсгал хураасан юм. Халдвар анх дэгдсэн 1918 оны хавар хор хөнөөл, үр дагавар нь харьцангуй сул байлаа. Гэтэл 1918 оны намар дэгдсэн хоёр дахь давлагаа нь дэлхий дахины сүйрэл дагуулах хэмжээний хор хөнөөлтэй байсан юм. Испани ханиадны улмаас амьсгал хураасан нийт хүмүүсийн талаас илүү хувь нь хоёр дахь давлагааны хохирогчид эзэлдэг.

Вирус судлаачид коронавируст “Ковид-19” халдварын хоёр дахь давлагаа Испани ханиадны хоёр дахь давлагаатай олон зүйлээрээ төстэй байгааг анхааруулж байна. Дэлхийн бөмбөрцгийн тал хагаст нь өвөл тохиож байгаа тул энэ өвөл маш хүнд байх нь. Учир нь улирлын томуу, хөнгөн хэлбэрийн ханиадтай хавсарч тархаж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж буй аж. Өвлийн улиралд агаарт агуулагдах чийг харьцангуй бага байдаг учраас бүх төрлийн вирус агаарт удаан байх чадвартай байдаг. Онцлон дурдахад хүний хамрын мембран өвлийн улиралд хуурай болсон байдаг тул элдэв халдварт өртөмтгий байдаг аж. Өвлийн улиралд агаар сэлгэлт байхгүй зөвхөн агааржуулалтын системээр ажиллаж, амьдардаг тул дотоод орчинд халдвар тархах эрсдэл нэмэгддэг ажээ.

Хоёр дахь давлагаа яагаад хор хөнөөлтэй байдаг вэ…

Олонх эрдэмтэд 100 жилийн өмнө тохиосон Испани ханиадны хоёр дахь давлагаа чухам яагаад хор хөнөөлтэй байсныг бүрэн тооцоолж чадаагүй байна. Гэвч дийлэнх вирус судлаачид тухайн үеийн халдвар мутацад орж, улмаар хүмүүсийн зан үйл, дотоодын зорчих хөдөлгөөний улмаас хор хөнөөл нь их байсан гэж таамаглаж байна. Намрын цагт дэгдсэн хоёр дахь давлагаа өвөл болмогц яг л тэсрэх бөмбөг лугаа болж илүү олон хүний амь насыг аван оджээ. Тухайн цаг үеийн нөхцөл байдлыг аваад үзэхэд Испани ханиадны хоёр давлагааны үеэр халдвар авсан хүн маш хурдан хугацаанд уушгины хатгалгаа болж улмаар амьсгал хураадаг байсан аж. Түүнчлэн дэлхийн нэгдүгээр дайны цаг үе хоёр дахь давлагаатай таарсан тул цэргүүдийн хөдөлгөөн халдварын тархалтыг улам нэмэгдүүлжээ. Ганцхан баримт дурдахад цэргийн алба хаагчид урагш давших бүрд халдвар хамтдаа давшиж улмаар АНУ-ын армийн тэнгисийн цэргийн 20-40 хувь нь томуу, уушгины хатгалгаагаар амьсгал хураасан гэх баримт бий. Нэг ёсондоо дэлхийн нэгдүгээр дайнд аливаа улс орны цэргүүд сөргөлдөгч талынхаа буун суманд бус халдварт өвчний вирусээр амиа алдаж байсан юм.

Тухайн үед агаарын тээвэр хөгжөөгүй байсан учраас цэргүүд нэг газарт вирус тээгээд очсон тохиолдолд тухайн газарт хормын дотор тархдаг байжээ.

 

Тухайн үед агаарын тээвэр хөгжөөгүй байсан учраас цэргүүд нэг газарт вирус тээгээд очсон тохиолдолд тухайн газарт хормын дотор тархдаг байжээ. Орчин цагийн дэлхий дахин 1918 оноос өмнө цар тахлын аюултай нүүр тулж байсангүй. Түүхийн номд “хар тахал” гэж дурдсанаас өөрөөр тахлын тухай ойлголт байгаагүй. Түүнчлэн анагаах ухаан хөгжөөгүй байсан нь вирус чухам ямар аюултай, хэрхэн хамгаалах талаар наад захын ойлголт байсангүй. Энэ нь халдварын хор хөнөөлийг улам нэмэгдүүлсэн юм. Ямар сайндаа тухайн үед зарим улс орнуудад сөргөлдөгч талуудаас бактериологийн зэвсэг ашиглалаа гэж гомдол гаргаж байх вэ дээ! 1918 оны арваннэгдүгээр сар гэхэд Испани ханиадны улмаас амиа алдагсдын тоо хэдэн саяд хүрчээ.

