Зөвлөгөө
Зөвлөгөө: Вирусийн халдварын үед сэтгэл зүйгээ удирдах нь
АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн багш, анагаах ухааны доктор, сэтгэл засалч Б.Жаргалын зөвлөсөн “Вирусийн халдварын үед сэтгэл зүйгээ удирдацгаая” зөвлөгөөг уншигч танд хүргэж байна.
Хүний эрүүл мэнд сэтгэл зүйтэйгээ салшгүй холбоотой билээ. Хүн тайван бус, сэтгэл зүйн таагүй нөлөөлөлд байх аваас тухайн хүний дархлаа тогтолцоо суларч, өвчлөлд өртөх магадлал нэмэгддэг болохыг эрт дээр үеэс эрдэмтэн судлаачид нотолсоор ирсэн. “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг”, “Айсан хүнд аргал хөдөлнө” зэрэг эртний үгс ч бий.
Хүн бүрийн харагдах байдал адилгүй байдаг шиг тэдний сэтгэл зүйн онцлог ч өөр өөр. Бидний зарим нь аливаа зүйлийг тийм ч хүндээр тусгаж авдаггүй байхад бусад нь сэтгэл зүйдээ их ойрхон эмзэгээр хүлээж авдаг. Тухайлбал бага зэрэг сэжигч, хэн нэгэн хажууд нь найтаахад би өвдчих вий дээ гэсэн айдастай хүн байдаг. Гэтэл 2-3 минутын дотор л түүний хамар нь шархирч, нүднээс нь нулимс гоожиж, ханиад томууны эхний шинжүүдтэй төстэй шинж тэмдэг илэрч эхэлнэ. Үүнийг тухайн хүн мэдрээд эхлэнгүүтээ “Яана аа, би ханиад хүрчихлээ шүү дээ” хэмээн айдаст автаж, стресст ордог. Ингэснээр тухайн хүний дархлаа тогтолцоо суларч, өвчинд өртөх магадлал нэмэгддэг юм.
Уг нь бол нөгөө хүнийхээ найтаах үед нь “Энэ хүн зүгээр л найтааж байна даа, эсвэл Харшилтай ч байж болох юм” хэмээн хөнгөнөөр бодож, айдаст автаж, стресст орохгүй байх аваас тухайн хүний дархлаа тогтолцоо хэвийн ажиллаж, эрүүл байх бүрэн боломжтой. Энэ нь өөрийнхөө бодлыг удирдаж, стрессээс өөрийгөө хамгаалах энгийн, үр дүнтэй арга юм. Тиймээс та сэтгэл зүйгээ удирдаж чадвал эрүүл оршино. Танд би өнөөдөр дэгдээд буй вирусийн үед ямар зарчмыг баримтлах талаар зөвлөгөөг өгье.
- ДЭМБ-ын болон ЭМЯ-ны албан мэдээ мэдээлэл, зөвлөмжийг баримтлах
- Мэдээллийн сайтууд дээр нийтлэгдэж буй буруу ташаа мэдээ мэдээллээс өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалж, хол байлгахад анхаараарай.
Корона вирусээр 1 сарын 3-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 2823 хүн халдварлаж, 81 хүн нас бараад байна. Мөн 57 хүн эдгэж, эрүүл болжээ. Уг вирус манай улсад хараахан бүртгэгдээгүй байгаа ч халдвар тээвэрлэгдэн орж ирэх өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа тул та бүхэн эдгээр зөвлөмжийг мөрдөж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ вирусийн халдвараас хамгаалаарай.
- Корона вирусийн үед 38 хэмээс дээш халуурах
- Ханиалгаж хоолой өвдөх
- Цээж давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Томуугийн шинж тэмдэгтэй төстэй боловч илүү хүнд хэлбэрээр илэрч байгаа. Мөн уг вирусийн нууц үе 14 орчим хоног байх боломжтой
Амны хаалт хэрэглэх нь халдвараас 80 хувь хүртэ хамгаална. Корона вирус амьсгалын замаар халдварладаг гэж байгаа ч ахуйн хавьталаар халдварлахыг үгүйсгэхгүй тул гараа орй ойрхон угаагаарай. Мөн аль болох хол газар, хилийн чанадад аялахгүй байцгаая.
8008-6829 дугаараар коронавирусийн сэжигтэй байж болох тохиолдлын мэдээллийг ХӨСҮТ-д өгч болох юм байна.