Нийгэмд үзүүлсэн нөлөө

Испани ханиад 1918 оны ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулсан юм. Нас барагсдын тал хувь нь ачааны хүндийг нуруун дээрээ үүрдэг хөдөлмөрийн насны 20-40 насны залуус эзэлж байлаа. Коронавируст халдварын үр дүн нь үүний яг эсрэг тал нь юм. Учир нь “ковид-19” халдварын улмаас нас барагсдын үнэмлэхүй хувь нь ахмад настнууд байна. Тухайн цаг үед улс орон бүр, зарим нэг улсын муж ч өөр хоорондоо харилцан адилгүй арга хэмжээ авч байсан. Өдгөө бидний мэдэж буй олон нийтийн газруудыг хаах, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг чухамдаа энэ цаг мөчөөс эхлэн авч эхэлсэн юм. Тухайн цаг үед гудамжинд шүлсээ хаях нь жирийн үзэгдэл мэт байсан тул шүлсээ хаяхгүй байхыг, амны хаалт тогтмол зүүхийг уриалж байлаа. Өнөөгийн бидний мэдэх Америк болон баруун европын орнууд соёлтой доо гудамжинд шүлсээ хаядаггүй. Тэд цар тахлын улмаас тогтоосон нийгмийн хэм хэмжээг ягштал мөрддөг болсонтой холбоотой. Дэлхий дахин дайны сүүдэр нөмөрсөн цөвүүн цагт буун сумнаас илүү вирусний халдварын улмаас залуу настнуудаа үхэл рүү илгээсэн юм.

Тухайн цаг үеийн нийгмийн байдлыг аваад үзэхэд 1900-аад онд төрсөн өсвөр насныхан 1910-аад онд төрсөн хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эхийнхээ аль нэгийг алдсан, эсвэл бүр хоёуланг нь алдсан байдаг нь цар тахлын хор хөнөөлтэй холбоотой.

“Ковид-19” вирусний хоёр дахь давлагаа

Вирус өвөл анхлан дэгдсэн шигээ хоёр дахь давлагаа нь намрын сүүл сард тохиов. Намар тохиосон гэдгээрээ 100 жилийн өмнө дэгдсэн испани ханиадтай адилтгах нэгэн хүчин зүйл. Гэвч “ковид-19” вирус “испани ханиад” үүсгэсэн вирусээс огт өөр. Тухайн хүний дархлаатай амархан дасан зохицдог, өөр төрлийн өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг, нэг халдварласан хүн дахин олон удаа халдварладаг, задгай орчинд байх хугацаа нь улирлын томууны халдвараас хэд дахин илүү байгаа нь эрдэмтдийг түгшээж байна. Үүнээс гадна санаа зовох бас нэг зүйл байгаа нь хоёр дахь давлагааны улмаас амиа алдагсдын 40 гаруй хувь нь залуучууд эзэлж байгаа нь хор хөнөөлийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Хэдийгээр техник технологи өндөр хөгжсөн ч  гэсэн вирусний уг гарвалийг олж тогтоогоогүй байгаа нь олон нийтийн эргэлзээг төрүүлж буй. Эргэлзээ байгаа ч хүн төрөлхтөн түүхэндээ ийм хурдан хугацаанд вакцин гаргаж авч байсангүй. Гурав дахь шатны судалгаа нь ердөө хагас жилийн дотор эхэлсэн нь түүхэн шинэ амжилт. Гэхдээ энэ нь хангалтгүй байна. Зарим эрдэмтэд вакцинжуулалт вирусний тархалтыг бүрэн зогсоож чадахгүй гэж үзэж буй. Тиймээс коронавирусийг 4-5 давлагаатайгаар 2022 он хүртэл тархана гэж тооцоолж байгаа.

Эх сурвалж: CNN, AZFMC

Exit mobile version